Friday, June 7, 2013

Эрдэмтдийг төрүүлдэг их ээж

Газрын хөрсөн доор нуугдаж байдаг баялагийг малтаж авдаг газрыг уурхай гэдэг. Түүнтэй зүйрлэшгүй дундарч дуусашгүй улам арвижин дэлгэрч, мандан хөгжиж байдаг нэгэн гайхамшигт уурхайн тухай өгүүлэхийг хичээе.Тэр их “капитал” уурхай нийслэл хүрээнээ 100 шахам жилийн өмнө нээгдсэн түүхтэй.Энэ нь Улаанбаатар хот дахь лаборатори нэгдүгээр дунд сургууль, анх “Дунд сургуулийн танхим” нэртэйгээр байгуулагдан үүдээ нээсэн үеийг хэлж байна. Ардын засгийн газраас сургууль боловсролын газрыг олшруулж, тэдгээрийн сургалт хүмүүжлийн ажлыг эрчимжүүлэх талаар олон чухал арга хэмжээ авч  байсан үе, 1923 онд тус сургууль гал голомтоо үүсгэн бадрааж, өсвөр үеийнхнийг эрдэм номын алтан шар замд урин дуудаж, сурган хүмүүжүүлэх ажил  эхэлснээс хойш төдөлгүй 1938 онд Монгол улсын анхны бүрэн дунд сургууль болон өргөжин хөгжсөн нь манай улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны түүхэнд алтан үсгээр бичигдэх тэмдэглэлт үйл явдал болсон юм.