Friday, September 30, 2016

Эргэн санахуй үзэсгэлэн

Монголын Ардчилсан холбооноос /МоАХ/ санаачилсан Эргэн санахуй үзэсгэлэн Ардчиллын ордонд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд архивын ховор гэрэл зургаас 50 орчим багтсан бөгөөд үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 3 хүртэл үргэлжлэх аж.
МоАХ-ын түүхийг эргэн сөхвөл, 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд МоАХ байгуулагдаж ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг сонгож, анхны цуглаанаа Хүүхэд, залуучуудын соёлын төвийн үүдэнд зохион байгуулснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлсэн хэмээн үздэг.

Tuesday, October 14, 2014

Монгол улсын хэмжээнд анхны компьютерийг манай ангийн хүүхэд бүтээсэн.

Монгол улсын хэмжээнд анхны компьютерийг
манай ангийн Д.Дашцэрэн бүтээлцсэнд бид бахархдаг.
30 жилийн ойд зориулж энэ түүхийг бүтээлцсэн
Г.Оюунбаярын дурсамжийг эргэн саная.

Микропроцессорын элементүүд халаасалж, чип, схем, програм сурагласан маш олон залуучууд бий болсон. Бид зөвхөн өөрсдөө очийг гал болгох бус, мэргэжлийн төдийгүй, мэргэжлийн бус иргэд маань гал болгон өрнүүлсэн юм. Баянмонгол хамтлагийн техникч Энхбаяр хөгжмийнхөө нэг функцийг компьютерээр удирдах микропроцессор олж өгнө үү гэсэн нь ярианы зугтах бус баярлах сэдэв байлаа. Эрдэнэтийн УБК-ийн инженер Ч.Давааням (Петровис ХХК-ийн тэргүүн дэд захирал. 2004 оны байдлаар) бас нэг микрокомпьютер угсарсан байсныг харж хөдөө байсан атлаа ийм олон төрлийн деталь бүрдүүлж угсралт хийсэн, багагүй материал уншиж амжсанд нь гайхан биширч билээ. Монел фирм байгуулах шийдвэр гарсан, олон зуун компьютерүүд үйлдвэрлэсэн, дараа нь тоглоомын хэрэгслүүд гэх мэт ОЧ өрнөж билээ. Өнөө үеийн халивын (отвёртка) тусламжтай компьютер угсардаг явдал Оч-ийн үргэлжлэлийн хялбар хувилбар боловч,өнөөгийнхөөр  электрон үйлчилгээнд хандах ажлын универсаль байр Оч-ийн зорилт байсан билээ.

Wednesday, April 2, 2014

Д.Дашцэрэн

80 оны намар энэ дууг би орчуулж манай ангийнхан дуулдаг байваа тэгж л оюутнуудын хүртээл болж одоо хүртэл дуулагдаж явдаг юм байна. оюутан насаа гэж...

Wednesday, December 29, 2004

Монголд Компьютер үүсэж хөгжсөн түүх

Сургууль төгсөн ирсний дараахан санагдана. 1978 оны тавдугаар сард Японы мэргэжилтэн Кимура сан Монголд калькуляторын засварын сургалт явуулах болов. Сургалтыг хаана явуулах нь Статистикийн төв газрын удирдлагын хувьд багагүй асуудал болж, эцэст нь Анагаахын техникумын байранд хичээллэж билээ. Тэр үед хөрөнгөтөн орны, тэр дундаа милитарист Японы мэргэжилтэнг төрийн байгууллагын байранд оруулбал ямар нэгэн нууц алдаж мэднэ хэмээн сэрэмжилж, дарга, цэрэггүй ялд унахаас эмээсэн хэрэг. Уг сургалтад манай инженер-электроникч залуус хамрагдсан юм. Тэр үед намайг Шарга морьтод байгууллагын зуслангийн байшинг бариулахаар явуулсан байлаа. Шарга морьтоос ирснийхээ дараа сонирхвол японы калькуляторууд (эдгээр калькуляторуудыг Говь комбинатын адил Япон улс дайны төлбөрийн нэг хэсэг болгож өгсөн гэж зарим нь ярьж байсан санагдана. Гэвч ямар нэгэн баримт олж хараагүй. Хэрэв энэ үнэн бол үүнийг нийтийн хүртээл болгох хэрэгтэй болов уу) их интеграл чип дээр хийгдсэн тул бидний ашиглаж байсан, хамгийн гайгүй гэгдэх Германы (БНАГУ) ширээний Зоемтрон электрон машинтай харьцуулахад олон функцтэй атлаа, овор хэмжээ бага, басхүү найдвартай ажиллагаа нь эрс өндөр байв. Бидэнд өгсөн схемийг үзэхэд тоон товчууд, дисплей их интеграл чип рүү шууд холбогдчихсон, бүх функц түүн дотор хийгддэг болох нь илт. Осолгүй тэжээл, генератор зэрэг нь чипийн гадна талд байв. Түүний хажууд Зоемтрон нь маш олон транзистор, диод дээр хийгдсэн, 10 гаруй кг жинтэй эд байсан. Энэ олон транзисторыг ийм жижиг чип оролсон нь тухайн үед миний сэтгэлд далд түгшүүр төрүүлж билээ. Ажиллагааны алгоритмын хувьд транзистор ч бай, чип ч бай зарчмын ялгаа байхгүй нь тодорхой. Тэр ч байтугай тэжээлийн системд 2 дахин хувиргалт хийсэн байсан нь бас нэгэн зүйлийг бодогдуулав. 220 В-ийг адаптераар тогтмол 12 В болгоод калькуляторт оруулсан хойноо дахин хувьсах гүйдэл болгож, түүнээ эргэж тогтмол хүчдэл болгож чипүүдийг тэжээж байсан нь санаанаас гараагүй хэвээр.