Wednesday, September 28, 2005

Польшид хуучин коммунистууд ялагдахыг харлаа


Шинээр сэргэн байгуулагдаад удаагүй, энэ зун 65 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцсон МСДН удахгүй нэрээ солих нь, тус намыг "Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн"-ийнхэн болон Ардчилсан намын хэсэг нөхөд сонирхож эхэлсэн зэрэг талаар тус намын дарга А.Ганбаатартай ярилцлаа. -Танай нам саяхан байгуулагдсан боловч нэрээ солих дээрээ яагаад тулах болов? -Манай нам нөхөн сонгуульд оролцлоо, нам байгуулагдаад хэдэн сар боллоо. Энэ хооронд өнгөрсөн үйл явц, практик байдал юу харуулж байна вэ гэхээр МСДН гэсэн нэр хүндийг олон түмнээс эргэж авах, итгэл сэтгэлийг татахад хүндрэлтэй байна гэдэг нь харагдлаа. Энэ нь одоо Ардчилсан намд байгаа хуучин МСДН-ын удирдлагын хийж буй үйлдэл, явуулж буй үйл ажиллагаатай холбоотойгоор биднийг намын нэрээ өөрчлөхөд хүргэж байна. Тэгээд ч орчин үеийн социал демократуудын гол уриа нь эрх чөлөө болоод байна. Эрх чөлөө нь угаасаа хүн төрөлхтөнд заяагдмал зүйл. Намын Улс төрийн зөвлөл дээр "Эрх чөлөө"-ний нам гэдэг нэр ихэд яригдаж таашаагдаж байгаа. Одоо нэрийн талаар намын гишүүдийн дунд хэлэлцүүллэг өрнүүлээд байна. Арваннэгдүгээр сард болох намын Их хурлаар эцэслэн шийднэ. -Танай намыг сүүлийн үед "Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн"-ийнхэн болон Ардчилсан намын хэсэг нөхөд сонирхоод байгаа гэсэн. Гэтэл хөдөлгөөнийхэн тусдаа улс төрийн шинэ нам болох гээд байгаа... -"Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн"-ийнхнийг би шинэ үеийн генерацийн төлөөлөгч хүмүүс гэж ойлгоод байгаа. Монгол Улсад өрнөсөн ардчиллын 15 жилийн дотор шинэ хүмүүс бэлтгэгдэн гарч ирэх хугацаа болсон, бэлтгэгдчихсэн байх ёстой. Тиймээс бид хөдөлгөөнийхэнтэй хамтарч ажиллаж байсан, хамтарч ажиллах ч болно. Ер нь ойрын ирээдүйд, 1990 оноос хойш ардчиллыг төлөвшихөд зүтгэж яваа хүмүүсээс ардчиллаа аварч хамгаалъя гэсэн хэсэг, шинээр гарч ирж буй залуустай Монголын улс төрийг өөрчлөх хүслээр холбогдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ хэсэг ойрын хугацаанд Монголын улс төрийг тодорхойлох гол хүч болж чадна гэдэгт итгэж байна. -Өнөөдрийн улс төрийн үйл явц, ялангуяа МАХН-д өрнөөд буй хэл хөдөлгөөний талаар та юу хэлэх вэ? -Өнөөдөр МАХН нам биш болж. Нам дамнасан мафи шинжтэй бүлэглэл бий болсон. Үүнийг нам дотор нь байгаа хүмүүс нь илүүтэй олж харах нь мэдээж. Тиймээс МАХН-ын гишүүд бухимдаад байгааг би сайн ойлгож байна. Монгол Улс цаашид хөгжье гэвэл намууд нь намаараа, улс төр нь улс төрөөрөө, хуулиар тогтоогдсон тэр зарчимдаа тулгуурлаад явах ёстой. Монголд өнөөдөр энэ бүтэц нь нурчихаад байна. Ийм байдлаар явбал УИХ ч юу ч биш болж мэдэх нь. -Саяхан Польшид "Эв санааны нэгдэл"-ийн ой болж та болон Э.Бат-Үүл, Да. Ганболд, Баабар нар уригдсан гэсэн. Тэнд юу болов? Мөн энэ ням гаригт болж өнгөрсөн Польш дахь парламентын сонгуулийн талаар санал бодлоо хэлнэ үү? -Польш дахь сонгуулиар "Эв санааны нэгдэл хөдөлгөөн"-ий суурин дээр байгуулагдсан "Хууль ба шударга ёс" нам 28, "Йргэний платформ" нам 24 хувийн ялалт авлаа. Харин сүүлийн найман жил төрийн эрх барьсан "Зүүний хүчний холбоо" 11 хувийн санал авч үнэмлэхүй ялагдлаа. Энэ нь хуучин коммунист намын суурин дээр байгуулагдсан, манайхаар бол МАХН юм даа. Ардчилсан "Эв санааны нэгдэл"-ээс янз бүрийн бүлэглэлүүд урваж хуучин коммунистуудтай нийлэн "Зүүний хүчний холбоо" байгуулж эрх барин яг манай өнөөгийн төр, засгийн хэсэг нөхөд шиг сайдын суудал хуваалцан өөрсдийгөө гутаан эцэст нь олон түмэн анхнаасаэ зарчимч шударга явсан хэсэгт ялалт өглөө. Яагаад би үүнийг өгүүлэх болов гэвэл 1990 оноос хойшхи Польш, Монголын сонгуулийн түүх үйл явц төстэй явагдаж ирсэн. "Эв санааны нэгдэл" нэг хэсэг эрх барьсан, дараа нь хоорондоо хагарч бутрах үеэр энэ хооронд хуучин коммунистууд хүчээ авч засгийн эрхэнд гарч ирээд дараа нь тэд бараг ялагдсан боловч ардчиллаас урвагчид нийлж сандал ширээгээ хуваах замаар дахин эрх барих болсон юм.


Б.БОЛД (өдрийн сонин 2005-09-28 233, 234)