Friday, July 20, 2018

гавьяат багш Г.Дашганы ЕБС-ийг төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав

Ховд аймгийн Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат багш Гүнчингийн Дашганы нэрэмжит Ховд аймгийн Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн удирдлага, багш, албан хаагч, сурагчдын хичээл зүтгэл, амжилт ололтыг өндрөөр үнэлж тус сургуулийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийг Монгол Улсын гавъяат багш, дугуйн спортын олон улсын хэмжээний мастер Гүнчингийн ДАШГАНы нэрэмжит сургууль болгожээ

Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 70 жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийн ИТХ, сумын ИТХ-ын тогтоол шийдвэрээр Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийг тус сумын уугуул, анхны төгсөгч, Монгол Улсын Гавъяат багш, Дугуйн спортын Олон улсын хэмжээний мастер Гүнчингийн Дашгалын нэрэмжит сургууль болгож, аймгийн ИТХ-ын тогтоолын батламжийг Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Түвшинзоригт гардуулан өгөв.

Saturday, December 22, 2012

БОРТ багийн танилцуулга

    Борт баг нь 1932 онд байгуулагдсан үеэс тус сумын наймдугаар баг гэдэг нэрээр1956 он хүртэл нэрлэгдэж байсан бөгөөд мөн үеэс “Оч” нэгдлийн Борт бригад , 1991 оноос Борт баг гэж нэрлэгдэх болсон түүхтэй.

Газар нутаг. Борт баг нь сумынхаа баруун урд хэсэгт сумаасаа 18 км оршдог. Газар нутгийн ихэнх хэсэг нь өндөр уул нуруудтай бөгөөд Ховд аймгийн Мөст, Үенч, Бөян-Өлгий аймгийн Булган сум болон өөрийн сумын Хаг, Сэнхэр багуудтай хиллэдэг. Тус баг нь 76,8 мянган га газар нутаг дэвсгэртэй. Далайн түвшнээс дээш 2300 м өргөгдсөн. Нийт газар нутгийн 99,8 хувь нь ХАА-н эдэлбэр газар эзэлдэг.

Sunday, April 4, 2010

Математикийн анхан шатны сургалтын онолын үндсүүд

By: Дашган Г.
Publisher: УБ Бемби сан ХХК 2010
Description: 234 х.
ISBN: 9992978996.
DDC classification: 510



мэдээллийн эх сурвалж :Математикийн анхан шатны сургалтын онолын үндсүүд

Saturday, February 2, 2008

Bicyclist

Ахмад багш, спортын мастер Г.Дашганыг тодотгох зүйл олон. Залуу халуун насандаа дугуйн спорттой нөхөрлөж, спортын мастер болж явсан ч тууштай хичээллэсэнгүй. Харин өөрийн эзэмшсэн мэргэжил-математикийн багшийн ажлаа 40 гаруй жил хийжээ. Улсдаа тэргүүлэх III, XXIV сургуулийн захирлаар олон жил ажиллаж байсан тэрбээр оны өмнөхөн Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Гавьяат багш” гэсэн эрхэм цол хүртсэн юм. Ингээд спортод элэгтэй захирал, дугуйн мастер түүнтэй хийсэн ярилцлагыг сонирхуулья. 
  
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би 1940 онд Ховд аймгийн Мөнххайрхан сум, Цэнхэрийн голын хөвөөнд төрсөн. Бага, дунд сургууль, УБИС-ийг төгсөөд математикийн багш болсноос хойш 45 жил багшиллаа. Сүүлийн 30 гаруй жил сургуулийн захирлын ажил хийсэн. Хоёр жилийн өмнө тэтгэвэрт гарсан даа.

-Та залуудаа дугуйн спортоор муугүй амжилт гаргаж байсан. Анх энэ спорттой нөхөрлөсөн түүхээ бидэнд сонирхуулна уу? Тэр үед дугуй, хэрэглэл материал хэр элбэг байсан бол?
-19 настайдаа хотод анх ирэхдээ бөхөөр жаахан оролддог байсан. Тэр үед I сургуулийн биеийн тамирын багш Дондог гэж хүн намайг дугуйгаар хичээллэхийг зөвлөсөн юм. Гэтэл надад дугуй байдаггүй. Яг тэр үед хятадууд манайхаас хөөгдөж гарсан үе таараад  нэг хятадын дугуйг авсан. Ингээд “Соёл” нийгэмлэгт данстай дугуйчин болсон. Хичээллэж эхлээд жил хүрэхгүй хугацааны дараа МБАТС-д ороод мөнгөн медаль авчихлаа. Түүндээ урамшаад дугуйн спортоор  тууштай хичээллэх болсон доо. Амжилт гаргаад эхлэхэд нийгэмлэгээс уралдааны шинэ дугуй өгсөн юм. Цэдэв, Буудай, Төрболд гээд хэдэн мастертай нэг баг болон уралдаж байлаа. 1965 онд спортын мастер болсон. УАШТ-ий 100 км-т нэг цаг хориод минут явж мастерийн болзол биелүүлсэн санагдана. Тэр үеийн тэмцээнд дор хаяж 60-70 дугуйчин орно. Зам дээрээ багтахгүй юм болно шүү дээ.  Нураанд хүртэл ордог байлаа. Нийгэмлэгээ төлөөлж 4-6 тамирчин ороход цаана нь өчнөөн залуу орж чадахгүй хоцорно. Ингээд бодохоор тэр үед дугуйн спорт манайд эрчтэй хөгжиж байж.

-Жилдээ хичнээн тэмцээн зохиогддог байв? Цуглуулсан медаль олон биз?
-Улс, хотын АШТ-ээс гадна нийгэмлэг бүр өөрийн нэрэмжит нээлттэй тэмцээнээ явуулна.  Цөөхөн ч гэсэн гадагшаа тэмцээнд явчихна. Гаднаас хүртэл тамирчид их ирдэг байсан. Миний хувьд 10 гаруй жил тогтвортой уралдсан. Хамгийн сүүлд V спартакиадаас мөнгөн медаль аваад дугуйгаа орхисон доо. Би мэргэжлээрээ ажиллаж, тэмцээн болохоор л ирж уралдчихаад явдаг байсан болохоор шигшээ багт хичээллэх боломж бүрдээгүй юм. Зөвхөн дугуйн спортдоо бүхнээ  зориулсан бол гайгүй амжилт үзүүлэх байсан гэж боддог. Улс, хот, нэрэмжит тэмцээнээс авсан медаль нэлээд бий.

-Дугуйнаас бусад спортод хоосонгүй биз?
-Сагс, волейболоор зэрэг биелүүлж байсан. Цана, тэшүүрээр гулгах дуртай. Мөн шатар нүүчихнэ. Би өдий насалтлаа эрч хүчтэй ажиллаж, өвчин ороож байгаагүйээ спортын ач гэж боддог юм. Тиймээс шавь нараа спортоор хичээллэхэд их дэмжинэ. III, XXIV сургуулийн захирал байхдаа волейбол, шатрын өдөр өнжүүлэх анги нээсэн нь одоо ч ажиллаж байна. Миний үед сурч байсан хүүхэд одоо багш хийгээд явж байх жишээтэй. Өөрөө сонирхолтой болохоор уралдаан тэмцээнийг чадах чинээгээрээ спонсорлож байлаа. Сургууль дээр тэмцээн болоход багш нарын баг бүрдүүлээд өөрөө дотор нь ороод тоглочихдог байсан. Багш нарыг ажилд авахдаа хүртэл спортод хэр авьяас, сонирхолтойг нь харна.

-Та ямар сургуулиудад багшилж байв?
-Анх I сургуульд 12 жил багшилсан. Дараа нь III сургуульд 12 жил ажиллахдаа сүүлийн долоон жилд нь захирал хийсэн. Сүүлд XXIV сургуулийн захирлыг 15 жил хийгээд 2005 онд тэтгэвэрт гарсан даа.

-Та одоо юу хийж байна?
-Гэртээ зүгээр сууж чадахгүй юм. Өөрийн мэргэжлээрээ математикийн сурах бичиг хийж байгаа. Мөн хувийн дээд сургуульд цөөн цагаар багшилна. Уг нь хичээл зааж өгөөч гэсэн хүсэлт их ирдэг юм. Даанч тэр болгонд хүрч чадахгүй юм.

-Хүүхдүүд чинь таны аль авьяасыг өвлөж авсан бэ?
-Би таван хүүхэдтэй. Дөрөв нь багш хийж байна. Хоёр эрэгтэй нь спортод дөртэй. Сагс, волейбол сайн тоглоно шүү. Манай гэр бүлийн хүн монгол хэлний багш мэргэжилтэй. Одоо бид хоёр зээ хүүгээ харах ажилтай сууж байна.

-Одоо завтай үедээ дугуйн тэмцээн үздэг үү?
-Дугуйн УАШТ-ийг зав гаргаж очиж үзнэ. Даанч одоогийн тэмцээн дэндүү чамлалттай санагддаг юм. Нэг үе зах зээл гээд бүх спорт уналтад ороод одоо сэргэж байна. Гэхдээ дугуй олигтой дээшлэхгүй байгаа юм шиг. Багш, дасгалжуулагчид нь үзэл бодлоо нийлүүлж, хоорондоо эвтэй байж чаддаггүй юм болов уу. Үүнээс болж тамирчид хохирно шүү дээ. Уг нь дугуй Монголд хөгжих боломжтой спорт. Төр засгаас зарим спортоо хэт дэмжээд бусдыг нь анхаарахгүй байна гэж би хувьдаа боддог.
Г.Дашган: Дугуйн спортод бүхнээ зориулсан бол... Г.Баярсайхан