Tuesday, October 6, 2009

Манайхан сойзны ишийг нь харж худалдан авдаг

Бид энэ дугаартаа “Энэрэл дент” эмнэлгийн шүдний сойзны үйлдвэрийн мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
“Энэрэл дент” эмнэлэг XIII хороололд байрладаг. Одоогоос зургаан жилийн өмнө энэ эмнэлэг өөрийн гэсэн байртай болж, сойз үйлдвэрлэж эхэлсэн гэнэ.
Үйлдвэр тус эмнэлгийн нойл давхарт байрладаг юм байна. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Япон улсаас авчээ. Учир нь уг эмнэлэг Япон улсын хөрөнгө оруулалттай аж. Үйлдвэр сойз хийдэг дөрвөн тоног төхөөрөмжтэй.
Үйлдвэрийнхээ түүхий эдийг Японоос авдаг гэж байсан. Миний уулзахаар зорьж очсон хүнийг Мижидийн Нарандаваа гэдэг. Тэрбээр автын инженер мэргэжилтэй. Өөрийгөө техникт хоббитой гэж байсан. Тэрбээр энэ үйлдвэрийг хариуцан ажиллуулдаг. Нэг ёсондоо дарга, ажилтан, менежер гэсэн үг. Түүгээр ч зогсохгүй
эмнэлгийнхээ менежер, цахилгаанчин, барилгачинг ч хийдэг хэмзэн хуучлаж билээ.
“Энэрэл дент” эмнэлэг сойзныхоо үйлдвэрийг ашгийн төлөө тус хэмээсэн юм.
-Ер нь амны хөндийн ариун цэврийг сахихад шүдний оо чухал уу, сойз чухал уу?
-Эрүүл ахуй талаас нь та энэ асуултыг эмчээс асуувал илүү хариулах байх. Би сойз чухал гэж хэлнэ. Намайг сойз үйлдвэрлэдэг болохоор тэгж хариулж байна гэж бүү бодоорой. Оо тухайн амны хөндийн үнэрийг дарах, цайруулах ч гэдэг юм уу өөр өөрийн гэсэн үүрэгтэй. Харин сойз бол шүдэнд наалдсан зүйлсийг бүрэн арилгахад чиглэсэн бүтээгдэхүүн. Тиймээс юм идсэний дараа шүдээ дан сойзоор үрж угаадаг. Ингэснээр хоолны үлдэгдэл хүчил шүлттэй нийлэн чулуужилт үүсэхээс сэргийлж чадна. Манай эмч нар өдрийн хоолоо идсэний дараа бүгд шүдээ сойздож угаадаг. Бүр дадал болчихдог юм шиг байна лээ. Одоо цайны цаг дөхөж байна. Чи очиж харах уу.
-Танай үйлдвэрлэсэн сойзыг харахад их жижигхэн юм аа?
-Шилбэ нь их нарийнхан байгаа биз. Ийм сойзоор шүдээ угаахад их эвтэйхэн, хөдөлгөөн сайтай байдаг юм. Иш нь урт биш байна уу. Сүүлийн үед хүүхэд барихад эвтэйхэн болгож ишийг нь жаахан томруулсан. Хүүхдийн сойз гурван эгнээгээр уртаашаа 5-6 нүхтэй, харин том хүнийх найман нүхтэй хийгддэг. Тэр нүх болгонд сойзны үс суулгана гэсэн үг. Энэ бол хамгийн тохиромжтой, зөвшөөрөгдсөн хэмжээ.
-Үсээ японоос авдаг уу?
-Японоос ирдэг. Үсний ширхэг нь маш нарийн бөгөөд хатуу. Бид энэ бүгдийг нарийн шинжлүүлээд зөвшөөрөгдсөний үндсэн дээр үйлдвэрлэлд хэрэглэдэг.

-Та үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг танилцуулаач. Ажиллуулахад хэцүү юү. Нэг сойзыг хэдий хугацаанд хийдэг бол?
-Манайх дөрвөн тоног төхөөрөмжтэй. Үүнээс хоёр нь том хүний, хоёр нь хүүхдийн сойз хийдэг. Машин 15 секундэд нэг сойз хийдэг. Тэгэхээр дөрвөн машинаа зэрэг асаагаад сойзныхоо ишийг эхнээс нь нэг нэгээр тоног төхөөрөмжиндөө суулгаж дуусаад иргээд ирэхэд эхний сойз бэлэн болдог. Ингэж ажиллахад сул зогсолт гэж байхгүй. Нэг минутад дөрвөн сойз үйлдвэрлэнэ гэсэн үг юм.
Хоёулаа сойз хийнгээ ярих уу. Тэгвэл чамд ойлгомжтой болох байх. Сойзны үс уртаашаа баглаатай ирдэг. Үүнийгээ заасан хэмжээгээр 5-6 см-ийн урттай тайрна. Тайрж авсныгаа гадуур нь резинээр бүслүүрдэнэ. Учир нь гаднах цаасыг нь авч тоног төхөөрөмжиндөө суулгадаг учир үсээ бутрааж болохгүй шүү дээ. Машинууддаа үсээ суурилуулсны дараа сойзныхоо ишийг доод сууринд нь бэхлэж өгнө. Сойзондоо үсээ суулгахын өмнө хэвийн ажиллаж байгаа эсэхийг бас шалгах хэрэгтэй. Ингээд командаа өгснөөр 15 секундын дараа сойз бэлэн болно.
Дараагийн ажиллагаа бол үс суулгасан сойзныхоо үсийг зохих хэмжээнд хүртэл нь тайрах. Үүнийг гар машинаар хийдэг. Маш хялбар. Сойзоо суурилуулаад өмнөх үрэгчид 2-3 удаа хүргэхэд л болно. Ингээд сойз бэлэн. Үүнийгээ ариутгаад уутанд савлана. Савлах ажиллагаа гараар хийгддэг. Дээр нь бас шошго наана.

-Ийм үйлдвэрлэл эрхлэхэд хүндрэл учрах юмуу?
-Үгүй шив дээ. Японы тоног төхөөрөмж болохоор чанар сайтай. Эвдрэл бараг гарахгүй дээ. Саяхан Японууд ирж үзчихээд “Хэдийгээр дээр үеийн тоног төхөөрөмж гэсэн ч сайн чанарын төмрөөр хийгдсэн болохоор эдэлгээ даана” гэж байсан. Япондоо ч хуучныхад л тооцогдох байх л даа. Монголдоо дажгүй сайн машин шүү. Сав баглаа боодлын хувьд хүндрэл жаахан гарна. Монголд хийдэггүй, Хятдад хийлгэе гэхээр их хэмжээгээр хийлгэхгүй бол үгүй гэдэг. Тэр хэлж байгаа тоо нь манай үйлдвэрийн бараг 10, 20 жилийн нөөц болохоор гээч. Тиймээс бид найз нөхдийн хүрээнд Чех рүү захиалж хийлгэдэг.
-Борлуулалт сайн уу?
-Бид ашиг хайж ихээр үйлдвэрлэдэггүй. Тэгэхдээ дэлгүүрт тавьж борлуулах гэж үзсэн. Энэ ч олон жилийн өмнө юм шүү дээ. Авдаггүй юм билээ. Хэрэглэгчид сойз гэхээр нь нэг л гоё ганган иш зэргийг нь харж сонголтоо хийдэг бололтой. Тиймээс бид эмнэлгийнхээ хүрээнд захиалга авч борлуулдаг болсон. Анх байгуулагдаж байх үеэ бодвол маш сайн борлогддог. Манай сойзыг хэрэглэж үзсэн хүн эргэж ирдэг юм даа. Нэг хэсэг захиалсан уут маань ирдэггүй, хүлээгдээд борлуулалтад сойзоо гаргаж амжаагүй байхад манайхаар үйлчлүүлэгчид ” гаднах уутгүй нь авчихъя, болох уу” гээд л сураглаад ирцгээж билээ. Сайхан шүү. Нэг хүн гэхэд 10-аар нь авна гээч. Тэд бусад сойзоор угаахаар буйл өрөвсөөд, өвдөөд байх юм гэдэг.

-Сойзны үс олон өнгө байдаг уу?
-Бид дан өнгөөр л хийж байгаа. Сойзны үсэнд өнгө чухал биш. Харин иш нь хурц, тод өнгөтэй байвал зүгээр юм билээ. Гадуур зарагдаж буй сойзууд өндөр үнэтэй. Дээр нь хэд угаагаад л үс нь налчихдаг. Зарим нь ч нэг удаагийн буудлын сойз шиг эдэлгээ муутай, сойзны үс нь өндөр, иш нь зузаан байдаг. Сойзных нь ард байрлах чиглүүрт нь болж авдаг ч хүн бий байх. Манайх бол тийм биш. За даа сойзоо сурталчилсан болох байх даа. Та манай сойзноос авч яваад хэрэглэж үзээд сониндоо мэдээллээ бичнэ биз дээ. Япончууд их шүд сайтай. Шүдний өвчин гэж мэддэггүй ард түмэн. Учир нь багаас нь хүүхдүүддээ шүдээ хэрхэн яаж угааж, арчлах талаар заагаад өгчихдөг. Тэдний хэрэглэдэг сойз нь элдэв маяггүй. Сойзыг ширээн дээр тавихад урд хэсэг нь ширээнд хүрдэггүй. Хажуу тийшээ ч өнхрөхгүй. Үүнийг нь ариун цэвэр талаас нь сайн бодож хийсэн байгаа юм.
-Сойзны ишин дээр тоо тавьжээ. Энэ ямар учиртай юм бол?
-Сойзонд хэрэглэгчийн насыг зааж өгдөг. 0-4, 4-7, 7-оос дээш гэж. Үүнийг нь хараад тохирох сонголтоо хийх нь. Ер нь бол манай сойзуудыг гаднаас нь харахад том жижгийг нь бараг л ялгагдахгүй дээ. Учир нь бүгд адилхан жижигхэн. Монголчууд бид богинохон иштэй бол хүүхдийнх, том, үс нь урт бол насанд хүрэгчдийнх гэж ойлгодог. Тийм биш байх нь.

-Монгол, Оросын хамтарсан III дунд сургуулийн сурагчид сургууль дээрээ юм идсэн л бол шүдээ угаадаг. Тэндхийн багш нарын ярьж байгаагаар хүүхдийг цэцэрлэгийн насанд нь шүдийг нь угаалгаж хэвшүүлэх хэрэгтэй гэж байсан..?
-Тэр үнэн шүү. Япончууд хүүхдүүдээ шүдээ угааж сургахын тулд оог нь чихэрлэг хийдэг юм билээ. Бид ч тэгж сургах хэрэгтэй байна. Хоол идсэн л бол шүдээ сойздоод усаар зайлж байх хэрэгтэй. Ингэж угаахад оо хэрэггүй. Оо-г тэр бүр хэрэглээд байх шаардлагагүй.

-Та надад ярилцлагын эхэнд би эндхийн бүхий л ажлыг хийдэг гэж байсан..?
-Бараг тийм шүү. 2002 онд эмнэлгийн барилга баригдаж эхлэхэд л ажиллаж эхэлсэн. Байгууллагынхаа цахилгаан, дулаан, ус, аж ахуйн ажлуудыг хийнэ. Сойзоо үйлдвэрлэнэ. Эмнэлгийнхээ цахилгаан бараа, тоног төхөөрөмжийг засдаг. Манайх 18 шүдний суудал, машинтай. Үүний 12 нь Япон, зургаа нь АНУ-ынх. Ариутгалын, хиймэл шүдний гээд тоног төхөөрөмжүүд нэмэгдэнэ. Би Японы Моритад сургалтад хамрагдаж сертификат авсан. Тиймээс надад одоогоор энэ ажлыг хийхэд хүндрэл гардаггүй.

-Та энэ бүгдийг яаж амжуулж байна аа. Ачаалалтай биш үү?
-Үгүй дээ. Би ажлын таван өдөрт эмнэлэг дээрээ ажиллаж бямба гаригт Чехийн барилгын компанид давхар ажилладаг.
Ийнхүү бид ярилцав. Үүний дараагаар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцуулж, шинэ сонин тоног төхөөрөмжүүдийг үзүүлсэн юм. Шидний эмч болоход үйлчлүүлэгч дээрээ дадлага хийх бус хүнтэй ижил төстэй загвар дээр ажиллаж дадлагажиж, шинэ гэсэн бүхнийг сурдаг гэж байсан юм.

No comments: