Friday, January 6, 2006

Сургуулиараа бид бахархдаг

Чингэлтэй дүүргийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар сургууль шинэ оны босгон дээр “Өвлийн хараацай 2005” наадмын “Оны шилдэг сургууль” хэмээх өргөмжлөлийг хүртсэн юм. Тус хамт олон Чингэлтэй дүүргийн тэргүүний сургууль, түүнчлэн БСШУЯ, Монголын сурагчдын холбооноос тодруулсан “Хүүхдэд ээлтэй оны шилдэг сургууль” болсон юм.
23 дугаар сургуульд Улаанбаатарт цорын ганцад тооцогдох геометрийн кабинет бий. Тус кабинетийн эрхлэгч, хотын математикийн багш нарын олимпиадын долоон удаагийн аварга, ардын гэгээрлын тэргүүний ажилтан, математикийн багш А.Доржпалам “Би энэ сургуульд 1991 оноос хойш 14 дэх жилдээ багшилж байна. Улсад 24 жил ажилласан. Математикийн сургалтыг хариуцан ажиллаж байгаа. Энэ хугацаанд манай 23 дугаар сургуулиас олон сайхан шавь нар төрсөн. Манай сургууль математикийн олимпиадад нэгдүгээр сургууль, 11 дүгээр сургуулийн дараа дөрвөн жил дараалан хотод гуравдугаар байр эзэлж байсан. Энэ бол том амжилт гэж бодож байна. Би сургуулиараа бахархдаг. 23 дугаар сургуулийн багш гэж хэлэхдээ би бардам байдаг.
Англи хэлний 10б ангийн сурагч Б.Батсоёмбо:
-Би сургуульдаа анх бэлтгэл ангиасаа л ирсэн. Манай сургуулийн бусдаас ялгаатай нэг зүйл нь элсэгчдээсээ шалгалт авдаг. Хамгийн өндөр потенциальтай хүүхдүүд л манай сургуульд ордог байх гэж би боддог. Манай сургууль урлаг спортын арга хэмжээ байнга зохион байгуулдаг. Саяхан манай анги сургуулийнхаа сагс, волейболын аварга болсон. Англи хэлний олимпиадад би амжилттай оролцож байсан. Чингэлтэй дүүргийн олимпиадын алт, “Гурван тамир” сургуулийн нэрэмжит олимпиадын мөнгө, “Ундрах” сургуулийн олимпиадын мөнгөн медальтай.
мэдээллийн эх сурвалж: Өнөөдөр сонин 2006.01.05