Сургууль төгсөн ирсний дараахан санагдана. 1978 оны тавдугаар сард Японы мэргэжилтэн Кимура сан Монголд калькуляторын засварын сургалт явуулах болов. Сургалтыг хаана явуулах нь Статистикийн төв газрын удирдлагын хувьд багагүй асуудал болж, эцэст нь Анагаахын техникумын байранд хичээллэж билээ. Тэр үед хөрөнгөтөн орны, тэр дундаа милитарист Японы мэргэжилтэнг төрийн байгууллагын байранд оруулбал ямар нэгэн нууц алдаж мэднэ хэмээн сэрэмжилж, дарга, цэрэггүй ялд унахаас эмээсэн хэрэг. Уг сургалтад манай инженер-электроникч залуус хамрагдсан юм. Тэр үед намайг Шарга морьтод байгууллагын зуслангийн байшинг бариулахаар явуулсан байлаа. Шарга морьтоос ирснийхээ дараа сонирхвол японы калькуляторууд (эдгээр калькуляторуудыг Говь комбинатын адил Япон улс дайны төлбөрийн нэг хэсэг болгож өгсөн гэж зарим нь ярьж байсан санагдана. Гэвч ямар нэгэн баримт олж хараагүй. Хэрэв энэ үнэн бол үүнийг нийтийн хүртээл болгох хэрэгтэй болов уу) их интеграл чип дээр хийгдсэн тул бидний ашиглаж байсан, хамгийн гайгүй гэгдэх Германы (БНАГУ) ширээний Зоемтрон электрон машинтай харьцуулахад олон функцтэй атлаа, овор хэмжээ бага, басхүү найдвартай ажиллагаа нь эрс өндөр байв. Бидэнд өгсөн схемийг үзэхэд тоон товчууд, дисплей их интеграл чип рүү шууд холбогдчихсон, бүх функц түүн дотор хийгддэг болох нь илт. Осолгүй тэжээл, генератор зэрэг нь чипийн гадна талд байв. Түүний хажууд Зоемтрон нь маш олон транзистор, диод дээр хийгдсэн, 10 гаруй кг жинтэй эд байсан. Энэ олон транзисторыг ийм жижиг чип оролсон нь тухайн үед миний сэтгэлд далд түгшүүр төрүүлж билээ. Ажиллагааны алгоритмын хувьд транзистор ч бай, чип ч бай зарчмын ялгаа байхгүй нь тодорхой. Тэр ч байтугай тэжээлийн системд 2 дахин хувиргалт хийсэн байсан нь бас нэгэн зүйлийг бодогдуулав. 220 В-ийг адаптераар тогтмол 12 В болгоод калькуляторт оруулсан хойноо дахин хувьсах гүйдэл болгож, түүнээ эргэж тогтмол хүчдэл болгож чипүүдийг тэжээж байсан нь санаанаас гараагүй хэвээр.
EC1040 (IBM360) Пульт
1979 оны сүүлээр Унгар улсаас авч Тооцоолон бодох төвд (ТБТ) суурилуулсан ЕС-1010 компьютерийн процессор, терминалын удирдах блок зэрэгт урьд нь дуулдах төдий байсан микропроцессор (Моторола 6800, Интел 8080) суурилуулагдсан байсан нь овор хэмжээ, найдвартай ажиллагааны хувьд итгэхэд бэрх санагдаж байлаа. Учир нь бидний ажилладаг Минск-32, ЕС-1040 зэрэг машинууд нь хэдэн арван тонн жинтэй, 100 гаруй кв метр талбай эзэлдэг байхад, Моторола 6800 бүхий компьютер нь ердөө ганцхан хавтан дээр багтдаг байлаа. Мөн онд Унгар улсад манай инженер-электроникч Ч.Давааням (1987 онд 8080 бүхий бас нэг микрокомпьютер бие даан угсарсан, Петровис ХХК-ийн тэргүүн дэр захирал (2003)), О.Батсүх, С.Байгалтөгс (ШУТИС-ийн КТМС-ийн захирал, доктор, дэд профессор), А.Батмөнх (ШУТИС-ийн багш, доктор, дэд профессор. Харамсалтай нь 1982 онд түүнийг ТБТ-ийн захиргаа ажлаас гэнэт халсан), инженер-механикч Дүгэрсүрэн нар сургалтад оролцож ирээд микропроцессорын талаар бидэнд сонирхуулж, бүр биет байдлаар нь харуулж билээ. Санах ой нь хүртэл хагас дамжуулагч зарчимтай буюу чип дээр байсан нь үнэмшихэд бэрх байсан. Тэр үед би цагариг хэлбэртэй феррит зүрхэвч бүхий санах ойтой техниктэй харьцдаг, дараагийн мэйнфрэймийг судлахад ферритийн диаметр нь багасдаг байснаас сайжруулах арга нь диаметр хэмээн богинохон сэтгэдэг байлаа. Тэд маань Унгар улс мини компьютерээр эрс урагшилсан, АНУ, Франц зэрэг улсуудын том компаниудтай шууд холбоотой ажилладаг, бүтээгдэхүүнээ тийш гаргадаг гэж мэргэжилтнүүд нь ярьсан, Секешфехервар хотод электроник, компьютерийн хаалттай үйлдвэр, эрдэм шинжилгээний маш том институт ажиллуулж байна, элементүүд нь цөм Тексас инструментс, Моторола, Интелийнх гэх мэт байна гээд шивнэх маягаар яриад, ... цааш битгий яриарай гэцгээв.
Инженер-электроникчид бид үндсэн ажлын хажуугаар микропроцессортой холбоотой материал эрчимтэй хайдаг, үүний тулд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын (ЗХУ) номын захиалгын каталогийг гарсан дор нь шүүдэг байв. Тэр үед Сүхбаатарын талбайн баруун талд 25-р номын дэлгүүрт ЗХУ-д хэвлэгдэх номын захиалга авдаг байлаа. Ойрын хугацаанд хэвлэлээс гарах номуудын нэрийн ард өөрийн нэр, хаягаа бичээд захиалгаа хйидэг байв. Уг захиалгад манай тооцоолон бодох төвийн мэргэжилтнүүдийн нэрс ярайж байдаг сан. Германы зарим ном, сэтгүүлийн захиалгыг эвийг нь олбол Төв шуудангийн сонин борлуулдаг цэгт хийж болдог байв. Харин АНУ-ын болон бусад хөгжилтэй орны зарим сэтгүүлийг НYБХХ-ийн суурин төлөөлөгчийн газрын зарим мэргэжилтнээс гуйж уншдаг байлаа. Гэхдээ энэ нь маш ховор. Хааяа олддог байсан Byte сэтгүүлийн материал гайхалтай сонин байв.
1979 онд бидний хэдэн нөхөд Берлин, Лейпциг хотууд руу шинээр авах ЕС-1040 системийн програмчлал, иж бүрдэл болох байгууламжуудын засвар үйлчилгээ, теле боловсруулалтын системийн курст явцгаав. Би ч мөн тийш явсан боловч, интеграц багатай атлаа нийлмэл алгоритм бүхий сонирхолтой систем судлав. Бага интеграцтай чипүүд дээр маш нарийн үйлдэл гүйцэтгэдэг системүүдтэй танилцсан ба энэ нь зохион бүтээгчдийн чадварын өндрийг илтгэж байлаа. ЕС-1040 мэйнфрэйм гайхалтай нийлмэл систем атлаа, хамгийн бага интеграцитай тоо, томшгүй олон чип (ЕС-1040 бүгд 120 000 орчим чиптэй байсан) дээр хийгдсэн байсан юм. Монгол улс дөнгөж 1 ширхэгийг авч байхад Хятад улс 100 ширхэгийг авчихсан байсан нь, ЗХУ мөн 100 дахиа саяхан авлаа гэдэг мэдээллээс илүү жигтэй санагдаж байлаа. Манай улсын анхны компьютерийн мэргэжилтнүүдийн нэг, Статистикийн төв газрын (СТГ) Тооцоолох техникийн засварын газрын дарга асан И.Жүгдэрнамжил бид хоёр эхлээд Берлины Роботроны салбарт германчуудтай хамт хичээллэдэг байв. Бусад сонсогчидтой дотно танилцсаны дараа тэд манай техник хоцрогдсон гэх зэрэг зүйл ярьдаг байсан нь өмнө япон калькуляторын схем хараад төрсөн түгшүүрийг хөндөв. Нэгэн герман сонсогч Берлинд япончууд ирвэл үзүүлэх Пергамон (Эртний Египетийн булш, бунхны үзмэрүүдийг маш олныг агуулсан), Роботрон (германчуудын зарим Роботрон комбинатыг компьютерийн үйлдвэрийн амьд музейд тооцдог байсан) гэсэн 2 музей байгаа гэж шоглосон нь санаанаас минь гардаггүй. Тэр үед Роботрон ЕС-1040 системийг хийхээ больж, оронд нь илүү хүчин чадалтай ЕС-1055 үйлдвэрлээд удсан ч германы инженерүүд түүнийг хоцрогдсонд тооцож байв. Учир нь тэд Баруун Германы телевизийн нэвтрүүлэг, хэвлэсэн материал ашиглан дэлхийн тэргүүний технологийн мэдээлэлд ханддаг байлаа. Бид ЕС-1040 системийн хамгийн сүүлчийнхийг (S/N 299) авсан байв.
1980 онд төгсөж ирээд транзистор дээр хийгдсэн Минск-32 мэйнфрэйм машинаа ажиллуулахын зэрэгцээ сая суурилуулсан ЕС-1040 системийн үйл ажиллагааг ээлж хариуцан ажиллах хэмжээнд сурах, найдвартай ажиллагааг нь улам дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулав. Хоцрогдсон техниктэй ажиллаж байгаагаа мэдэж байсан ч СТГ-ын захиргаа, Монгол улсын төр, засгийн газар, сэтгүүлчид, хэрэглэгчид бүгд СТГ-т орчин үеийн өндөр хүчин чадалтай техник авч суурилуулаад байна гэж бүрэн итгэж байсан тул нэгэнт авсан техникийг (ЕС-1040 систем авах төслийн өртөг 1200000 ам.долларын үнэтэй байсан) ажилд бэлэн байлгах, ээлжийн тоог нь нэмэгдүүлэхийг эдгээр компьютерүүдийг актлах хүртэл хичээсэн билээ. Ямар ч муу элементээр, найдварын ямар ч өндөр үзүүлэлттэй компьютер бүтээж, ашиглаж болно гэсэн Фон Нейманы онол, зохион байгуулалттай байх, профилактикийг оновчтой болгох зэрэг арга хэмжээнүүд олон жилийн турш, тээр 1978 онд япон калькуляторын схем хараад төрсөн түгшүүрийг ялж байсан. Гэхдээ дахин техник сонгохдоо хоцрогдсоныг авахгүй байх, үүний тулд урьдчилсан судалгааг олон улсын зах зээлийн хэмжээнд оновчтой хийх хэрэгтэй гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосноо сүүлд нэг бус удаа хэрэгжүүлсэн билээ.
Ажиллахын зэрэгцээ микропроцессорын техникийг судлах хугацаанд салбар маань улам хөгжсөөр байсны илрэл нь 1983 онд Польш улсаас авсан мэдээллийн алсын боловсруулалтын системд дахин харагдсан юм. Сонголт хийхэд ТБТ-ийн орлогч дарга доктор Д.Лувсандорж, доктор О.Телеу нар оролцсон бөгөөд ТБТ-ийн ТТЗГ-ын дарга И.Жүгдэрнамжил голлох үүрэг гүйцэтгэж, БНАГУ-ын саналыг хоёрдугаар байранд оруулж хойш тавьсан байдаг. 1982 оны намар инженер-электроникч Д.Бат-Эрдэнэ (Өдгөө ЗГХЭГ-ийн ахлах референт, доктор) бид хоёр Польш улсын Вроцлав хотын МЕРА-Элвро нэгдэлд дараа жилд авах дисплейн системийн курст суухдаа микропроцессорын талаар тодруулж билээ. МЕРА-100 микрокомпьютерийн дисплейн удирдлага манайд байснаас илүү дэвшилттэй, хүчин чадал илүүтэй микропроцессор болох Интел 8085 дээр хийгдсэн байв. Бид нэгдлийн захиргаанд 8085 микропроцессор, түүний иж бүрдэл болох элементүүдийн талаар материал үзүүлээч гэсэн хүсэлт тавьсанд тэд ёсоор болгож билээ. Гэхдээ энэ ажлыг сонирхолтой хэлбэрээр гүйцэтгэсэн. Сургалтын дундуур нэгэн ажилтан монголчуудыг нэг өрөөнд оруулав. Зузаан ном барьсан эмэгтэй бидэнд Интелийн микропроцессор 8085-ын лавлах материал харуулж, хэрэгтэй хуудсуудын дугаарыг цаасан дээр тэмдэглээд өгөхийг хүсэж биднээс хараа салгалгүй сууж билээ. Түүний цаана бас нэгэн хүн тэр эмэгтэйд давхар ажиглалт хийж, харин бид номноос хэрэгтэй гэсэн хуудасны дугааруудыг тэмдэглэж авав. Маргааш нь бидний тэмдэглэсэн хуудсуудыг олшруулан өгөхөд дотор нь direct memory access-ийг аппаратын төвшинд зохион байгуулдаг чипийн талаарх баримт алга байв. Ингэж АНУ тэргүүтэй гүрнүүдийн гаргасан журам КОКОМ-ын хүч, дарамт ямар байдаг, түүнээс социалист гэгддэг бусад орнууд хэрхэн айдгийг биеэр мэдэж авсан. Тэр үед капиталист, социалист 2 системийн зэвсэглэлийн өрсөлдөөн нь мэдээллийн технологи, компьютерийн салбарт шилжсэн байв. Yүний илрэл нь АНУ-ын ерөнхийлөгч IBM корпорацийн тэтгэвэрт гарсан ерөнхийлөгчийг ЗХУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилсон явдал байв. Тэр үед ЭЗХТЗ-ийн орнууд IBM 360/370 системийн машинуудыг хуулбарлан ЕС буюу нэгдсэн систем Ряд 1, 2, 3 зэрэг нэртэйгээр багаас эхлэн нэлээд өндөр хүчин чадалтай компьютерүүдийн үйлдвэрлэлийг зохион байгуулж байсан юм.
Бид авчирсан материалаа Батсүхдээ өгч бусад материалд нэгтгэсэн. Батсүхэд Австри, Тайланд, Герман, Унгар, Польшийн нэр хүндтэй төвүүдээс янз бүрийн шугамаар авчирсан багагүй материал хуримтлагдав.
1983 онд ТБТ-ийн захиргаа МЕРА-100 систем (процессор, 16 Кбайт санах ой, магнитофоны соронзон туузан гадаад ой, 600/1200 бодын модем, матриц хэвлэгч, хар, цагаан дисплей, хүчдэл тогтворжуулагч бүхий)-ийг аймаг бүрт суурилуулж, түүнд Польшийн мэргэжилтнүүд оролцсон юм. Сонирхолтой нь польш мэргэжилтнүүд уг системийн зохион бүтээгчид байж билээ. Польш улс НYБ-ын төсөлд онцгой анхаарал тавьж, нэр хүндээ улам дээшлүүлэх үүднээс зохион бүтээгчдээ манайд илгээж тоног, төхөөрөмж нь хуурай, хүйтэн нөхцөлд хэрхэн ажиллахыг, тэдний компьютерийг хэрэглэгчид хэдий хугацаанд сурч чадахыг газар дээр нь ажиглуулахаар ирүүлсэн юм билээ. Польш мэргэжилтнүүд КОКОМ-ын журмаар тэдэнд байх ёсгүй байсан элементүүдийг олноор авч явсан нь тэдний барууны компаниуд, гадаадад буй нутгийнхантайгаа тогтоосон холбоо, харилцааны чадварыг харуулж байсан юм.
Зохион бүтээгчидтэй ажиллана гэдэг тун сайн хэрэг байв, учир нь тэдэнд сэлбэг их, түүний дотор нөгөө ховор, гайхалтай 8080, 8085 микропроцессорууд ч байлаа. Хэрэгтэй гэсэн зүйлийг маань өгч, асуусан зүйлд төвөггүй хариулж чадахаар байв. Батсүх маань зохион бүтээгч Скубинскийтэй хааяа зочид буудалд нь нийлж яриа өрнүүлдэг байсны хүчинд дотно танил болцгоож, иж бүрдэл болох элементүүд нэлээдийг авч билээ. Тэдгээр дээр бидэнд байсан гар, резистор, конденсатор, трансформатор, чипүүд, бусад хэрэгтэй цөөнгүй зүйл нэмээд ажлын байрны үйл ажиллагааг автоматжуулах чадавхи бүхий микрокомпьютер хийх замд бид оров. Польш мэргэжилтнүүд маань дотроо Кос-кор, солидарность, бусад хүчний дэмжигчид зэргээр хуваагдсан байсан ба бидний ихэнх Кос-Корыг, зарим нь солидарностийг илүү дэмждэг хэмээхэд тэд энэ тухай ойлголттой байсанд маань гайхасхийсэн атлаа баярладаг байсан сан. Энэ нь ховор элементүүдмйг олж авахад маань багагүй нэмэр болсон болов уу. Гадаадын (ЗХУ-ын заримаас бусад) мэргэжилтнүүдтэй ярилцахдаа коммунист онолд алдаа бий гэж дурдахад тэдэнтэй дотносох нэг нөхцөл болдог байсан. Инженер-электроникчдын хувьд нөгөө тал нь илэрхий давуу технологитой байгааг хамгийн түрүүнд мэдэж байх завшаан гардаг байв. Электроникч учраас бидэнд гадаад харилцаа сайнтай зарим нөхдүүдээс маань өгсөн Германы Грундиг, Телефункен, Японы Айва, Голландын Филипс зэрэг фирмийн гэмтсэн бүтээгдэхүүнийг нь задалж үзэхэд энэ ялгаа илт харагддаг байв. Магадгүй энэ нь социалист нийгмийн тогтолцоо нэг л биш гэж бодох шалтгаан байсан байж болох юм. Манай систем нэг л биш гэдгийг нэг сумын ах, андууд болох боксчин Д.Банди, бөх Ж.Даваажав нар (хоёул сүүлд гавьяат цолтой болцгоосон) АНУ, Япон, ХБНГУ, Канад зэрэг улсууд руу явж ирээд цухуйлгадаг байв.
1983 онд миний бие Тооцоолон бодох төвийн ээлжийн бөгөөд машин заалын даргын үүрэг гүйцэтгэх болж сэлбэгийн нөөцөд хандах эрхтэй болсон нь ажилд маань их нэмэр болж билээ. Мера-100, 7904, ЕС-1040, ЕС-1010 ба бусад тоног төхөөрөмжийг дагалдаж ирсэн, нөөц арвинтай сэлбэгнээс цөөнгүй деталь, түүний дотор гарын товчуудыг авч ашигласан. Гарын товчууд тухайн үедээ олдоц багатай, өндөр үнэтэй, нарийн механикийн элементүүдтэй, өндөр технологийн бүтээгдэхүүн байлаа. ЭЗХТЗ-ийн орнуудад Куба улс энэ бүтээгдэхүүнийг дагнан үйлдвэрлэх хуваарьтай болж байв. Иймээс компьютер угсрах газар СТГ-ын Тооцоолон бодох төв байж болохгүй болов. 1982 онд СТГ-ын ТБТ-ийг Ардын хянан шалгах хорооноос шалгасан дуулиантай үйл явдал мартагдаагүй байв. Тэр их сэлбэгийг, хэдийгээр хамгийн чухал элементүүдийг нь Польш нөхдөөс гуйх, худалдаж авах замаар олж авсан байсан боловч, хэдхэн хүний гарт төвлөрүүлж харагдах нь бэрх үр дагавартай байж болох байв. Иймээс Батсүх маань Залуу техникчдийн ордны (ЗТО) захиргаа (захирал нь Содномбалжир, электроникийн лабораторийн эрхлэгч нь Цэцэгмаа байсан)-тай тохирч, тэнд угсралтын ажлаа хийж билээ. 1982-1984 оны эхэнд цуглуулсан сэлбэг, деталь, гетинакс хавтан, монтажийн утас болон багажнууд, баримт бичиг, ном, сэтгүүлүүдийг 1984 оны хоёрдугаар сараас тус ордонд байршуулан угсарч эхэлсэн юм.
1984 оны эхэн гэхэд микрокомпьютер хийхэд хэрэгтэй деталь бүрдсэн байх хэмээн горьдож байсан ч, яг угсраад эхлэхэд дутуу зүйл маш их гарав. Тэдгээр нь жижиг оврын резистор, конденсатор (бидний цуглуулсан зарим резистор хэт том байв), янз бүрийн товчлуур, салгагчууд, гэрлэн диод, хувьсах эсэргүүцлүүд, корпусууд, олон төрлийн эрэг боолт, чипийн сууриуд, хавтгай кабелиуд, вайрврапын технологийн багаж (вайрврапын багажийг мэйнфрэйм ЕС-1040 машиныхыг авч байсан) зэрэг байв. Тэдгээрээс хялбар юм шиг атлаа, нэлээд бэрхшээлтэй нь вайрврапын технологийн шонгууд байсан юм. Шонгуудыг ЕС-1040 машины сэлбэгийн залгуурын контактаас тасалж авч, хавтан дээрээ нэг бүрчлэн гагнаж шийдэж билээ. Угсралт, туршилт, тооцоо хийж байгаа инженерүүд ажлын байран дээрээ буюу ЗТО-д хоноцгоодог байлаа. Би ээлж хариуцан ажиллаж ажлаа амжуулчихаад л очиж шаардлагатай болсон зүйлийг хийдэг байв. Өглөө ээлжид ажилласан бол тэнд орой, шөнө, орой ажилласан бол шөнийн 1 цагт мөн л тийшээ. Инженерүүд 2 сар орчим гэртээ хариагүй. Батсүх ч адил, тэнд л байна. Харин ээлжээр зарим маань хааяа гэртээ харьж усанд ордог байж билээ. Хэдхэн деталь гагнаад, эсвэл вайрврап аргаар мушгиад цаг харахад хэдийн орой, шөнө, өглөө болчихдог нь тун харамсмаар байдаг сан. ЗТО-ны жижүүр, удирдлага, дугуйлангийн багш нар бидэнд нааштай хандаж орой нь байр чөлөөл гэдэггүй байлаа. Бид ч сахилгын ямар нэгэн зөрчил гаргадаггүй, архи элдэв зүйлийн тухай боддог ч үгүй байв. Бидний микрокомпьютерийн корпусыг ЗТО-ны багш Мягмарсүрэн, Л.Гантулга нар маш нямбай хийж өгч, дисплейг нь ЕС-1010 машины нэг терминаль станцаар орлуулж бусад цагаан өнгөтэй дисплейнүүдээс нь ялгахын тулд шараар будаж билээ. Бидэн дээр инженер-электроникчид болох С.Ганбаатар, А.Батмөнх, Энхмандал, ШУА-ийн физик-техникийн хүрээлэнгийн захирал Ш.Ялалт нар болон бусад мэргэжилтнүүд хааяа ирдэг байлаа. Эхэн үед Д.Толя (БИТ Сервис ХХК-ийн ерөнхий захирал, 2003 он), статистикийн байгууллагын компьютерийн системийн тун чухал хэсэг болох дискийн систем хариуцдаг байсан ба энэ ажлаасаа хөндийрөх аргагүй байв, харин О.Батсүхийн хувьд ТБТ-ийн захиргаанаас ажлаас нь чөлөөлсөн, аргагүй шаардлага гарвал ирж байхаар тохирсон байсан), Гантөмөр (ХЭТ ХХК-ийн ерөнхий захирал) нар их чармайлттай ажиллаж байсан бөгөөд харамсалтай нь ар гэрийн гачигдлаас болж цаашид ажиллах аргагүй болсон юм. Гантөмөр бага оврын резистор, конденсатор мөн хавтан хавчдаг болон бусад багаж, өсгөдөг шил, осциллографын хушуу зэргийг өгч багагүй дэмжлэг үзүүлсэн.
Бид микрокомпьютерээ ажиллуулж чадвал ШБОС-84 үзэсгэлэнд тавихаар тооцож, ажлаа улам эрчимжүүлэв. Үзэсгэлэнгийн үеэр зүгшрүүлэлтийг тасралтгүй хийсэн боловч компьютер маань ажиллаагүй. Дисплей өөрөө дотроо микропроцессор бүхий удирдлагатай байснаас гараас нь өгсөн тэмдэгтүүдийг дэлгэц дээрээ харуулах чадвартай байсан нь бидэнд компьютер маань ажиллаагүй гэдгийг нуухад их хэрэг болсон. Бид үзэгчид, зохион байгуулагчид, шагналын комиссынхныг хуурчихсан боловч, хэн ч, түүний дотор бидний мэргэжил нэгт нөхөд ч энэ тухай мэдээгүй өнгөрсөн. Оч микрокомпьютер ШБОС-84 үзэсгэлэнгийн хүрэл медаль хүртсэн билээ. Гэхдээ бид буруу хэрэг хийснээ ухамсарлаж, үзэсгэлэн өнгөрөөгөөд дахин эрчимтэй ажиллаж, Оч компьютерийг бүрэн ажиллуулж чадсан. Угсралтаа хийж дуусгаад, “Оч”-ийг статистикийн газарт ажлын байрандаа авчрахад сэлбэг маш ихийг авсан гэх яриа гаргах хүн байгаагүй нь биднийг тайвшруулсан. Угсарсан машинаа хамгийн анх оруулсан өрөө бол одоогийн Засгийн газрын 3-р байрны 1 давхрын гуанзны гал тогоо байрлаж буй байр юм.
Компьютерээ Шинжлэх ухаан техникийн улсын хороо (ШУТУХ)-нд оновчтой саналаар бүртгүүлэх, ШБОС-84 үзүүлэнгийн тоонд оруулах зэрэгт багагүй материал бэлтгэх хэрэгтэй байсан боловч, аль аль нь бүтээл буюу компьютерийг нэртэй байхыг шаардаж байв. О.Батсүх, Д.Дашцэрэн, Мягмарсүрэн, Л.Гантулга нар оролцсон зөвлөлгөөнд би “Оч гэдэг нэр ямар вэ?, очоос гал өрнөдөг, одоохондоо бүтээл маань очийн төдий байна, цааш дүрэлзэн асах цаг ирнэ” хэмээхэд тэд маань дэмжээд энэ нэр дээр тогтож, би баримт бичиг бэлтгэх, хурлуудаар хэлэлцүүлэх, бүртгүүлэх зэрэг үүрэг хүлээж ээлжийн ажлын цагаараа биелүүлсэн. 1984 оны 5-р сарын 17-нд СТГ-ын Шинжлэх ухаан техникийн нэгдсэн зөвлөлийн дарга Д. Лувсандоржийн гарын үсэг бүхий 4/5 дугаартай “өргөдөл хүргүүлэх тухай” албан бичиг ШУТУХ-ны шинэ бүтээл, оновчтой саналын хэлтэст хүргэгдлээ. Уг албан бичигт “Тус газрын Тооцоолон бодох төвийн инженер О.Батсүх, Г.Оюунбаяр нарын БХЯ-ны ...-р ангийн инженер Дашцэрэн, ЗТО-ны багш Мягмарсүрэн, Гантулга, УАМД институтийн инженер Гантөмөр нартай хамтран хийсэн микро-тооцоолох электрон машин “Оч” нэртэй оновчтой саналын материалыг судалж үзээд Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр хэлэлцүүлж оновчтой санал болгож батлуулж гэрчилгээ олгох саналтай байна. Холбогдох материалыг хянаж зохих шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн байв.
1984 оны зун сард ажиллаж өгөхгүй байсан санах ойн блокийг аваад эмнэлэгт хэвтэхдээ багаж хэрэгсэл, схемийг нь авав. Эмнэлэгт, тун тайван орчинд хэмжилт, шалгалт хийдэг байлаа. Ингэснээр нэг буруу залгалт илрүүлсэн юм. Эмнэлгээс гарч блокоо Батсүхэд өгснөөс хойш хэд хоногийн дараа Батсүх маань машинаа ажиллуулсан билээ. Машиныг ажилд оруулахад програм зохиогч Ж.Пүрэв (доктор, профессор) үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэх хэрэгтэй. Эхний үед монитор програм дээр бэйсикийн интерпретатор ашигладаг байлаа. Интерпретатор нь транслятораас команд бүрийг тухай бүр хөрвүүлдэгээрээ ялгаатай байв. Бэйсик ашиглан янз бүрийн бодлогын програм зохиож ашиглаж болж байсан ба хулгана залгиж уртасч буй могойг имитаци хийсэн програмыг радио сэтгүүлээс хуулж туршсан.
EC1045 (IBM370) Пульт
Энэ машинд хэрэглээний хэд хэдэн програмын код нэмж шивээд (Энэ үйлдэл маш ярвигтай ажил байв. Програматор нь зөвхөн 16-тын тоогоор хүлээж авна, алдаа гарвал програм ажиллахгүй, тогтмол санах ойг шарж, агуулгыг нь арилгаж байж эхнээс нь дахиж оруулдаг байв) намар нь Болгар улсад болсон үзэсгэлэнд явуулж билээ. 1980-аад оны сүүлд Монел ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ялалт гуай уг компьютерийг хариуцан явж, үзэсгэлэн зохион байгуулсан орнуудын төрийн тэргүүнүүд үзэх үед тайлбарлагч хийсэн гэдэг. Ирээд бидэнд баяртайгаар ЗХУ-ын ВЛКСМ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пастухов гуай “Вы на уровне” гэж хэлсэн шүү гэж билээ. Энэ нь “Оч” гэхээсээ манайханд өгсөн маш том үнэлгээ байв. “Оч” Болгараас тусгай шагналтай ирэв. Гэвч” Оч” маань ирэх замдаа эвдэрснээс тухайн үеийн хэлбэрээрээ дахин ажиллаагүй. Баг маань ч өөр зорилго томьёолоогүй тул тарж, О.Батсүх Москвад аспирантурт явж, Гантулга их сургуулийн хуулийн ангид элссэн зэргээр салцгаав. Очийн үлдэгдлийг бүрэн задалсан ба статистикийн газарт гэж үлдээсэн элементүүдийг нь би, бусдыг Батсүх хүний газар хэрэг болно гэж тус тус авцгаасан билээ. Тэдгээр элемент, дээр нь янз бүрийн аргаар 3 жил орчим цуглуулсан эд ангиудаа ашиглан, бие даан ажиллаж байж, боломжийн найдвартай ажиллагаатай, програмын баялаг хангамжтай, модем залгаж мэдээлэл дамжуулах хэрэгсэлтэй, авсаархан хийцтэй, такт, алхмаар ажиллуулж алдаа хайж болдог шинэ ”Оч-2” машиныг одоо байгаа хэлбэрээр нь 1985-88 онуудад бүтээсэн. “Оч-2” хэдий найдвартай сайн ажилладаг байсан ч, персональ компьютерийн дэргэд хүчин чадал өчүүхэн тул амбаарт хураагдсан.
“Оч-2” машиныг хийх үед гомдол тавилгүй, асар их тэвчээр гарган чимээ, гэрэлд унтчихдаг байсан миний гэр бүл Р.Дэлгэрмөрөн, хадам эх Д.Банзрагч агсанд баярлаж баршгүй, учир нь би ажлаас тарсан үедээ, Цагаан Хуаран (Хавдар судлалын төвийн баруун урд) дахь эсгий гэртээ, дараа нь хашаа маань газарт орсноор 4 буудалд найз Буянмөнхийн шавардлагатай модон байранд нүүж, ихэвчлэн шөнө 3-4 цаг хүртэл, канифолийн үнэр үнэртүүлэн гагнаас хийнэ, эсвэл алх, хуурай, төмрийн хөрөөний чимээ гарган деталь хийнэ, засна. Доогуур бөөн төмөр, дюралийн үртэс, энд тэндгүй ямар нэг төмөр, багаж, эрэг, деталь, утас. Оч машины эрэг, боолт, зарим коннектороос бусад бүх деталийг би өөрөө хийж билээ. Процессорын корпус, хавтан, гар, тэжээлийн блок, кабелиуд, тэрч байтугай чипийн суурь хялбар олддоггүй байсан тул ЕС-1045 машины гэмтсэн хавтангийн контактыг хөрөөдөж хуваагаад, шаардлагатай хөлийн тоогоор тасалж хийж байв. Компьютер жижиг ч түүнд маш олон багаж шаардагдсаныг яана. Захаас бага диаметрийн мечки, плашки, штангенциркуль, тиски зэргийг авч байж корпусуудыг гараас гаргаж билээ. Дисплей орлуулахаар Юность зурагт сонгоод хайж байтал Харьковын политехникийн дээд сургуулийн ангийн анд С.Ганбаатар (1996-2000 онд МЦХ ХК-ийн гүйцэтгэх захирал асан, Инкомнет ХХК-ийн ерөнхий захирал) минь өгч билээ. Дрелийг УТК-ийн инженер-электроникч Юмчин хааяа хэрэглүүлнэ, жижиг диаметртэй өрмийн хошуугаар анд А.Батмөнх тусалсан юм. Электроника гэдэг шинэ магнитофоныг цалингаа хураан, 5 хүүхдийнхээ хоолыг хасан байж 1000 төгрөгөөр авав. Хуучин магнитофоны толгой элэгдэж найдваргүй бичдэг болдгоос шинийг авсан хэрэг.
"Оч-2" - Монголын анхны компьютер
СТГ-т үүрэгт ажлаа хийх, чөлөөт цагаараа микрокомпьютертэй зууралдахын зэрэгцээ өвлийн улиралд ээлжээ урьдчилан орой гарахаар зохицуулаад 11 дэх өдөр бүр үхэр хариулна. Учир нь манайх тугалтай 2 үнээтэй байсан тул тэр хавийн малтай 10 айлтай тохирч үхрээ нийлүүлж Туулын хөвөөгөөр бэлчээдэг байлаа. Yхэр хариулах нь цаг алддаг ч, би ном дэвтэр өвөртлөөд явдаг байсан тул үхэр тууж явахдаа герман, англи хэл үзэх, ганцаар ярих дадлага хийхийн зэрэгцээ, үхрүүдээ хагд ихтэй, цас багатай газар олоод оруулчихвал харьцангуй удаан тогтох тул мэргэжлийн номноосоо хэдэн хуудас уншиж амждаг байлаа.
Нэгэн үе явсан газартаа ямар нэгэн төмөр, эрэг боолт, утас, транзистор, чип, схем, тайлбар, тооцоотой ном гэх зэргийг хайж явдаг, авч болно гэвэл авч амбаартаа ялгаад хураачихдаг байв. Деталиудыг жижгийг төрлөөр нь шүдэнзний хоосон хайрцаг олон арваар нь хооронд нь нааж хаяг хадаад олон нүдтэй болгосон саванд агуулдаг байлаа. Эхний Оч машины деталиуд цөм шинэ, сүүлийн машиных ихэвчлэн хаягдал материалаар хийгдсэн. Тэжээлийн блок, гарын коннекторууд гэхэд актлагдсан САМ салбарын табулятор машинуудаас авагдсан байв.
"Оч-2" компьютерын CPU буюу процессор
Тухайн үед Статистикийн төв газрын Шинжлэх ухаан, техникийн нэгдсэн зөвлөлийн дарга нь дэд доктор Д.Лувсандорж, Тооцоолон бодох төвийн дарга Х.Бажийхүү, Тооцоолох техникийн засварын газрын дарга нь И.Жүгдэрнамжил нар тус тус байлаа. Тэд биднийг ШБОС-84-д бүтээгдэхүүн тавих гэж байгаад их баярлаж, хэрэгтэй зүйл юу байна гэж асуун материал, багаж гаргаж өгөх, ажлаас чөлөөлөх зэргээр чадах ядахаараа дэмжиж байсан юм. ТБТ-ийн инженерүүд О.Батсүхийн ажлыг бүрэн даасан бөгөөд, миний болон Толягийн ажлын нэлээдийг хувааж үүрцгээсэн нь талархаж баршгүй. Yзэсгэлэн дууссаны дараа зөвхөн биднийг шагнасан нь нэг талаар баярлууштай ч, нөгөөтэйгүүр боломж олгосон нөхөддөө өртэй үлдсэнийг маань тод мэдрүүлсэн үйл явдал байв.
Төр, засгийн газрын удирдагчид үзэсгэлэнг үзэх үед СТГ-ын дарга агсан доктор Д.Загасбалдан өндөр сэтгэгдэлтэй байсан нь санаанд тодхон санагдана. ШБОС-84 үзэсгэлэнг хаахад бүтээлүүдийг байр эзлүүлж зохиогчдод шагнал олгосон ба “Оч” машины зохиогчид хүрэл медаль хүртэв. Энэ үеээс хойш О.Батсүх ... нар “Оч” нэртэй микрокомпьютер хийсэн гэгдэхээсээ, Статистикийн төв газрын Тооцоолон бодох төвийн инженерүүд компьютер бүтээсэн гэж яригдаж эхэлсэн нь биднийг өчнөөн дэмжсэн байгууллага, хамт олныхоо нэр хүндийг өргөхөд зүтгэл маань бага ч атугай нэмэр болж хэмээн сэтгэлд хуримтлагдсан өр өчүүхэн төдий ч атугай нимгэрч, баярлах сэтгэл төрдөг болж билээ.
Оч машиныг угсарч эхэлж байхад миний хувьд дээд сургуулийн нэг ангийн нөхөд, надаас нэг ангийн урд төгссөн О.Батсүхэд ХПИ-ийн нэг мэргэжлийн оюутан дүү нар болох С.Ганбаатар, А.Батмөнх нар очиж хийж байгаа зүйлтэй маань танилцдаг байсан бөгөөд бидний цуглуулсан зарим деталь, ном, бусад материал оролцуулаад өөрсдөө тус бүр контроллер бүхий ямар нэгэн зүйл сэдэн хийж эхэлж байснаа тун удалгүй тэднийгээ угсарч ажиллуулсан төдийгүй, бүр дуусгаад үзэсгэлэнд тавьж амжсан юм. С.Ганбаатар телефон утсаар мэдээ дамжуулдаг контроллер, А.Батмөнх програматор хийж танилцуулсан нь аль аль нь тухайн ангилалдаа улсын хэмжээнд анхдагч бүтээлүүд байв.
Оч ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
1. Микропроцессор болон их интеграцийн чип дээр хийгдсэн мэдээллийн техник найдвартай ажиллагаатай, овор багатай, эрчим хүчийг мэйнфрэймтэй харьцуулбал өчүүхнийг хэрэглэдэг, бөөнөөр үйлдвэрлэхэд манайд ч боловсон хүчин байна гэдэг тодорхой болов.
2. Монгол улсад Минск-32, ЕС-1040 машинаас дутахгүй хүчин чадалтай компьютер үйлдвэрлэж болохыг өөрсөддөө, мэргэжилтнүүдэд, төр, засгийн удирдлага, зах зээлд мэдрүүлсэн. Учир нь микропроцессор, өндөр интеграц бүхий элементтэй ЕС-1010М машинд хүчин чадлын хувьд Минск-32-оос дутах зүйл огт байгаагүйгээр барахгүй, харин илүү байв.
3. Бидний ажил зарим мэргэжилтнийг зоригжуулсан, нэлээдийн хор шарыг хөдөлгөсөн нь сайн зүйл байв. Бидний цуглуулсан унших материал, схемүүд, технологи эрэлт ихтэй болов. Статистикийн газарт гэхэд инженер-электроникч Ч.Сэмжидмаагийн баг цаг хийж, 1986 онд СТГ-ын инженер П.Төмөрбаатарын баг (Бидний дундаас О. Батсүх, Мягмарсүрэн, Дашцэрэн нар бүтээлцсэн) Пионер компьютер бүтээж, Хэнтий аймгийн статистикийн хэлтсийн мэргэжилтэн Дорждэрэм микрокомпьютер хийж, статистикийн ажилд ашигласан, инженер-электронч Т.Алагсай их багтаамжтай тогтмол санах ойн програматор хийж найдвартай ажиллуулсан зэрэг нь оч бадарч эхэлсний баталгаа байсан билээ.
Пионер компьютер
Микропроцессорын элементүүд халаасалж, чип, схем, програм сурагласан маш олон залуучууд бий болсон. Бид зөвхөн өөрсдөө очийг гал болгох бус, мэргэжлийн төдийгүй, мэргэжлийн бус иргэд маань гал болгон өрнүүлсэн юм. Баянмонгол хамтлагийн техникч Энхбаяр хөгжмийнхөө нэг функцийг компьютерээр удирдах микропроцессор олж өгнө үү гэсэн нь ярианы зугтах бус баярлах сэдэв байлаа. Эрдэнэтийн УБК-ийн инженер Ч.Давааням (Петровис ХХК-ийн тэргүүн дэд захирал. 2004 оны байдлаар) бас нэг микрокомпьютер угсарсан байсныг харж хөдөө байсан атлаа ийм олон төрлийн деталь бүрдүүлж угсралт хийсэн, багагүй материал уншиж амжсанд нь гайхан биширч билээ. Монел фирм байгуулах шийдвэр гарсан, олон зуун компьютерүүд үйлдвэрлэсэн, дараа нь тоглоомын хэрэгслүүд гэх мэт ОЧ өрнөж билээ. Өнөө үеийн халивын (отвёртка) тусламжтай компьютер угсардаг явдал Оч-ийн үргэлжлэлийн хялбар хувилбар боловч,өнөөгийнхөөр электрон үйлчилгээнд хандах ажлын универсаль байр Оч-ийн зорилт байсан билээ.
Тайлбар
Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Монгол улсын хэмжээнд анхны компьютерийг ШУА-ийн Физик-техникийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд, П.Төмөрбаатарын бригад, Монел фирм, ШУТИС-ийн КТМС-ийн зарим багш нар хийсэн гэсэн мэдээлэл гардаг нь ташаа юм. КТМС-ийн багш нар гэсэн нь огт үндэсгүй зүйл бас биш, доктор А.Батмөнхийн 1984 онд зохиосон програматор (компьютер биш) мөн адил микропроцессор 8080 дээр хийгдсэн байсан билээ. Статистикийн төв газрын инженер агсан П.Төмөрбаатарын бригад (П.Улаанхүү (Улсын их сургуулийн инженер, 1990 оноос Улсын бага хурлын гишүүн асан), С.Ганбаатар (Ус, цаг уурын институтийн Тооцоолох төвийн инженер-электронч асан, Инкомнет ХХК-ийн захирал), Эрдэнэбаатар (Техникийн их сургуулийн багш асан, ШУТИС-ийн ректор, доктор, профессор), Төрбат (Монгол телевизийн инженер асан, Топмебель ХХК-ийн захирал), О.Батсүх (Статистикийн төв газрын инженер-электроникч асан), Мягмарсүрэн (ЗТО-ны багш асан), Дашцэрэн (Ардын армийн ...-р ангийн инженер асан), Ж.Пүрэв (Статистикийн төв газрын програм зохиогч асан, МУИС-ийн багш, доктор) нар)-ын 1986 онд 6502 процессорт суурилж бүтээсэн Пионер компьютер, дисплей, уян дискийн байгууламжтай тул жинхэнэ компьютер, тэгэхлээр анхных гэдэг ч аль аль нь аргагүй компьютер тул 2 жилийн өмнөх нь анхных байж таарна. Монел фирмийн угсарсан компьютерүүдэд 001-ээс эхлэн дугаар өгсөн байдаг ба 001 дугаартай компьютер Хүрэлтогоот дахь одон орны судлалын хүрээлэнд одоо ч байдаг ба үүнийг харсан хүмүүс Монгол улсын анхны компьютер гэж андуурдаг. Энэ нь “Оч”-ийг бүтээсэн 1984 онтой харьцуулбал нэлээд сүүлд буюу 1989 оноос үйлдвэрлэж эхэлсэн Монел компьютерүүдаас өмнө юм.
No comments:
Post a Comment