“Бизнес, хөгжил” булангийн зочноор “Хос аз” компанийн ерөнхий захирал Н.Зоригтийг урилаа.
–Монгол Улс хэрэглээнийхээ 90 орчим хувийг импортоор авдаг.
Тиймээс дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг
бизнесийнхэн онцолж байна. Таны бодол?
-Манай улсын хувьд өмнөх нийгмийн үед үйлдвэрлэл хөгжсөн байсныг мартаж
болохгүй. Тэр ч бүү хэл мэргэжилтнүүдээ бэлтгэхэд улсаас их анхаарч
байсан юм. Тухайлбал, гутлын үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг Чехэд
суралцуулж байсан юм шүү дээ. 1979 онд Чех гутлын үйлдвэртээ өргөтгөл
хийж би шинэ үйлдвэрт нь загвар зохион бүтээгчээр ажиллаж байв. Тухайн
үед манайх руу явуулахаар 24 загварыг зохиоход би туслахаар ажиллаж
байлаа. Ингээд 1982 онд төгсч ирээд Гутлын үйлдвэрт ажилд орсон.
Хэдийгээр тухайн үеийн нийгмийн байдал хэцүү байсан ч мэргэжлээрээ
ажилласан. Манай үйлдвэрийн дарга шинэ, залуу загвар зохион
бүтээгчийнхээ ур чадварыг гаргах даалгавар өгч билээ. Хэсэг судалгаа
хийсний дараа монголчуудад спорт гутал байдаггүйг анзаарч шинээр пүүз
хийх санаагаа хэлж байв. Анх удаа “Наадам” гэдэг брэндийн пүүз зохиож
байлаа. Дарга, сайд нарт таалагдсан юм. Би сурч байхдаа нэлээд өндөр
зэрэглэлийн загварын товчоонд ажиллах боломж олдсон. Тэр маань эх
орондоо ирсний дараа ажлын туршлага болж байсан юм. Загвар зохион
бүтээхийн тулд хэдэн дамжлагаар гарах вэ гэдгээ тодорхойлсон. Мэдээж
тухайн үеийн ажилтнуудад таалагдаагүй л дээ. Өөрөөр хэлбэл, гутлыг
үйлдвэрлэхийн тулд эхлээд загвар зохион бүтээгч ямар хэлбэртэй байх вэ
гэдгээ зохионо. Түүний дараагаар инженер дизайнер тухайн зохиосон
загварыг үйлдвэрлэхэд бэлтгэх учиртай. Ингэхдээ ямар технологи ашиглах
вэ, ямар материалаар хийх вэ гэдэг сонголтыг хийнэ гэсэн үг. Тэр ч бүү
хэл хүний биеийн онцлогт тохируулахын тулд судалгаа хийх шаардлагатай.
Ер нь бусад улс оронд инженер дизайнер гэдэг мэргэжил хамгийн их
эрэлттэй байдаг. Харин манай улсад энэ мэргэжлийг төдийлөн ойшоохгүйгээр
барахгүй загвар зохион бүтээгчтэй андуурдаг.