Saturday, July 18, 2009

А.Ганбаатар: Хитмений өчил

Хэдэн жилийн өмнө интернетээр элдвийг сонирхож яваад Жон Перкинсийн бичсэн  “Эдийн засгийн алуурчны өчил” /”Confessions of an Economic HitMan”/ хэмээх номын тухай олж мэдсэн юм. Цааш сонирхвол алдарт New York Times – ийн шилдгийн шилдэг номоор нэрлэгдэж олон долоо хоног бестселлеррийн жагсаалтыг тэргүүлж байжээ. Америкийн радиогийн “Өнөөгийн ардчилал” нэвтрүүлгийн сэтгүүлч Эми Гудмантай хийсэн ярилцлагыг нь олж уншлаа. Уг ярилцлагыг телевизээр нэвтрүүлсэн бичлэгийг нь ч үзлээ.
Ийнхүү ямартай ч энэ ном зүгээр нэг адал явдалт зохиол биш харин их гүрэн ядуу буурай орнуудад явуулж ирсэн эдийн засгийн хөнөөлт бодлогыг илчилсэн үнэн бодит түүх юм гэдэгт итгэсэн билээ. Улс төрийн үйл хэрэгт хүчин зүтгэж явсны хувьд, эрдсээр баялаг боловч буурай орныхоо ирээдүйн төлөө санаа зовж явдгийн хувьд эл номыг олж орчуулж, өөрийгөө байтугай эх орноо ч худалдахаас буцахгүй шуналт этгээдүүдээс сэрэмжлүүлэх, үнэнч чин сэтгэлтэй түшээдэд санамж болгохыг хүслээ. “Исповедь   экономического убийцы” хэмээн нэрлэгдсэн орос орчуулгыг нь зориудаар Москвагаас олж авчраад монголжсон орос найздаа уншуулж, зөвлөгөө авахаар өгсөн боловч эргэж өгсөнгүй алга болов. Магадгүй Монголд явуулж ирсэн Их Оросын бодлого ч харагдсан юм билүү. Олон улсын банк, санхүүгийн асуудал сайн мэдэх  ангийн найздаа уг номыг олоод уншаадахаач гэж хүслээ. Тэр маань ч уг номыг эх хэлээр нь захиалан уншаад орчуулах сонирхлы маань улам өдөөсөн юм.
Монголд маань өрнөж буй улс төрийн үйл явдлууд ч энэ номыг даруйхан гаргах хэрэгтэй гэж бодогдуулах болов. Яагаад улс төрийн эрх мэдэлтнүүд, бүлгүүд ард түмэндээ хишиг хүртээх нэрийдлээр Оюу толгой, Таван толгойн гэрээ хэлэлцээрийг яаравчлуулах болов гэдэг нэг л сэжигтэй. Яагаад эрх баригчид маань үндэсний нийт бүтээгдэхүүнээсээ давсан их хэмжээний өр зээл тавих гэж чармайх болов. Магадгүй түүний хариу энэ номноос олдох ч юм билүү. Тиймээс хэдийгээр орчуулга маань дуусаагүй ч гэсэн номын оршил хэсгээс болон зохиогчийн нэрт сэтгүүлч Эми Гудмантай хийсэн ярилцлагаас цаг алдалгүй толилуулах хэрэгтэй мэт санагдлаа.
20 гаруй жилийн тэртээ Жон Перкинс номоо эхлэхдээ:
 “Бохир ажлын эдийн засагч /Economic Hit Man, цаашид “Хитмэн” гэж товчлох болно/ нар нь дэлхийн янз бүрийн улс орнуудаас тэрбум тэрбумаар нь доллар салгадаг, маш өндөр цалинтай нарийн мэргэжлийн хүмүүс юм. Тэд Дэлхийн банк, Америкийн Олон Улсын Хөгжлийн Сан болон эдийн засгийн зээл тусламж үзүүлдэг бусад олон улсын байгууллагуудаас гарч буй асар их мөнгийг том том корпорациудын дансанд болон дэлхий дээрх байгалийн баялагийг эзэмшиж байдаг тоотой хэдэн гэр бүлийн түрийвчинд оруулдаг байна. Тэдний ажлын зэвсэг нь хуурамч тайлан, сонгуулийн бульхай, авилгал, албадлага, секс тэрчлэн аллага зэрэг болно. Тэд их гүрэн үүссэн цагаас л ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөгийн дэлхийчлэлийн үед тэдний үйл ажиллагаа орчин үеийн, маш аймшигтай түвшинд хүрсэн байна. Өгүүлж байгаа маань үнэн бодит зүйл, яагаад гэвэл би тэдний нэг нь байсан юм” гээд цааш нь хэрхэн Хитмен болсон болоод хаана хаана ямар үйл ажиллагаа явуулж байсан тухайгаа баримттайгаар өгүүлжээ.

Тэрээр: “Энэхүү номыг би анх 1982 онд бичиж эхэлсэн юм. Дээрх өгүүлбэрээр эхэлсэн номын маань анхдагч нэр “Эдийн засгийн алуурчны ухаарал” /Conscience of an Economic Hit Man / гэж байлаа. Би энэхүү номоо өөрийн харилцагч байсан ба улмаар миний хүндэтгэлийг хүлээж, үнэн сэтгэлээр холбогдсон Эквадорын ерөнхийлөгч асан Джейми Рольдос /Jaime Roldos/ болон Панамын ерөнхийлөгч асан Омар Торрихос /Omar Torrijos/ нарт зориулж бичсэн юм. Аль аль нь нисэх онгоцны ослоор нас барсан. Тэгэхдээ тохиолдлын биш ослоор. Тэрээр глобал их гүрэн байгуулахыг санаархагч том том корпорацууд, банкуудын эзэд болон төрийн өндөр албан тушаалтнууд нэгдсэн бүлэглэлийн эрхшээлд автагдахыг хүсээгүйнхээ төлөө амиа алдсан юм. Бидний Хитмэнүүд Рольдос, Торрихос нарын эсэргүүцлийг яаж ч зөөлрүүлж чадаагүй учраас ажиллагаа дараагийн шатанд шилжиж бохир ажлын өөр нэг төрөл оролцож эхэлсэн юм. Энэ нь бидний ойр орчинд байгаагаа байнга мэдрүүлж байдаг америкийн Тагнуулын Төв Агентлаг /CIA/-д хамаарах мэргэжлийн алуурчдын ажиллагаа.
Тухайн үед намайг номоо бичихээ болихыг ятгаж дөнгөсөн юм. Тэр цагаас хойшхи 20 жилийн хугацаанд номоо шинээр эхлэх дөрвөн ч удаагийн оролдлого хийсэн билээ. 1989 оны америкийн зүгээс Панамд явуулсан түрэмгийлэл, Персийн булан дахь анхны дайн, Сомалийн асуудал, Осама Бин Ладен гэгч гарч ирсэн зэрэг үйл явдлууд номоо бичих хүслийг минь ахин дахин сэргээж байсан боловч тухай бүр айлган сүрдүүлэг юмуу эсвэл өөрөө хахуульд автагдан үүнийгээ хойш тавьж байлаа….
Миний амьдралын түүх заавал өгүүлэгдэх ёстой. Бид нэг талаас аймшигт хямрал, нөгөө талаас асар том боломжийн үед амьдарч байна. Миний мэт нэгэн Хитмэний туулж өнгөрүүлсэн түүх бид яагаад өнөөгийн ийм  байдалд орчихов, яагаад давж гаршгүй мэт хямралтай тулах болов гэсэн асуултын хариу болно. Дахиад хэлэхэд миний амьдралын түүх заавал өгүүлэгдэх ёстой. Яагаад гэвэл бид өөрсдийхөө өнгөрсөн алдааг ухаарсан тэр цагт ирээдүйн боломжуудыг ашиглаж чадна. Яагаад гэвэл 9 сарын 11-нд алан хядагч нарын гарт 3000 хүний амь үрэгдэж улмаар Иракт хоёр дахь удаагаа дайн эхэлсэн. Яагаад гэвэл өдөр бүр 24 мянган хүн өлсөж үхэж байна.
Эцэст нь энэ түүх өгүүлэгдэх гол учир нь өнөөдөр түүхэнд анх удаагаа энэ нөхцөл байдлыг өөрчилж чадах бүхий л арга хэрэгсэл ганцхан улсын мэдэлд төвлөрч байна. Энэ бол миний төрсөн Америкийн Нэгдсэн Улс бөгөөд би түүнийхээ төлөө Хитмэнээр ажиллаж байсаан.
Тэгээд чухам юу намайг хатгаж,  энэ сүрдүүлэг, хээл хахуулийн эсрэг зогсоход хүргэв гэсэн асуултанд хариулах хэрэгтэй байх.
Хамгийн энгийн тайлбар бол миний цорын ганц хүүхэд болох охин Жэссикатай холбоотой. Тэр маань коллежоо төгсөөд бие даан амьдрах цаг нь ирсэн тэр үед энэхүү номоо хэвлүүлэхээр завдаж байгаа боловч үүний үр дагавараас эмээж байгаагаа хэлтэл тэр: “Ааваа битгий ай. Хэрвээ танд үүнээс болж ямар нэгэн муу юм тохиолдвол таны эхлүүлснийг би дуусгах болно. Бид үүнийг таньд удахгүй бэлэглэх үр, ач нарынхаа сайн сайхны төлөө хийх хэрэгтэй” гэж хэлсэн юм.
Хоёр дахь нэлээн дэлгэрэнгүй тайлбар бол миний төрж, өссөн эх орондоо үнэнч сэтгэлээс үүдэлтэй. Мөн америкийн бүгд найрамдах улсыг Үүсгэн Байгуулагчдын тунхагласан зарчмыг эрхэмлэн сахидаг, тэдний дэлхийн бөмбөрцгийн бүх хүмүүст “амьдрал, эрх чөлөө, аз жаргалтай байх эрх”-ийг хангахаар амласан амлалтад итгэдэг болон улс орныхоо үйл хэрэгт гүнзгий автагдсан маань ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн.  Эцэст нь хэлэхэд 2001 оны 9 сарын 11-ний дараа Хитмэнүүд манай улсыг дэлхийн глобал гүрэн болгон хувиргаж байхад цаашид нэг ч хором зүгээр сууж болохгүй гэж шийдсэн юм. Энэхүү дэлгэрэнгүй тайлбар маань номны араг яс нь болох бөгөөд, түүний их бие, цус нь дараа дараагийн бүлгүүд байх болно.

Энэ бол номын эхлэл. Харин одоо нэрт сэтгүүлч Эми Гудмантай хийсэн ярилцлагыг нь толилуулья.

Э.Г: Манай ээлжит зочноор Жон Перкинс уригдаад байна. Тэрээр АНУ-ын эрх ашгийн тулд Латин Америкийн улсуудад болон дэлхий даяар триллион триллионоор тоологдох эргэж төлөгдөх зээл тусламж олгуулах ажлыг зохион байгуулалцаж явсан бөгөөд цаад улсууд нь зээлээ эргэн төлж чадахгүйн улмаас эдийн засгийн гүн хараат байдалд ордог байна. Жон Перкинс 1971-ээс 1981 онууад Чес Мэйн /Chas Main/ хэмээх олон улсын консалтингийн компанид ажиллаж байсан. Өөрийгөө эдийн засгийн алуурчин /Economic HitMan/ байсан гэх бөгөөд “Эдийн засгийн алуурчны өчил” нэртэйгээр түүхэн дурсамж номоо бичиж гаргажээ. Түүнийг студидээ урин ярилцахдаа эхлээд CIA /Америкийн Тагнуулын Төв Байгууллага/-гаас ч хүчирхэг NSC /Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл/-д хэрхэн элссэн болон олон улсын консалтинг компани болох Чес Мэйн-д яагаад ажиллах болсныг сонирхсон юм.

Ж.П: Энэ бол 60 – аад оны сүүлч буюу 1968 онд болсон явдал. Менежер болохоор суралцаж байсан үе. Тэр үед л намайг ҮАБЗ өөртөө элсүүлсэн. Хувийн зан чанарыг тодорхойлох шат дараатай тестүүд авч, үнэн худлын хамгийн мэдрэмжтэй детектор дээр хамаг нарийн ширийнээ шалгуулсны эцэст тэд намайг эдийн засгийн хөлсний алуурчинд онцгой тохирох хүн хэмээн үзсэн юм. Тэд миний зан чанар дахь хамгийн сул талуудыг ч илрүүлсэн. Миний сул талууд бол манай нийгэм дэх хамгийн түгээмэл өвчин болох мөнгө, эрх мэдэл, секс гурав байлаа. Би номондоо энэ тухай олонтаа өгүүлсэн. Эхлээд намайг сайн дурынхны Энх тайвны корпуст /Piece Corp/ орж ажиллахыг шаардсан. Би гурван жил Эквадорт Энх тайвны корпусын сайн дурын ажилтнаар нутгынхны дунд ажиллаж, амьдарлаа. Өнөөдөр тэр нутгийнхан маань нефтийн компаниудтай эрх ашгаа хамгаалан тэмцэж байна. Уг үйл явдлын эхлэлийг тухайн үед бид тавьсан юм. Миний анхны ажлын гараа, анхны практик алхам маань тэр байсан юм. Эквадорт байх үед маань ҮАБЗ болон тагнуулын байгууллагуудтай ойр дөт ажилладаг, Бостоны Чарльз.Т Мейн хувийн консалтинг компаний дэд ерөнхийлөгч надтай биечлэн уулзаж өөрийн компанид ажиллахыг санал болголоо. Тэгээд Энх тайвны корпусаас гарч тэдний компанид ажилд орсон. Ингээд Бостонд ажиллах болж, шинэ мэргэжилд минь сургахаар Клодин гэх үнэнхүү гайхалтай чадварлаг үзэсгэлэнтэй эмэгтэй томилогдов. Тэр үнэхээр ухаантай, маш өндөр боловсролтойн дээр хүнийг урхидахдаа гаргуун нэгэн байлаа. Намайг ч урхидсан. Хэрхэн намайг эрхэндээ оруулах аргаа тэр маш сайн мэдэж байлаа. Миний өгч байсан тестүүдтэй өмнө нь танилцсан байсан учир миний сул талуудыг ашигласан хэрэг. Ийнхүү тэр намайг эдийн засгийн хөлсний алуурчны ажилд татан оруулах үүргээ амжилттай гүйцэтгэсэн. Гэхдээ тэр надад урьдчилан миний хийх ажил бол бохир бизнес гэдгийг сануулж, нэгэнт шийдсэн бол өөрийгөө үйл хэрэгт бүрэн зориул, эсвэл Индонезид гүйцэтгэх анхны даалгавраасаа бүрмөсөн татгалз гэж билээ.           

Э.Г: Сонсогчид эдийн засгийн хөлсний алуурчин Хитмен гэж юуны тухай яриад байнаа гэж асуух байх. Үүнийгээ тайлбарлахгүй юу?

Ж.П: Ерөнхийд нь хэлэх юм бол сүүлийн 30-40 жилд бид буюу өөрөөр хэлэх юм бол Хитменүүд хүн төрөлхтний бүхий л түүхэнд байгаагүй тийм том их гүрнийг бий болгосон юм. Бидний арга барил янз янз байдаг л даа. Хамгийн нийтлэг арга бол эхлээд бидэнд ирээдүйд хэрэг болох баялаг бүхий гурав дахь ертөнцийн улс орныг олох. Одоо бол нефть бүхий улс илүү сонирхолтой, харин Панамын хувьд түүний эзэмшлийн суваг байсан. Аль ч тохиолдолд бид тухайн улсад очиж олон улсын санхүүгийн байгууллагуудаас асар их зээл олгуулах ажлыг зохион байгуулдаг. Энэ процессыг голчлон Дэлхийн банк удирдан явуулна. Жишээ нь бид тухайн оронд тэрбум долларын зээл олгуулья. Энэхүү зээлийн нэг нөхцөл нь нийт мөнгөний ойролцоогоор 90 хувь нь Америкийн аварга корпорацууд болох Бештель /Beshtel/, Халлибертон /Halliburton/ зэргийн дансанд орох ёстой. Эдгээр корпорацууд нь өнөөх сонгосон буурай оронд аварга цахилгаан станц, зам гүүр, усан боомт, үйлдвэрийн парк гэх мэтчилэн дэд бүтцийн шинжтэй том том төслүүдийг хэрэгжүүлнэ. Энэхүү том төслүүд үнэн чанартаа тухайн улсын баян чинээлэг хэсэгт л ашиг тусаа өгнө. Харин ядуу болон дунд хэсгийнхэн хохирол амсч, тэрхүү зээлийн ашиг тусыг үзэхгүй. Нийгмийн шинжтэй арга хэмжээ, хөтөлбөрийн хэрэгжилт санхүүжилт зээл, хүүгийн төлбөрөөс болж эрс муудна. Эцсийн бүлэгт тухайн улс асар их өрөнд тунаж төлбөрийн чадваргүй болно. Жишээ нь өнөөдөр Эквадор ийм байдалтай байна. Хитменүүдийн ажлын үр дагаварт өнөөгийн Эквадорын гадаад зээлийн хэмжээ нийт төсвийн 50 хувьтай тэнцэж байна. Одоо тэр улс өрөө барагдуулах чадваргүй болсон. Ийм нөхцөлд гуравдагч ертөнцийн олон улс орон орчихоод байгаа. Одоо бидний ажил бол тухайн улсад очиж “Бид та нарт зээл өгсөн. Та нар эргүүлж төлж чадахгүй юм байна. Тэгэхээр зээлийнхээ төлбөрт нефтийн компаниа манайд хямд үнээр өг гэнэ”. Ийм байдалд орсон олон улс орны хувьд үр дагаварт нь байгал орчин сүйдэж, нутгийн иргэдийн амьдралын хэв маяг, ёс заншил устахад хүрдэг. Үүний жишээ бол Эквадор. Энэ бол бидний ажлын үр дагавар. Дэлхийн 2-р дайн дөнгөж дууссанаас хойш л энэ ажил эхэлж өнөөдөр бараг бүх дэлхийг хамран ажиллаж байна. Энэ үйл ажиллагаа шат дараалан ахисаар өнөөдөр тоймлохын аргагүй хэмжээнд хүрсэн. Хэлэх юм бол дэлхийн бараг бүх баялгийг бид хяналтандаа байлгаж байна.

Э.Г: Та одоо Панамд болсон явдлын талаар ярихгүй юу. Та Панамын Ерөнхийлөгч асан Омар Торрихос алагдахаас өмнө түүнтэй учирч явсан.

Ж.П: Тухайн үед Панам улс онцгой ач холбогдолтой улс байсан бөгөөд Омар Торрихос тус улсын Ерөнхийлөгч нь байлаа. Түүнээс өмнөх Ерөнхийлөгчид нь олигархийн төлөөлөл болсон дарангуйлагчид, Америкийн утсан хүүхэлдэйнүүд байлаа. Панамыг эрхшээлдээ оруулсны дараа тэднийг бид бий болгож, хянадаг байсан юм. Омар Торрихос бол энэ уламжлалыг эвдсэн анхны хүн төдийгүй улс орондоо асар их нэр хүндтэй Ерөнхийлөгч байлаа. Дотооддоо төдийгүй олон улсын тавцанд ч нэр төртэй нэгэн байв. Олон хүн түүнд Нобелийн шагнал олгох ёстой гэж үздэг , хэрэв амь насаа алдаагүй бол хэрэв түүнийг алчихаагүй бол тэр шагналыг авах л байсан. Хаа явсан газраа эрх нь зөрчигдөгсдийг хамгаална. Тухайн нөхцөлд Америкийн Ерөнхийлөгч Картер Торрихосыг урьж Панамын сувгийг ашиглах шинэ гэрээ байгуулахыг санал болгосон ба эцсийн бүлэгт гэрээ нь батлагдсан. Шинэ гэрээ Конгресст ганцхан хүний саналаар хүлээн зөвшөөрөгдлөө.  Гэхдээ л тэр манай улсад маш их саад тотгор учруулж байлаа. Гэрээ хэрхэн батлагдахаас үл хамааран, ерөөсөө гэрээтэй холбоотой үйл явцаас ч үл хамааран бид Панамыг буулгаж авах аргыг хайж олох хэрэгтэй болсон юм. Би Панамд 1972 он хүртэл буюу гэрээ батлагдах хүртэл байсан. Торрихосын арга эвийг олох гэж, түүнийг урхинд оруулах гэж хичээсэн. Бусдыг эрхшээлдээ оруулсан бүхий л аргаа хэрэглэж үзсэн. Тэр нэгэнтээ надтай хувиараа уулзах уулзалт зохион байгууллаа. Энэ уулзалтын талаар номондоо дэлгэрэнгүй бичсэн байгаа. Ерөнхийд нь түүний хэлснийг дамжуулахад тэрээр “За чи сонсож бай. Та нарын яаж тоглох гээд байгааг  мэдэж байна. Юу гээчийг найруулаад байгааг чинь ч мэдэж байна. Биднийг асар их өрөнд унагах, тэгээд өөрсдөөсөө бүрэн хараат болгож аваад яваандаа намайг авилга руу түлхэнэ. Би энэ тоглоомыг мэднэ. Тэгээд ч ийм тоглоом тоглодоггүй. Та нарын мөнгө надад хэрэггүй. Ийм тоглоомоор хувьдаа ашиг хонжоо олох хүсэл сонирхол надад байхгүй. Би өөрийн ард түмэндээ тус хүргэхийг хичээж байна. Та нар энэ яриад байгаа бүтээн байгуулалтаа эрх мэдэлтэн, олигархуудад биш харин ашиг тус нь ядууст хүрэх төсөл болго. Хэрэв чи үүнийг зохион байгуулж чадах юм бол та нарт, танай компанид ашигтай олон гэрээ контрактийг манай улс хийх болно. Манай ард түмэнд тус болох сайн ажил хэрэгтэй байна” гэлээ. Хөлсний эдийн засагчийн хувьд уул нь түүнийг би урвуулах учиртай. Түүний сул талыг олж торонд оруулах ёстой. Голлох эдийн засагчаар нь ажилладаг өөрийн компанидаа төсөл олж авахыг үнэхээр хүсэж байлаа. Гэтэл энэ хүнтэй уулзсанаараа миний дотоод зөрчил намайг идэх болсон юм. Хөлсний эдийн засагчид яаж ч оролдоод энэ хүнийг нугалж чадахгүй нь тодорхой болсон. Тэгээд би түүний тавьж буй нөхцлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон юм. Үүний зэрэгцээ Торрихосын өмнөөс айдас маань хүрч байлаа. Учир нь бидний тогтолцоо анхнаасаа Торрихосын адил зиндааны удирдагчид дэлхийн хаана ч бай ялгаагүй авилгад автагддаг гэсэн тулгуур ойлголтон дээр суурилж бий болсон учир энэ тохиолдолд яах бол гэхээс айж байсан юм. Хэрэв хэн нэгэн тогтсон системийг Торрихос шиг сөрвөл нэг талаас бид хүссэнээ авч чадаагүйн улмаас Панам улсад занал учраад зогсохгүй энэ нь бусад улс орнуудад муу үлгэр дууриал болох учир өөр ч үр дагавар үүсгэж болох байв. Торрихосын жишээгээр өөр нэгэн лидер системийг сөрөн зогслоо. Энэ бол Эквадорын Ерөнхийлөгч Жейми Рольдос / Jaime Roldos /  байлаа. Тэр хоёр хамтдаа Америкийн засгийг нэг ёсондоо тулаанд дуудсан юм. Тэд хөлсний эдийн засагчид, нефтийн мангасуудаас улс орноо хамгаалж байсан бөгөөд энэ нь миний айдсыг төрүүлж байлаа. Ийм байдлаар цааш үргэлжилбэл ямар нэгэн муу юм тохиолдоно доо гэсэн совин надад байсан. Үнэхээр ч миний бодсончлон тэд амь насаа алдсан. Хоёр Ерөнхийлөгчийн амь насыг CIA –ийн санкцитайгаар хөлсний алуурчид, бидний нэрлэдгээр /шакалууд/ цөөвөр чононууд  хөнөөсөн юм.

Үргэлжлэл бий

No comments: