Монголд өнгөт телевизор үйлдвэрлэсэн тухай мэдээ гаргах гээд 1982 онд ЗХУ-ын нэгэн томоохон сонины редактор ажлаасаа халагдах сануулга авсан тухай мэдээлэл байдаг. Тухайн үед манай ШУА-ийн Электроникийн төвд зөвхөн телевизор бус компьютер угсардаг байсан аж. Энэ тухай ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн дэд захирал Ш.Ялалттай ярилцлаа. Тэрээр 1945 онд Улаанбаатар хотод төрсөн. Харьковын Политех¬никийн дээд сургуулийг Автомат теле-механикийн дээд сургууль, Болгар Улсын Софи хотын цахилгаан техникийн дээд сургууль төгссөн. “Дижитал телевизийн системийн тусламжтайгаар хөдөлгөөнт биеийг илрүүлэн шинжлэх нь” сэдвээр эрдмийн цол хамгаалсан. Түүнчлэн Монгол, Болгар, ОХУ-ын улсын шинэ бүтээлийн гэрчилгээнүүдтэй юм билээ.
ГУРВАН САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ ПЛЁНКИЙГ ҮНЭГҮЙ АВСАН
-Анх комьютер бүтээх санаа хэрхэн төрсөн бэ?
-Гадаадад сурч байхдаа компьютер гэж гайхамшигт эд байдаг. Түүнийг хийж болох юм байна гэдэг сэтгэгдэлтэй болсон. Тэгээд энд ирээд санаагаа хэлтэл дарга нар “ЗХУ, АНУ хоёроос өөр хийдэг газар байхгүй байхад Монголд хийнэ гэдэг чинь бүтэхгүй” гэж дургүй хүргэсэн. Тэгээд л улам их зүтгэсэн дээ.
-Эд, анги гээд чухал зүйлс хэрэг болно биз дээ?
-1982 он гэхэд зөвхөн Орос, Америк хоёр ч дангаараа хийгээд байсан юм биш л дээ. Тухайн үеийн социалист орнууд хийж эхэлсэн үе. Би Болгарт сургууль төгссөн. Тэр үед технологи тодорхой, онолын хувьд мэдлэгтэй болчихсон үе. Дарга нар л мэдэхгүй дээ үл итгээд байсан болохоос бидний хувьд эд ангиуд нь байвал угсраад тавьчих эд байхгүй юу. Эд ангиудын хувьд гэвэл би Болгарт сурч байхдаа багш нар сэм өгсөн жаахан юмнуудыг аваад ирсэн. Дээр нь манай ОХУ-д сурч мэргэжил дээшлүүлэхээр явсан гурван залуу бас багагүй юм халаасалж ирсэн. Ерөнхийдөө угсрахад бараг бэлэн болсон.
-Тэрийгээ дарга нартаа хэлдэггүй юм уу?
-Хэлсэн гэхдээ хамгийн чухал зүйл нь байхгүй болохоор хөрөнгө шаардлагатай байсан.
-Тэр юу вэ?
-Хамгийн чухал зүйлийг нь чамд плёнк гээд ойлгуулчихъя даа. Тэр нь байвал бид хэлэхгүй угсраад үзүүлсэн ч болох байсан юм. Даанч тэр нь дэндүү үнэтэй. Социалист оронд гурван сая ам.доллар гэдэг тухайн үедээ дэндүү том мөнгө байхгүй юу. Тэрэнд л гацаад байгаа юм.
-Даргадаа ойлгуулж чаддаггүй юм уу?
-Дарга нар ойлгох нь бүү хэл, олоод ирсэн хүнийг шийтгэж байгаа байхгүй юу.
-Хэнийг тэр вэ?
-Академийн ерөнхийлөгч байсан Б.Чадраа гуайг.
-Чадраа гуай тэнд ямар хамаатай юм?
-Манай салбарын дарга байсан юм. Тэгээд нэг сая ам.доллараар тэр плёнк хийдэг төхөөрөмжийг авчихсан чинь буруудаад таслагдсан.
-Компьютер хийх гээд шоронд орж байгаа юм уу?
-Яахав дээ. Тэр үед буруутгах юмаа юухнаар ч буруутгаж болдог байсан. Бас нэг нөхрөөр тодорхой газар изотоп булуулчихсан байсан чинь нөгөөдөх нь алга болсон гэх мэт янз бүрийн юм нэмж байгаад таслаад явуулчихсан. Хоёр жил шахам суусан байх шүү.
-Одоо цагаадсан уу?
-Цагаадсан байлгүй дээ. ШУА-ын ерөнхийлөгч, УИХ-ын гишүүнээр сонгогдсон биз дээ.
-Тэгээд плёнк байхгүй гацаад юу болсон?
-Эхлээд бид Болгарт очоод багш нартаа учраа хэлсэн. Гэтэл нөгөөдүүл чинь технологи үзэж болно. Гэхдээ нэг өрөөнд ороод үзэг, цаасгүй зүгээр л толгойдоо санаж авахыг зөвшөөрсөн. Хэдэн арван боть ном шиг юмыг хэдхэн хоног ажлын цагаар бид тогтоох боломжгүй шүү дээ.
-Чадсан уу?
-Чадсан
-Яаж?
-Зузаан хавтаснуудын эхний хэдхэн хуудас нь чухал байдаг юм. Би гурван залуутайгаа тэр хуудсуудыг дөрөв, дөрвөөр хувааж аваад цээжилнэ. Орой очоод хоолноос өмнө мартаагүй дээрээ хурдан буулгаж авна.
-Хэр их юмтай ирэв?
-Ерөнхийдөө бүх юмаа авсан.
-Ерөнхийдөө гэдэг нь?
-Биднийг тагнадаг байсан юм билээ. Нэг өглөө яараад, ширээн дээрээ харандаа, баллуураа мартсан байсан. Тэгсэн чинь орой иртэл бидний буулгасан зүйлээ хийдэг байсан, нууц кодтой чемоданыг онгойлгох гэж оролдсон байсан. Тэгээд шууд л Болгарт суугаа Монголын элчиндээ аваачиж хадгалуулсан. Ерөнхийдөө ажил зогссон гэхдээ үлдсэн технолгийг бид мэдэх байсан болохоор тэгсгээд буцсан.
-Нөгөө плёнкоо яаж олсон бэ?
-Сүүлдээ дарга нар ойлгож эхэлсэн. Тэгээд намайг Болгар явуулсан. Тэр үед Болгар улс гурван сая ам.доллараар плёнкны технологийг худалдаад авчихсан байсан. Манай багш нар томроод Болгарын ШУА-ийг эзэлчихсэн байсан.
-Багш нар чинь тусалсан юм уу?
-Хаанаасаа хаалгач нь нэмэр болохдоо илүү гэдгийг тэгэхэд мэдэрсэн. Төр засаг ярьж болохгүй байсан юмыг бид л бүтээж чадсан. Болгарын ШУА-ийн ерөнхийлөгч манай улсад айлчлахад би газарчилсан. Надад баярлаад “Чамд нэг удаа тус болно” гэж амласан юм. Тэдний академийнхан толгой цусдана гээд плёнкны тухай сонсохыг ч хүсэхгүй байсан. Би ямар ч байсан эцсээ хүртэл яваад үзье гээд ерөнхийлөгч дээр ороод шууд хэлчихсэн.
-Тэгээд л өгчихөж байгаа юм уу?
-Бид амар мэндээ мэдэлцээд, нутаг орны тухай товчхон ярилцсан. Тэгээд зовлонгийн түргэн гэгчээр шууд л хэлээд тавьчихсан. Гэтэл царай нь минчийгээд, хүрэнтээд аймаар болсон. Нэг хэсэг үг ч дуугарах чадалгүй болсон. Тэгээд цаад өрөөндөө ороод арваад минут болсоны дараа гарч ирээд утсаар ярьсан. Тэгэхэд нь л өгөхөөр шийдсэнийг мэдсэн. Бүр хамгийн сайныг нь шүү.
МОНГОЛЫН “MONEL” ЯПОНЫ “JVC”-ГИЙН САЙЖРУУЛСАН ЗАГВАР
-Хэдэн онд бүх юм бэлэн болов?
-1980 онд бэлэн болсон.
-Хэдэн оноос компьютер угсарч эхлэв?
-1982-1987 он хүртэл 800 компьютер угсарсан.
-Хаана өгдөг байсан юм бэ?
-Анх их, дээд сургуулиудад компьютерийн сургалтын кабинетиудыг нээхэд ашигласан.
-Хаана угсардаг байсан бэ?
-ШУА-ийн харьяа Физик технологийн хүрээлэн дээр байгуулагдсан Электроникийн төв гэж байсан. Тэнд бүх үйл ажиллагаа явагддаг байсан. Энэ суурин дээр “MONEL” гэдэг улсын үйлдвэр байгуулагдсан.
-“MONEL” телевизорыг өдөрт хэдийг угсардаг байсан бэ?
-Өдөрт 100-200 ширхэгийг угсардаг байсан. Нийтдээ 20 гаруй мянган телевизор угсарсан тооцоо байдаг.
-Эд ангиа хаанаас авдаг байсан бэ?
-Японы “JVC” компаниас авдаг байсан.
-Шууд телевизорыг нь авч болоогүй юм уу?
-Анх тэгэх гэж оролдсон. Гэтэл нөгөөдөх нь гардаггүй ээ. Хотын төвд зүгээр. Жаахан холдохоор таг.
Өмнөговьд хоёр, гурван телевиз шатаад бөөн юм болсон.
-Яагаад?
-Японд сигналын түвшин өөрчлөгдөнө гэдэг ойлголт байхгүй. Манайд бол хэдхэн километр өөрчлөгдөхөд дуу, дүрс гарахгүй. Өмнөговьд болохоор дизель станц дэндүү их хэлбэлзлэлтэй цахилгаан гаргана. Тэгээд л нөгөө телевизоруудыг шатаагаад хаячихаж байгаа юм. Тэнд чинь цахилгаан нь 150-300 вольт хүртэл савлагаатай. Японд ямар ч өөрчлөлтгүй 220 вольт л байдаг.
-Та нар япон телевизийг сайжруулж, нутагшуулсан гэсэн үг үү?
-Тийм. Монголын “MONEL” телевизор чинь Японы “JVC”-гийн сайжруулсан загвар шүү дээ.
-Японы инженерүүд та нарт шавь ороогүй юу?
-Тэр нь ч юу юм бэ. Тэгэхдээ өндөр үнэлсэн шүү.
-“MONEL” хэдэн ажилтантай байсан бэ?
-300 гаруй. Тэднээс 100 нь инженер. Одоо энэ электроник программ хангамжийг тэргүүлж байгаа компани, мэргэжилтнүүд чинь дандаа манайд ажиллаж байсан хүмүүс шүү дээ.
-Үйлдвэрлэл яагаад зогсов?
-Бидний менежмент дутсан зүйл бий. Төрөөс мөнгө өгөх боломжгүй болсон. Бид үнээ нэмэх сонирхолгүй байсан. Тэр үед инфляц өндөр байсан. Өнөөдөр арван мянга байсан юм маргааш хорин мянга болно.
-Одоо үйлдвэрийн бааз суурь нь хаана байна?
-Дуудлагаар хувьчилсан. Угсралтын шугам хэвээрээ байгаа, гэхдээ “Номин” компанийн мэдэлд. Үйлдвэрийг бол дампууруулсан гэсэн.
-Одоо монголчууд цахилгаан бараа үйлдвэрлэх боломж байна уу?
-Дэлхийн цахилгаан барааны үйлдвэрлэлийн ихэнх нь Ази тив рүү шилжиж байна. Бид хямд, чанартай барааны үйлдвэрлэлээр л өрсөлдөх боломжтой.
ЗАЛУУСТ ДӨРВӨН МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ЦАЛИНТАЙ АЖИЛ БЭЛЭН БАЙНА
-Бидэнд тийм боломж бий юу?
-Байгаа. Ялангуяа сийрэг толгойтой монголчуудад бүр их байна. Бид программ хангамж, бичил электроникоор дэлхийд өрсөлдөх бүрэн боломжтой.
-Биднээс Программ хангамжийн бүтээгдэхүүнийг хэн авах вэ?
-Хэн ч авна. Жишээлбэл, Энэтхэгчүүд жилд хэдэн тэрбум ам.долларыг америкуудаас салгаж байна. Энэ бүхнийг хийхэд компьютер, цаас, харандаа, толгой л байхад болно. Өөр ямар ч хөрөнгө оруулалт хэрэггүй. Америк, Японоос захиалгаа аваад цагт нь нийлүүлээд мөнгөө авчихна. Маш хялбархан ажил байхгүй юу.
-Монголд мэргэжлийн хэдэн хүн байна?
-Яг хэд байгааг хэлж мэдэхгүй байна. Арван мянган хүн байхад Оюу толгойгоос хамаагүй илүү ашиг олно.
-Энэ чиглэлээр манайд маш олон мэргэжилтэн байгаа биз дээ?
-Тоо яах вэ. Чанар гол нь байхгүй юу. Манай сургалтын түвшин доогуур байна. Дээр нь манайхан чинь цагийн юмыг цагт нь хийж сурахгүй байна. Нэг захиалга авдаг, цагт нь өгөхгүй бол дахиад хэзээ ч захиалга ирэхгүй.
-Сайн мэргэжилтэн байвал гадныхан захиалга өгөх үү?
-Өгөлгүй яахав. Нэг их биш ч гэсэн одоо захиалга ирж байгаа. АНУ-д ажиллаж байгаа сайн программистууд наашаа ажил явуулж байна.
-Ажлын хөлс ямар байдаг бол?
-Программ хангамжийн инженерүүд АНУ-д сард 20-30 мянга, Энэтхэгт 8-10 мянга, Монголд дөрвөн мянга орчим ам.доллар байдаг. Гэхдээ программ хангамжийн сургалтын түвшинг дээшлүүлэх хэрэгтэй.
МОРЬ ШИНЖЛЭХ УХААНААС ҮНЭТЭЙ БОЛЧИХООД БАЙНА
-Эрдэмтэд өндөр ашигтай төсөл бэлэн гэдэг. Мөнгөө үржүүлэх гэсэн бизнесменүүд их байдаг. Үйлдвэрлэл хөгжихгүй шалтгаан юунд байна?
-Одоогийн ШУА 1970-1980 оныхтой харьцуулахад их муудсан. Хөрөнгөнөөс шалтгаалж тэнд сайн эрдэмтэд тогтохгүй байна. Гэхдээ манай академид мэдээллийн хуримтлал, өөрөөр хэлбэл том банк бий. Үүнийгээ бид зөв ашиглах хэрэгтэй. Чингис хаан оюуныг үнэлдэг байсан учраас улс орон хүчирхэг байсан. Жишээлбэл: нэг хонийг ч юм уу, нэг модыг арав болгодог технологи байна гэж бодъё. Гэтэл нэг моринд жийп авч өгч байгаа бизнесмен нэг технолгид 15 сая төгрөг хаяхгүй байна шүү дээ.
-Тэд ашиг харна биз дээ?
-Тэгнэ.
-Танд ашигтай санал байна уу?
-Надад нүүрсээр тэжээгддэг арван сая төгрөгийн цахилгаан станц бэлэн байна. Мянгат малчин хэдэн арван саяар машин унаад л давхиж байна шүү дээ.
-Малчинд ямар ашигтай юм бэ?
-Нэг айл дунджаар нэг кв цахилгаан хэрэглэдэг. Тэгвэл бэлэн 5-10 кв-ийн нүүрсээр ажилладаг станц хөдөө юуг л бол юуг хангана биз дээ. Зуун мянган нарны гэрэл гээд хэдэн тэрбум төгрөг хаясан үр дүн нь юу байна. Хоёр жил хүрэхгүй таг болсон. Зурагтаас өөр юм үзэж чадахгүй хүүхдийн тоглоомонд тийм их мөнгө цацсан. Тэгвэл энэ станцаар цахилгаан тулга, индүү угаалгын машин, халаагуур гээд бүх хэрэгслийг хаана ч ажиллуулах боломжтой юм. Хамгийн гол нь нүүрсээр ажиллана гэдэг чинь манай хөдөө тохиромжтой байгаа биз дээ.
-Энэ ид шидтэй станц маань өдөрт хэдэн шуудай нүүрс хэрэглэх бол?
-24 цагт хоёр шуудай орчим л болно биз дээ.
/Өдрийн сонин, 2011.10.14, Сэтгүүлч: Х.Баттөгс/
No comments:
Post a Comment