Friday, June 17, 2016

Улаан дарцаг - П.Ганбаатар

-Хүүхэд байхаасаа үздэг байсан Улаан дарцаг киноны лам хүү том хүн болчихсон нийслэлийн хариуцлагатай даргын алба хашдаг гэдгийг багаасаа мэддэг байлаа. Тэр нь бас их сонин санагддаг байж. Кинонд яаж сонгогдсон талаар тань ярилцлагаа эхэлье?
-Би угаасаа хотын унаган хүүхэд л дээ. Нийслэлийн I сургуульд П.Цагаан багштай тооны ангид суралцдаг байлаа. Намайг долдугаар ангид байхад тухайн үеийн Гэгээрлийн яам, Кино үйлдвэрийнхэн хотын бүх сургуулиудаар гол дүрийн жүжигчдээ хайж явж байгаад манай сургууль дээр ирсэн юм. Тэгэхэд баахан хүмүүс орж ирээд хэдэн хүүхдийн нэр цохоод хичээл завсарлахаар ангид ороод ир гээд гараад явсан. Бид хэд бөөн айдас болоод очиход маргааш өглөө Кино үйлдвэр дээр очоорой гэж байв. Маргааш нь эхний даваандаа Миний нутаг шүлэг уншчихлаа. Дараа нь Чиний өмнө цагааны цэрэг аавыг чинь бариад зодож байна, чи яах уу гэж асуугаад баахан зураг дарав. Тэгээд эцэст нь хориод хүүхдээс гурван хүүхэд үлдэхэд үсчинд оруулаад халимаг толгойг маань халзан болгочихож билээ. Дараа нь лам дээл өмсгөж, Чойжин ламын сүм дээр авчирч кино пробанд оруулсан юм. Архи уусан хүмүүсийг баривчлахаар үсийг нь хусчихдаг болохоор би халзан болсондоо тун дургүй байлаа. Ямар сайндаа л халзан парик байдаггүй юм уу гэж сураглаж загнуулж байхав. Тэр үед надад Батын дүрд тоглохоор боллоо гэж хэлсэн нь хүүхэд насыг минь мөнхөлж үлдээсэн Улаан дарцагийн Бат байсан юм даа.









No comments: