Tuesday, June 17, 2014

Н.Зоригт: Хүүхэд залуусдаа зориулсан чанартай, загварлаг пүүзийг удахгүй үйлдвэрлэнэ.

Үндэсний үйлдвэрлэгч байна гэдэг маш том үйл хэрэг мөн эх орондоо оруулж буй асар том хувь нэмэр билээ. Хос Аз гэвэл Монгол Улсын хүчний байгууллагууд андахгүй. Учир нь дотооддоо цэрэг, цагдаа гээд хөдөлмөр хамгааллын гутлыг үйлдвэрлэдэг компани юм. Чанарын шаардлага, эрүүл ахуйд нийцсэн бүтээгдэхүүнээрээ танигдсан Хос Аз компаний захирал Н.Зоригтыг энэ удаагийн Баялаг бүтээгч буландаа урьж оролцууллаа.
-Та өөрийгөө уншигчиддаа товч танилцуулахгүй юу?
-1982 онд Чех улсад гутлын сургууль төгссөн. Дизайнер мэргэжилтэй. 1982-1997 оны хооронд Гутал ХК-д ажиллаж байсан. Энэ хугацаанд гутлын үйлдвэрийн зохион бүтээгч, ерөнхий зохион бүтээгчээр ажиллаж байлаа. 1992 оноос эхэлж манай гутлын үйлдвэр дээр Италийн тусламжтайгаар шинэ үйлдвэр баригдахад үйлдвэрийн даргаар ажиллаж байлаа. 1997 онд хувьчлал эхэлж хувийн үйлдвэрээ анх байгуулж байсан. Тухайн үед нэг сайн оёдолчин, хоёр гуталчинтай, өөрөө загвараа зохион бүтээдэг байсан даа.
-Анх үйлдвэр байгуулаад ажиллаж эхлэхэд худалдан авагчдаа хаанаас олдог байв. Нийгмийн амьдрал тийм ч сайнгүй байсан үе шүү дээ?
-Тэгэлгүй яахав нийгмийн амьдрал тийм ч сайнгүй ганзагын наймаа л эхэлж байсан үе шүү дээ. Тухайн үед цөөхөн гутал үйлдвэрлэдэг байсан учраас өндөр үнэтэй хийж хувь хүмүүст зардаг байсан. Тэгээд таван жилийн дараа ажилчдын тоо 20 болж өссөн. Тэр хүмүүсээ тэжээхийн тулд дан ганц захиалга хүлээх нь өөрөө хүлээгдсэн зах зээл болсон учир үүнийг халах ёстой гэж шийдсэн.
Тэгээд Монгол Улсад байсан үйлдвэрийг дахин сэргээхийн тулд өөрийн үйлдвэрээ байгуулсан. 2005 онд үйлдвэрийн байраа өргөтгөсөн. Манайх одоо дөрвөн цехтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Эсгүүр, оёдол, ул боловсруулах, гүйцэтгэх цех гэсэн дамжлагатай, мөн загвараа компьютерийн тусламжтайгаар гүйцэтгэдэг болсон. Ингэснээр хөдөлмөрийн бүтээмж 100 хувь нэмэгдсэн гэж хэлж болно.
-Танай үйлдвэр ямар төрлийн гутал үйлдвэрлэдэг вэ?
БХЯ, ЦЕГ, ХХЕГ, ШШГА, ОБЕГазрын офицер, албан хаагчдын гутал хөдөлмөр хамгааллын тусгай зориуллалттай гутал, уул уурхайн салбарын ажилчдын гутал эзэлж байна. Цагдаа цэрэг, уул уурхайн салбарын гутлыг хийгээд байхад манай үйлдвэрийн хүчин чадал хангалттай хүрэлцэнэ.
-Өөр цаашид ямар төрлийн гутал үйлдвэрлэхээр төлөвлөж байна?
-Монголын хүүхдүүд дандаа пүүз өмсдөг болчихож. Бид нар гурван жил судалгаа хийж үзлээ. Монгод 6-18 насны хүүхдүүдийн 90 гаруй хувь нь пүүз өмсдөг. Хятадад үйлдвэрлэсэн хамгийн хямд, хиймэл материалаар хийсэн. Үүнээс ямар үр дагавар үүсэх үү. Хоолой, бөөр өвдөнө, дотор эрхтэний сулралтай, арьсны төрөл бүрийн харшилтай болж байна шүү дээ. Ирээдүйд эх орноо авч явах хүүхдүүд маань эрүүл мэндийн хувьд асуудалтай болж байна гэдгийг харсан.
Малчдынхаа махыг идэж байгаа байж баярлалаа гээд хэлчих сэтгэлтэй байх хэрэгтэй. Миний хамгийн эхний зорилго бол малчид, ирээдүй болсон хүүхдүүддээ л чанарын шаардлага, эрүүл ахуйд нийцсэн гутал хийхээр төлөвлөж байна. Энэ хэдий хямд зах зээл ч гэсэн хэн нэгэн хүн тэдэнд зориулж үүнийг заавал хийх ёстой. Энэ бол зүгээр эх оронч сэтгэлгээ юм.
-Малчид, хүүхдүүддээ тусалсны ач тусыг та юу гэж харж байна вэ?
-Энэ хүмүүсдээ тусалснаар малчид дулаан гуталтай, хүүхэд багачууд маань эрүүл ахуйн шаардлага хангасан гуталтай болж ядаж л эрүүл байна. Малчид маань өөрсдийн малын үр шим нь өөрсдөд нь зориулагдаж байгаад бахархана. Хүн хийсэн юмаараа бахархана гэдэг хамгийн сайхан. Ингэснээр хөдөлмөрийн харилцаа, цикл үүснэ гэсэн үг шүү дээ.
-Шинэ үйлдвэрийнхээ өргөтгөлийн талаар танилцуулбал?
-Шинэ үйлдвэртээ өдөрт 1000 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. Жилдээ 100 мянган гутал хийнэ гэсэн үг л дээ. Тэр гутлынхаа талыг нь малчиддаа, үлдсэнийг нь хүүхдүүддээ зориулна гэсэн зорилттой байгаа. Цагаан сар гэхэд энэ төлөвлөгөөгөө биелүүлэхээр ажиллаж байна.
-Хүүхдүүдэд зориулж пүүз үйлдвэрлэх талаар та ярьж байсан шүү дээ?
-Nike, Adidas зэргийн загварийн хэмжээнд цэвэр арьсаар хийсэн пүүз үйлдвэрлэж өгөх зорилготой байгаа. Ердийн ботинк өмс гэж шахахын оронд эрүүл ахуйн шаардлага хангасан, загвар сайтай пүүзийг үйлдвэрлээд өгвөл хэрэгтэй шүү дээ.
-Пүүзээ хэзээнээс үйлдвэрлэж эхлэх вэ?
-Энэ бол хөрөнгө мөнгөний л асуудал. Түргэвчлэе гэвэл зээл авах шаардлагатай. Загвар, техник технологи зэргээ бид бүгдийг нь туршаад шийдчихсэн. Удахгүй хүүхдүүд маань эх орондоо үйлдвэрлэсэн эрүүл ахуй шаардлага хангасан, цэвэр арьсан пүүзийг өмсөх болно.
-Хөдөлмөр хамгааллын гуталд тавигдах стандарт гэж байдаг уу?
-Европ, Канад, Австри гэсэн гурван төрөл байдаг. Ихэнхи тохиолдолд Канад, Америк стандартыг мөрдөж байна. Учир нь тэр улсуудад уул уурхайн салбар өндөр хөгжсөн тул ажилчдын хувцас хэрэглэлийн талаар арвин их туршлагатай. Гэхдээ тэр стандарт Монгол улсад арай өөр. Эх орондоо тохирсон хөдөлмөр хамгааллын гутлыг үйлдвэрлэж байна. Цохилтоос хамгаалах төмөртэй, давхар эсгий ултай, эсгийн дүүргэвчтэй, ус чийгэнд нэвтрэхгүй байдлаар өөрсдийн туршлагаар үйлдвэрлэж байна. Онцгой байдал, Цагдаагийн ерөнхий газар манайхаас байнга гутлаа авдаг.
-Тоног төхөөрөмжийн хувьд ямар байна вэ?
-Италиас авсан тэр үйлдвэрийн тоног төхөөрөмжөө үйл ажиллагаагаа явуулж байна. Ер нь тоног төхөөрөмж хуучирна гэсэн ойлголт байдаггүй. Зүгээр эвдэрч л болно. Зарим үйлдвэрүүд 1930-аад оны тоног төхөөрөмжөөр гутал үйлдвэрлээд болоод л байна шүү дээ.
-Бараг гутал болгон арьсан гээд л лангуун дээр зарагдаад байна. Түүнийг жирийн иргэд хулхи, ориг гэдгийг нь ялгах боломж байдаг юм уу?
-Тэрийг жирийн хүн хараад мэдэх арга байхгүй. Жилд дэлхийн хэмжээнд 22-23 тэрбум гутал үйлдвэрлэгддэг. Тэр зах зээлийн 50 орчим хувийг Хятад дангаараа үйлдвэрлэдэг. Дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа нийт гутлын 7-8 хувь нь л цэвэр арьсан гутал байдаг. Хятадад үйлдвэрлэсэн цэвэр арьсан гутал 12-40 мянган юань. Бид нар 200 юанийн л гутал худалдан авч байна шүү дээ.
-Бренд гэж таны бодлоор ямар ойлголт вэ?
-Бренд гэдэг бол их мундаг дизайн, асар их мөнгөөр гарч ирдэг ойлголт шүү дээ. Уйгагүй рекламдаж байж л гарч ирдэг ойлголт шүү дээ.
-Дэлгүүр хэсэх дуртай юу?
- Дуртай таашаал авдаг гэхүү дээ. Хаана хулхи бараа байна. Алхаж явахдаа боддог. Манай монголчууд ийм юм ч өмсөх гэж дээ гэж их шаналдаг. Тэндээс л эх оронч сэтгэлээ олж авч эх орондоо гутал үйлдвэрлэх ёстой гэдгээ илүү их мэдэрдэг шүү.
-Чанартай гутал үйлдвэрлэхэд түүхий эд чухал шүү дээ?
- Мэдээж чанартай гутал үйлдвэрлэх хамгийн чухал зүйлийн нэг бол чанартай түүхий эд. Гутал гэдэг чинь хүний хөлд зориулагдсан эд. Хүнийг хөлийг гадны гэмтлээс хамгаалахаас гадна хөлийг дааруулахгүй байх үүрэгтэй шүү дээ. Тэгэхлээр тухайн гутал хүний биеийн анотомид бүрэн нийцсэн байх шаардлагатай.
-Түүхий эдээ дандаа гаднаас авч байна уу?
-Арьсаа дотроосоо тэгээд дотоод үйлдвэрлэх боломжгүй каучукан ул, жижиг дагалдах хэрэгслүүд зэргээ гаднаас авч байна. Хэрвээ тэр бүгдийг дотооддоо үйлдвэрлэдэг бол хэн ч гадны бүтээгдэхүүн авахыг хүсэхгүй шүү дээ.
-Нэг үеээ бодвол үндэсний үйлдвэрлэл бий болж байгаа нь сайшаалтай зүйл. Гэхдээ иргэдийн эдийн засгийн боломжгүй учраас Хятадын хямд бараа сонгоод байх шиг?
Англи хүний хэлсэн үг байдаг л даа. Нэг юмыг хоёр авдаг баян бишээ гэж хэлсэн байдаг. Хөдөөгийн малчид хэлж байна “Дотоодоос авсан нэг гутал дороо урагдчихдаг. Тийм гутал авснаас Хятадын хоёр гурвыг аваад холиод солиод өмссөн нь илүү дээр” гэж хэлэх хүмүүс олон байна. Үндэсний үйлдвэрлэл хөгжиж байгаа ч бас л хулхи зүйл хийгээд байгаа нь үүний шалтгаан нь болов уу. Эх орондоо үйлдвэрлэж байгаа бол чанартай байх ёстой шүү дээ.



Н.Зоригт: Хүүхэд залуусдаа зориулсан чанартай, загварлаг пүүзийг удахгүй үйлдвэрлэнэ.

No comments: