Wednesday, October 16, 2013

Шинэ бүтээл

Ш.Алтангэрэлийн дүү Ш. Түвдэндорж 1990 оны ардчилсан хувьсгалын зоригт партизан ах нарынхаа дурсгалд зориулж энэхүү бүтээлээ эрх, эрхийн философи, Үндсэн хуулийн асуудлаар судалгааны ажил болон сонирхон судлагч оюутан, хэн бүхэнд зориулж бүтээжээ.
Аливаа улсын хууль, эрхийн баримт бичиг, тэдгээрийн ур хийц, хэл найруулга, хэрэглэж байгаа үг хэллэг, нэр томъёо, зохицуулж буй харилцаанаас тухайн улс үндэстний хөгжлийн ерөнхий төлөв байдал, улс төрийн дэглэм, эдийн засаг, нийгмийн хөгжлийн төвшин, хүмүүсийнх нь сэтгэлгээний онцлогийг олж харж болно.
Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд монголын нийгмийн бүхий л салбарын нэг адил эрхийн шинжлэх ухааны салбар ч хуучин байрандаа байгаагүй нь тодорхой. Гэхдээ үлэмж хэмжээгээр урагшилсан гэвэл үг дутмаар хэдий ч дэвшил байсныг тэмдэглэх хэрэгтэй. Бид энэ хугацаанд эрхийн ухаанаар гадаад, дотоодын их дээд сургууль дүүргэсэн, энэ салбарын хөгжлийн өнөөгийн төвшин, түүнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж чадахуйц өөрийн гэсэн үндэсний мэргэжилтнүүдтэй болжээ. Тодруулбал бид юуг эрх, эрх зүй гээд байгааг, эрхийн зохицуулалттай нийгмийн байгуулал, улс үндэстэн гэж ямар байдгийг эрх биш гадарладаг болж чаджээ.
Хэдий тийм ч эрхийн ухамсар, боловсрол, мэдлэг, чадвар мэргэжлийн чадвар буурай хэвээрээ л байна. Манай хуульчид, хууль тогтоогчдын сэтгэлгээнээс үйлдвэрийн гологдол бүтээгдэхүүн урссаар л байна. Энэ үзэгдлийн толь нь хүний эрхийг хамгийн их зөрчдөг, хээл хахууль, авилга, хууль бус үйлдэлд хүчтэй автагддаг салбараар хуулийнхан, хууль сахиулах байгууллагынхан толгой цохисоор байна.
Тухайлбал аль болгон хүнийг эрүүдэн байцааж байгаад шийтгэж байх вэ? Нэг төрлийн гэмт хэргийг давтан буюу бөөнөөр нь хийвэл хуулиар хөнгөлөлт үзүүлдгийг хэзээ болих вэ. Яг адил гэмт үйлдэлд харилцан адилгүй ял оноодгийг яаж, хэзээ халах вэ?. Хууль шүүхийн өмнө бүгд эрх тэгш гэдэг зарчмыг яаж уриа лоозон биш харин бодит хэм хэмжээ болгох вэ? зэрэг шийдлийг хүлээсэн олон асуудлын жагсаалт гаргана гэвэл сунжирсан урт зүйл болно. Иймд жагсаалтад бус түүнд зохих хариулт өгч шийдлийг тодорхойлоход асуудлын гол нь орших болов уу.
Эрх хэмээх энэ ойлголт нь нэн эртнээс хүн төрөлхтний анхаарал, сонирхолыг татаж ирсэн бөгөөд Аристотель, Платон, Сократын үеэс эрхийн сонгодог онол болон хөгжиж иржээ.
Барагцаалбал одоогоос 400 гаруй жилийн тэртээд Жон Локк (1632-1704) "Хууль гэдэг нь эзэн хааны зүгээс дорогш харьяат ард олондоо буулгаж буй зарлиг, лүндэн биш харин ард олон өөр хоорондоо харилцан тохиролцож байгуулсан гэрээ байвал сайнсан" гэсэн санааг анх дэвшүүлжээ. Дорнод Пруссын алдарт хөвгүүн Эммануэл Кант (1724-1804) Локкийн дээрх санааг талархан дэмжиж эрхийн философийн номлол болтол нь хөгжүүлсэн түүхтэй. Өнөөдөр бидний иргэний ардчилсан эрх зүйт нийгэм гэж яриад байгаагийн онолын үндэс тэндээс эхтэй. Францын суут хүү Монтескье (1689-1755) болон бусад олон арван суут хүмүүсийн хамт эдгээр их сэтгэгчид хүн төрөлхтний түүхэнд "соён гэгээрлийн зуун" хэмээн нэрлэж өнөөг хүртэл үргэлжилэн буй энэ их аяны үндсийг эхлүүлсэн билээ. Энэ нь нийгмийн эрх чөлөөтэй, иргэнлэг, ардчилсан, шударга дэг журам тогтоох үйлс юм.
Хүн төрөлхтөн тэдний дэвшүүлсэн үзэл санааг бодит зүйл болгохоор өнгөрсөн он жилүүдэд тасралтгүй тэмүүлсээр урагшилсаар өнөөдрийг хүрлээ. Цаашид ч хэдэн зууныг элээхийг урьдаас тааварлахад бэрх. Ардчилал, эрх зүйт ёс,
иргэний нийгмийн үнэт зүйлсийг нийгмийн бодит харилцаа болгож байгаа орон олон байна. Харин "тунхаглал"~аас хэтрэхгүй байгаа улс орнууд манайхаас эхлээд магад олон буй заа.
Нийгмийн харилцааны хамгийн гол зохицуулагч нь "эрх" хийгээд "хуулъ" юм. Харин удирдагч, дарга эсвэл ноёлогч улс төрийн хүчний санаа бодол, хүсэл эрмэлзлэл, ашиг сонирхол нийгмийн харилцааны гол зохицуулагч байсан үеийг бид "ганцаар захирах дэглэм" буюу "тоталитари тогтолцоо" гэдэг. Дарга, удирдагчийн санаа бодол, хүсэл сонирхлыг хууль ёсноос илүүтэй авч үзэх уламжлалт хандлагаасаа бидний "сэтгэхүй" одоо ч салаагүй байна. Хир үргэлжлэх нь ч тодорхой бус. Уламжлалт энэ сэтгэлгээний хэв маяг манай "шинэ" Үндсэн хуульд хэрхэн шингэж орчин үеийн "феодал маягийн институтийг" буй болгон цогцлоон хөгжүүлж байгааг бид тод харсаар байна. Гэвч үүнийгээ засч залруулах чиглэлээр дорвитой үйл ажиллагаа илтэд үгүйлэгдсээр байна.
Өдгөө бид хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм гэх цэцэн хэллэгийнхээ жинхэнэ мөн чанар, ухагдахууны тухай, ер нь ийм нийгэм байдаг эсэх, байдаг бол чухам ямар шалгуураар хэмжих, хэрхэн яаж оршдог болохыг танин мэдэх хийгээд түүний эрхийн үндсийн талаар нухацтай ярилцах цаг нэгэнт болжээ.
Бид аливаа байгаль, нийгмийн юмс үзэгдлийн гадаад хэлбэр дүрс өнгө үзэмжээс цаашаа хэтэрч чаддаггүй монгол хандлагаа гэтлэн туулж, хараагаа алсад тусгаж, ардчиллын мөн чанарын тухай дахин дахин далайцтай ярилцах хэрэгтэй байна. Иймд бид аливаа нийгмийн байгуулал дэг журмын уг үндэс нь болох ЭРХ, ХУУЛЬ ЁС, ШУДАРГА ЁС гэсэн ойлголтуудыг мөн чанар, сэтгэлгээ, тогтолцооных нь хувьд энэ номонд өгүүлэхийг зорьсон.
  • Оршил
  • Нэгдүгээр бүлэг. Эрх
  • Хоёрдугаар бүлэг. Эрхийн философи
  • Гуравдугаар бүлэг. Эрхийн онол
  • Дөрөвдүгээр бүлэг. Эрхийн тогтолцоо
  • Тавдугаар бүлэг. Эрхийн ухамсар
  • Зургадугаар бүлэг. Эрхийн боловсрол
  • Долдугаар бүлэг. Эрхийн шинэчлэл
  • Төгсгөлийн үг

No comments: