Saturday, June 30, 2012

ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовскид зургадугаар сарын 29-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын дараах уулзалтын үеэр Элчин сайд А.Ганбаатар Монгол Улсад ардчилал, зах зээлийн систем бэхжихэд Польш Улсын зүгээс үзүүлсэн тусламж дэмжлэгт талархал илэрхийлэв. Мөн Монголд Парламентын сонгууль амжилттай болж өнгөрсөн тухай мэдээлж, энэ нь Монгол Улс ардчиллыг өөрийн орондоо жинхэнэ утгаар нь тогтоож, бэхжүүлсний тод илрэл болж буйг цохон тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улс үйлдвэржүүлэлт, тэр дундаа боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримталж байгааг мэдээлж, энэ чиглэлд Польшийн пүүс, компани хөрөнгө оруулах, техник-технологи нийлүүлэх зэргээр хамтран ажиллах, улмаар хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх асар их нөөц бололцоо байгааг онцлон тэмдэглэв.
Ерөнхийлөгч Б.Коморовски Монгол Улс ардчиллыг бэхжүүлэн хөгжүүлж буйд баяр хүргэхийн зэрэгцээ хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх нөөц бололцоо байгаатай санал нэг байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өөрийн оронд тааламжтай цагтаа айлчлахыг урьж байгаагаа мэдэгдэв.

No comments: