Нийгмийн хариуцлагыг ухамсарлаж, Монголдоо хамгийн чанартай бүтээн байгуулалт хийдэг хэмээн омогшдог “Эм Си Эс” группын охин компани болох “Эм Си Эс пропеотиз холдинг”-ийн үнэн нүүр царай илчлэгдлээ. Тэдний буруугаас үүдэн хэзээ мөдгүй нурах гэж байгаа барилгад орж, хохирсон оршин суугчид айдас түгшүүртэй амьдарч байна. Үндэсний тэргүүлэгч компани гэхээрээ л бусдын эрх ашгийг уландаа гишгэж, дур зоргоороо аашилж болно гэсэн ойлголттой байх шиг.
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Хуримын ордны зүүн талд байрлах долоон давхар орон сууцны барилгад ан цав үүсч, оршин суугчид нь айдаст автах болжээ. Уг орон сууцад 20 гаруй метрийн урттай 10 гаруй см-ийн өргөнтэй ан цав үүссэн бөгөөд үүнээс гадна барилгын хананд мөн цууралт ч үүсчээ. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр уг ан цав хажууд нь баригдаж байгаа “Эм Си Эс пропеотиз холдинг”-ийн барилгын ажлын улмаас үүссэн гэдгийг тогтоожээ.
“Интернэйшнл центр” нэртэй уг барилга нь газраас доош хоёр давхар, дээш 23 давхар байх бөгөөд Нийслэлийн газрын албаны даргын өнгөрсөн оны зургадугаар сарын 12-ны өдрийн тоот шийдвэрээр олгогджээ. Ерөнхийлөгч асан П.Очирбатын амины орон сууцны буурин дээр энэхүү барилгыг барьж байгаа агаад анх амины орон сууц барих зориулалтаар авсан газар төд удалгүй дүрээ тэс хувирган, оффис, үйлчилгээний 25 давхар барилга болон өөрчлөгдсөн нь хачин.
Анхнаасаа хуйвалдаан орсон нь тодорхой байсан хэдий ч явцын дунд улам л удаа дараагийн хууль бус үйлдэл болох нь илэрсээр байгаа юм. Тухайлбал, Барилга хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвд барилгын ажлын зураг төслөө магадлан баталгаажуулаагүй нь тогтоогджээ. Мөн Олимпийн гудамжны есдүгээр байрны оршин суугчдын зөвшөөрлийг ч аваагүй байна. Үүнээс гадна өнгөрсөн сарын 24-ний өдөр Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамба 14\2013 тоот зөвшөөрлийг нь түр хугацаагаар түдгэлзүүлж байжээ.
Тэрбээр, мөнөнгөрсөн есдүгээр сарын 10-ны өдрийн албан бичигтээ “Төлөвлөж буй барилгынхаа талаар ус яаманд одоогоор хүсэлт ирүүлээгүй тул “Эм Си Эс пропеотиз холдинг” ХХК-д 25 давхар барилга барих зөвшөөрөл олгогдоогүй” хэмээн шийдвэрлэжээ. Гэтэл энэхүү шийдвэр гарснаас яг арван хоногийн дараа буюу есдүгээр сарын 20-нд Б.Цэдэнсамба дарга барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгожээ. Ийнхүү гаргасан шийдвэрээ гэнэт гэрлийн хурдаар өөрчилж байгаа нь хэн нэгний талд илүү үйлчлээд байгаа юм биш үү гэсэн хардлага төрүүлээд байгаа юм.
Үүнээс гадна Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтаар дараах зөрчил илэрчээ.
- 1. Эрх бүхий зураг төслийн байгууллагад боловсруулж, улсын экспертизийн албаар хянаж баталгаажуулсан албан ёсны зураг төсөлгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн нь Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтыг
- Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр ажлаа гүйцэтгэж байгаа нь тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалтыг
- Барилга угсралтын ажил гүйцэтгэхдээ батлагдсан зураг төсөл болон техникийн нөхцөлгүйгээр Улаанбаатар хотын дулааны 5В магистраль шугамын хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулж байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 24.1.6 дахь заалт болон Эрчим хүчний тухай хууль зөрчсөн байна.
- Газрын тухай хуулийн 35.1.1 дахь заалтыг
- Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийг ч зөрчсөн нь нэг мөр тогтоогдсон байна.
Энэ мэтчилэн нэлээд олон хуулийн зүйл, заалт зөрчсөн байна. Энэхүү хэрэг болсон даруйд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга болон бусад албаныхан газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж, шуурхай арга хэмжээ авахаар болжээ. Одоогоор дээрх байгууллагын удирдлагууд хуралдаж байгаа бөгөөд албан ёсны шийдвэр хараахан гараагүй аж.
Ямартай ч “Эм Си Эс” группын охин компани “Эм Си Эс пропеотиз холдинг”-ийн хууль бус барилгын ажлын улмаас есдүгээр байрны оршин суугчид сэтгэл амгалан амьдрах боломжгүйд хүрлээ.
No comments:
Post a Comment