Tuesday, September 14, 2010

МСДН-ын дарга А.Ганбаатар: “Хитмений өчил” Монголыг зөгнөсөн байхыг үгүйсгэхгүй

МСДН-ын дарга А.Ганбаатартай ярилцлаа.

ӨНӨӨГИЙН НИЙГЭМ МИНИЙ ТӨСӨӨЛЖ ЯВСАН АРДЧИЛАЛ БИШ

-Ардчиллын 20 жилийн ой үргэлжилж байна. Өнгөрсөн жилээс эхэлсэн Ардчиллын ойн баяраар мянга, мянгаар нь шагнал гардууллаа. Шагнал өгч, баяр тэмдэглэх нь ардчиллын баталгаа мөн үү?
-1990 оны турш үргэлжилсэн үйл явц, урт удаан хугацаа, олон хэлэлцээрийн үр дүнд бид тухайн үед байсан БНМАУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадсан. Ингэснээр олон намын тогтолцоо бий болж, ардчилсан хувьсгалд ялах нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно. Ардчиллын 20 жилийн ойг жилийн турш тэмдэглэж байна. Тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан тухайн үеийн ардчилалд оролцож явсан, орхигдсон хүмүүсийг шагнаж урамшуулж янз бүрийн одон медаль өгөх шагналын хур буусан ажиллагаа тасралтгүй явагдаж байна. Гэхдээ шагнал өгөх, баяр тэмдэглэх асуудлын гол биш.