Friday, June 7, 2013

Эрдэмтдийг төрүүлдэг их ээж

Газрын хөрсөн доор нуугдаж байдаг баялагийг малтаж авдаг газрыг уурхай гэдэг. Түүнтэй зүйрлэшгүй дундарч дуусашгүй улам арвижин дэлгэрч, мандан хөгжиж байдаг нэгэн гайхамшигт уурхайн тухай өгүүлэхийг хичээе.Тэр их “капитал” уурхай нийслэл хүрээнээ 100 шахам жилийн өмнө нээгдсэн түүхтэй.Энэ нь Улаанбаатар хот дахь лаборатори нэгдүгээр дунд сургууль, анх “Дунд сургуулийн танхим” нэртэйгээр байгуулагдан үүдээ нээсэн үеийг хэлж байна. Ардын засгийн газраас сургууль боловсролын газрыг олшруулж, тэдгээрийн сургалт хүмүүжлийн ажлыг эрчимжүүлэх талаар олон чухал арга хэмжээ авч  байсан үе, 1923 онд тус сургууль гал голомтоо үүсгэн бадрааж, өсвөр үеийнхнийг эрдэм номын алтан шар замд урин дуудаж, сурган хүмүүжүүлэх ажил  эхэлснээс хойш төдөлгүй 1938 онд Монгол улсын анхны бүрэн дунд сургууль болон өргөжин хөгжсөн нь манай улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны түүхэнд алтан үсгээр бичигдэх тэмдэглэлт үйл явдал болсон юм.
Бүрэн дунд сургууль болсон  эхний жилүүдэд гол хичээлүүдийг  орос багш нар зааж, орчуулагч багшаар  Дондогийн Цэвэгмид, Анударийн Дашдорж, О.Намнандорж нарын сэхээтнүүд ажиллаж байв.Маршал Х.Чойбалсан нэгдүгээр дунд  сургуулийн  одоогийн 4 давхар, сургуулийн зориулалттай бариулах ажлыг анх санаачилж, суурь тавих үйл ажиллагаанд  биечлэн оролцож байжээ.Миний лам ах Даваадагва 1938  онд баривчлагдаж 10 жил хорих ялаар шийтгэгдэн  Улаанбаатар руу ачигдан ирж, нэгдүгээр сургуулийн барилга дээр  ажиллаж, өрлөг хийх, шавар зуурах, Зөвлөлтийн мэргэжилтнийг дагалдан уул барилгын таазны гарнийз хээ урлах ажлыг хийж байсан гэдэг .Ахыг энэ барилга дээр ажиллаж байхад , Маршал Ч.Чойбалсан үе үе ирж ажлын явцтай танилцан заавар зөвлөгөө өгч , заримдаа морин тэргээр авдар тамхи авчруулж, сайн ажиллаж байгаа хүмүүст нэг хайрцаг “Бөхт” янжуур, 5 төгрөгөөр  шагнаж  урамшуулдаг  байсанд ах маань маршалын гараас хоёр удаа бэлэг хүртсэндээ бэлгэшээн  баярлаж байсан тухайгаа  1948 онд нутагтаа очоод нэгдүгээр дунд сургууль нэгэн үед Маршал Х.Чойбалсангийн  нэрэмжит байсан удаатай.Д.Цэвэгмид  одоогийн энэ дөрвөн давхар  барилгыг 1940 оны  11-р сарын 9-нд  анх хүлээн авч ашиглалтанд оруулсан ёслолын ажиллагаанаас сэдэвлэн “Сурагч Ганбат” гэдэг алдарт туужаа бичсэн юм.Иймээс Монгол улсын анхны  гавьяат багш эрдэмтэн зохиолч Дондогийн Цэвэгмид нь  нийслэлийн лаборатори нэгдүгээр дунд сургуулийг  Монголын уран зохиолын түүхэнд мөнхжүүлсэн гавьяатай хүн юм.Зохиолч алс баруун хязгаарын  Ховд аймгаас нийслэлийн 10 жилийн  нэгдүгээр дунд сургуулийн 8-р  ангид суралцахаар ирсэн сурагч Ганбатын сэтгэл хөдлөлөөр, тус сургуулийн дүр зургийг үгийн урнаар дүрслэн үзүүлсэн нь  нэг талаар хөдөө орон нутагт энэ мэт сургуулийг олноор байгуулах, нөгөө талаар охид хөвгүүдийг тус сургуульд ирж суралцахыг  уриалан дуудсан  хэрэг байлаа.1940-өөд оноос 1950 оны эхэн үе хүртэл хугацаанд  нэгдүгээр сургуулийн 10-р ангийг төгссөн сурагчид биеийн эрүүл мэнд  тэнцэл шалтаггүйгээр  ЗХУ-ын дээд сургуульд очиж суралцдаг байсан нь  энэхүү  сургуулийн сургалтын чанар , анх байгуулагдсан цагаасаа  эхлэн сайн байсныг үзүүлж байгаа хэрэг юм.Иймээс нэгдүгээр дунд сургууль нь  тухайн үедээ гадаадын дээд сургуульд элсэн суралцах бэлтгэлийг  бүрэн хангаж байсан төдийгүй, МУИС-ийг багшийн салбартайгаар анх байгуулснаар манай улс дотооддоо бүрэн дээд боловсролтой багш бэлтгэж эхэлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан МАХН-ын Тх-ны УТТ-ноос 1947 онд гаргасан тогтоолд, багшийн ангид суралцаж байгаа оюутны багшлах дадлагыг нэгдүгээр сургууль дээр хийж байх заалт өгчээ.Улсын гавьяат багш, доктор Ц.Өлзийхутаг  агсан анх багшлах дадлагаа 1942 оны нэгдүгээр  сургууль дээр хийж байсан тухайгаа дурсан ярьж байснаас үзээд энэ сургууль эх орондоо багшлах боловсон хүчин бэлтгэхэд эртнээс их үүрэг  гүйцэтгэж ирснийг  баталж байна.Тус сургууль нь олон зүйл дээр анхдагч болсон алдартай хүмүүсийг төрүүлсэн гавьяатай.Монголын анхны физикийн эрдэмтэн МУ-ын гавьяат  багш академич Н.Содном, Монголын нэрт сурган хүмүүжүүлэгч доктор Д.Гомбосүрэн нар 1941 онд тус сургуулийг төгсгөсөн.Тус сургуульд сурч байсан, МУ-ын Ардын багш профессор  Л.Шагдар 1954 онд Москвагийн УИС-ийн аспирантурыг  дүүргэн  математикийн онолоор эрдмийн зэрэг хамгаалж, эрдэмтэн болсон байна.Тус сургуулийг төгсгөсөн, МУ-ын Гавьяат багш пофессор Ү.Санжятав  алгебрийн чиглэлээр анхны шавь сургуулийг байгуулж, олон эрдэмтэн төрүүлэн гаргасан нь  эдүгээ дэлхий нийтээр  зөвшөөрөн хүлээсэн нэртэй сургуулиуд болон хөгжсөн ажээ.Нэгдүгээр сургуулийн, манай орны математикийн боловсролд оуулсан өөр нэг чухал хувь нэмэр бол 1965-1966 оны хичээлийн жилд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг монголд анх удаа нээж хичээллүүлсэн явдал юм.Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг нэгдүгээр сургуульд нээж хичээллүүлсэн нь, бусад олон сургууль дээр ийм нэг анги нээн хичээллүүлэх, түүгээр зогсохгүй математикийн сургалттай бүхэл бүтэн дунд сургууль байгуулах үлгэр дууриалал болж математикийн  авьяастай сурагчдыг  нээн илрүүлэх, тэднийг хөгжүүлэх таатай  нөхцөлийг бүрдүүлсэн юм.Тус сургуулийн математикийн  гүнзгийрүүлсэн  сургалттай ангийг төгсөгчдөөс математикийн шинжлэх ухаан доктор, профессор Ц.Болдсүх, доктор Б.Баясгалан, Г.Хүрэлбаатар, Б.Батцэнгэл нарын зэрэг олон математикч эрдэмтэд төрөн гарсан билээ.Тус сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиас  улсын олимпиадын аварга 26, ОУМО /дэлхий/-аас алтан медаль1, мөнгөн медаль12, хүрэл медаль 20, тус тус авсан нь үнэхээр бахадмаар амжилт юм.Энэ сайхан амжилт бол ахмад багш нарынхаа уламжлалыг  нэр төртэй үргэлжлүүлж, хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа залуу багш нарын гавьяа мөн.Багш Д.Нарангэрэл, Н.Эрдэнэ, Ц.Баяраа, З.Бат-Эрдэнэ, Н.Баянбат, Н.Энхбаатар, Д.Бат-Орших, Д.Самданпэрэнлэй, Б.Амарбаясгалан, Э.Батзаяа нар нь сүүлийн 20 жил математикийн энэ амжилтын эздийг бэлтгэсэн багш нар юм. Ийнхүү нэгдүгээр сургууль математикийн сургалтын талаар Монголдоо төдийгүй дэлхийд өрсөлдөж, тэргүүн эгнээнд нь жагсаж чадсаар ирсэн бөгөөд одоо ч энэ уламжлалаа улам ахиулсаар хадгалсаар байна.Нэгдүгээр сургууль 1961 оноос улсын хэмжээний ЕБС-ийн сургалтын шинэ төлөвлөгөө программыг туршин шинжлэх, судалгааны төв болж байв.ЕБС-ийг шинэ системд шилжүүлэхэд  сургуулийн сургалт хүмүүжлийн талаархи  эрдэм шинжилгээний ажлыг өргөтгөн эрчимжүүлэх шаардлага тулгарч байсныг  харгалзан Гэгээрлийн яамны шийдвэрээр тус сургуулийг  “Лаборатори” сургууль болгосныг 1965 онд СНЗ-ийн тогтоолоор баталгаажуулжээ. 1965 онд СХУ хүрээлэнгийн захирлаар манай улсын нэрт сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн Д.Гомбосүрэн, орлогч захирлаар доктор Л.Шагдарсүрэн нар ажиллаж байв.Нэгдүгээр сургуульд явуулах  сурган хүмүүжүүлэх судалгаа шинжилгээний  ажлыг СХУХ-ийн захирал агсан Д.Гомбосүрэн биечлэн удирдан чиглүүлж, явцад нь хяналт тавьж туршилтын үр дүнг багш нараа заасан хугацаанд нь гаргуулан авч, уул судалгааны ажлыг сайн хийсэн багшид  мөнгөн урамшуулал олгодог байлаа.Энэ үеэс нэгдүгээр сургуулийн захиргаа, багш нарын хамт олон СХУ-ны эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажилд хошуулан оролцох болж, хичээлийн агуулга, хөтөлбөр, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, заах аргын зөвлөмж боловсруулах, тэдгээрийг сургалтын практикт туршин сорьж дүгнэлт гаргах ажилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн юм.Үүнийг бичигч миний бие 1965 оноос СХУХ-д монгол хэл- уран зохиолын хичээлийн сургалт хариуцсан эрдэм шинжилгээний ажилтнаар 28 жил ажиллсан хугацаандаа тус хүрээлэнгээс жил бүр явуулж ирсэн урт богино хугацаатай судалгаа шинжилгээнтий туршилтыг багш З.Жавзан, Ц.Ичинханд, Д.Гомбодаш, Н.Цэвээн, Б.Лянхуа, Б.Цэрэндулам, Ж.Амраа, Д.Пунцаг, Ц.Энхтуяа, Э.Цэрэнсодном, И.Намсрайжав, нартай хамтран гүйцэтгэж  ирсэн бөгөөд эдгээр багш нар туршилтын удирдамжийг чанд мөрдөж, тайлан дүгнэлтийг цаг тухайд нь гаргаж хүрээлэнд өгдөг байв.Багш нарын хйисэн энэхүү судалгаа, дүгнэлт, тооцоо, саналыг үндэслэн шинэчилсэн хөтөлбөрийг улс даяар хэрэгжүүлэх эсэх тухай асуудлыг шийддэг байлаа.1989-1990 оны хичээлийн жилээс монгол бичгийн хичээлийг 1-р ангиас үзэх анхны туршилт ажлыг багш Ш.Пүрэвийн даасан 1а ангид эхэлж, 1-3-р анги төгстөл нь УБДС-ийн багш Лх.Дамдинжав, ангийн багштай нь хамтран зааж байлаа.Энэ анги 10-р анги төгстлөө  монгол бичиг сурч, сурагчид чөлөөтэй уншиж, бичиж бүрэн чаддаг болсон юм.Ш.Пүрэв багшийн энэхүү туршилт ажлын тайлан, Н.Цэвээн багшийн бага дунд ангид монгол бичгийг шинэ бичгээс илүү сайн сурах боломжтой” гэсэн саналыг дэвшүүлсэн байдаг.Тухайн үед эдгээр багш нарын туршилт ажлынхаа үр дүнд хйисэн дүгнэлт нь, өдгөө монгол бичгийг бага ангид заахад хүүхэд сурахгүй мэтээр ярьдаг хар толгойтны үзэл бодолд няцаалт өгсөн хариулт болсон юм.Тус сургуулийн багш нар төрөл бүрийн хичээлийн агуулгыг боловсронгуй болгоход анхаарахын зэрэгцээ зорилгод хүрэх арга зүйн тогтолцоог олж тогтоох түүнийг шинэчлэх үр дүнг дээшлүүлэх эрэл хайгуулын ажлыг эрчимтэй хийж заах аргын ном, захидал  олныг туурвисан бөлгөө. Ийнхүү нэгдүгээр сургуулийн багш нар бол сурган хүмүүжүүлэх ухааны туршилт, судалгаа шинжилгээний арга барилд мэргэшсэн үлэмж туршлагатай гавьяатай хүмүүс байв.Монгол хэл, уран зохиолын багш нар сурах аргыг боловсонгуй болгож чадсаны үр дүнд, монгол хэлний олимпиадад удаа дараа амжилттай оролцож байлаа.Үүнд: багш Н.Цэвээн 1977-2001 онд улсад 7 удаа байр эзэлж, улсын аваргаар 4 удаа, мөн улсад 2,3,4-р байр эзэлж 1969-1995 монд хотод 20 удаа аваргаар шалгарсан.Багш Б.Цэрэндулам 1976-1989 онд улсын аваргаар 7 удаа мөн улсад 2,3-р байр эзэлж, хотын аваргаар 13 удаа шалгарсан.1978-1979 оны хичээлийн жилд багш Б.Цэрэндуламын хичээл заадаг 10в, 6а ангиуд монгол хэлний улсын олимпиадад хоёул нэг зэрэг улсын аваргаар шалгарч билээ.Энэ мэтээр багш Ж.Амраа, Б.Лянхуа, З.Жавзан, Ц.Ичинханд нарын хичээл заадаг ангиуд монгол хэлний олимдиадад улсад  болон нийслэл хотод удаа дараа тэргүүн байр эзэлж байлаа.Нэг сургуулиас нэг мэргэжлийн хичээлийн олон багш улсын ба хотын олимпиадуудад орж бүгд тэргүүн байруудыг  жил дараалан эзэлж байсан нь тус сургуулийн бүтээлч хамт олны хүч чармайлтын үр дүн юм.Өдгөө монгол хэл, уран зохиолын  багш Д.Дэнсмаа, Б.Мягмарсүрэн, Д.Цэрэнлхам, Ж.Лхамжав, Ц.Урантөгс, Мөнхзул, П.Уранчимэг нарын олон сайчууд ахмад үеийнхээ олон жил хуримтлуулсан ажлын их туршлага ололт амжилтыг өвлөн авч шинэ нөхцөлд бүтээлчээр залагмжлан хөгжүүлсээр байна. Нэгдүгээр сургуулийн багш нар яам хүрээлэнгийн томилолтоор хот хөдөөгийн сургуулиудад  урт богино хугацаагаар ажиллаж, өөрсдийн хийж буй туршилт судалгааны ажлын ололт, үр дүнгээр сургууль багш нарт лекц яриа хийж бүсчилэн семинарт хичээл заах, хичээлд сууж зөвлөгөө өгөх, хичээл зааж үзүүлэх харилцан туршлага солилцох, улсын хэмжээний сургуулиудад  хичээлийн агуулгыг хэрхэн хэрэгжиж байгаад ажиглалт хийх, энэ тухай багш нараас анкетийн судалгаа авах зэргээр ажилладаг байв.Томилолтийн заримаас дурьдвал: Монгол хэл уран зохиолын багш Б.Цэрэндулам Завхан, Ховд, Баян-Өлгий, Дорнод, Дундговь зэрэг аймгийн төв, 6 суманд (Дорнодод 3 сар), багш Ж.Амраа Өвөрхангай, Сэлэнгэ, Дундговь аймгийн төв, 8 суманд /Өвөрхангайн Хархорины сургуульд 1 жил/, Н.Цэвээн Төв, Сэлэнгэ аймгийн төв, 6 суманд тус тус томилолтоор ажиллсан байна.Багш Ц.Ичинханд, З.Жавзан, Б.Цэрэндулам, Н.Цэвээн, Д.Пунцаг нар хөдөө орон нутгаас нийслэлд мэргэжил дээшлүүлэхээр  ирсэн багш нарт хичээл заах, өөрсдөө хичээл зааж үзүүлэх зэргээр туршлага солилцдог байв. Эдгээрээс үзэхэд тус сургуулийн багш нар өөрсдийн хийж буй туршилт судалгаан үр дүн, сурган хүмүүжүүлэх ухааны ололт туршлагыг хот хөдөөгийн сургуулийн олон мянган багш нарт  хүргэн, тэдний мэргэжлийг дээшлүүлэх ажилд их үүрэг гүйцэтгэсээр ирсэн болно. Ийнхүү нэгдүгээр сургуулийн багш нар бол ардын боловсролын хөгжлийн тодорхой нэг үед ЕБС-ийн багш нарын “багш” байсаар ирсэн төдийгүй, эрдэм шинжилгээний арга барил эзэмшсэн  үлэмж туршлагатай судлаач хүмүүс байсан бөгөөд одоо ч  энэ түүхэн уламжлалаа шинэ нөхцөлд хадгалсаар байгаа нь 90 жилийн ойн бас нэгэн бахархал мөн. Тус сургуулийн сургалт хүмүүжлийн ажлыг тогтмол сайжруулан, чанарын дээд түвшинд хөгжүүлэх, туршилт судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг шаардлагын зохих хэмжээнд удирдан зохион байгуулах үйлсэд олон жил цаг наргүй хүчин зүтгэж, үр бүтээлтэй ажиллаж ирсэн захирал, хичээлийн эрхлэгч нарын дотроос Гавьяат багш Даваагийн Гомбосүрэн, Гавьяат багш Цэвэгсүрэнгийн Гүррагчаа, Гавьяат багш Зэвэгийн Цэрэннадмид АБТА, магистр Цэрэннадмидийн Цэрэнхүү нарын алдрыг сургууль байгуулдагдсаны 90 жилийн түүхт ойн өдөр дурсан тэмдэглэхэд таатай байна. Нэгдүгээр сургууль өнгөрч буй 90 хичээлийн жилд 7000 шахам сурагчид төгсгөснөөс: улсын баатар-1, хөдөлмөрийн баатар-5, ардын цолтон-13, Төрийн шагналт болон улсын Гавьяат цолтонгууд-70 шахам, Шинжлэх ухааны жинхэнэ гишүүн академич-19, шинжлэх ухаан доктор /SC.D/- 30 гаруй, доктор (Ph.D)- 240 гаруй одоогийн байдлаар тус тус төрөн гараад байна.Тус сургууль улс орноо хөгжүүлэхийн төлөө өөрийн эрдэм боловсрол, эрч хүчээ зориулсан, зориулж яваа олон арван төгсөгчид бэлтгэн гаргасан гавьяатай сургууль юм.Нэгдүгээр сургуулийн түүхийн 90 жилд бараг бүх амьдарлаа зориулан хөдөлмөрлөсөн олон багш байгаагаас ажлын амжилт бүтээлээрээ онцгойлон шалгарч үнэлэгдсэн Ардын багш Ц.Цэвээн, МУГБ Д.Лянхуа, С.Цэрэндулам, С.Цагаан, Ш.Зулхүү, Л.Гавалмаа, Н.Цэвээн, Я.Намсрайжав, Ц.Ичинханд, З.Жавзан, Ц.Янпил, Н.Бүтэд, Н.Олзвой, З.Нэргүй, Б.Цэрэндулам, Л.М.Семёнова, Ц.Агваан, С.Амарсайхан, Т.Дулмаа, Ц.Эрдэнэчимэг, Г.Лхагва, Б.Лувсандорж, Б.Март,Л.Оюунчимэг, Ц.Цэрмаа, Ч.Энхтуяа, С.Эрдэнэцэцэг, Н.Энхпагма, Д.Нарангэрэл нар болон удирдах ажилтан Д.Гомбосүрэн, З.Цэрэннадмид, Б.Цэрэндулам, Ц.Гүррагчаа, Ц.Цэрэнхүү нар хамт олныхоо бахархал үлгэр дууриалал болсоор байна.Энэхүү алдар түүхтэй ууган сургуулийн хичээл сурлага, урлаг спортоор өөрийн орны болон олон улсын хэмжээнд зохиогддог уралдаан тэмцээнд удаа дараа хошуучлан оролцож тэргүүн байрт шалгарч, алт, мөнгөн медаль, бусад шагналыг авч байсан ололт амжилт бүхнийг он цагаар жагсаан дурьдах гэвэл олон бовь ном болох биз... Лаборатори нэгдүгээр сургууль нь Монгол улсын боловсролын хөгжлийн түүхэнд сургалт хүмүүжлийн талаар тулгамдсан олон чухал асуудлыг оновчтой бөгөөд шинжлэх ухаан үндэстэй шийдвэрлэхэд жинтэй хувь нэмэр орууулсныг зохих ёсоор үнэлж, сургууль үүсэн байгуулагдсны 90 жилийн түүхт ойг нь тохиолдуулан  тус сургуулийг  Д.Сүхбаатарын одонгоор мялаахыг БШУЯ болон Төрийн Дээд байгууллага анхааралдаа авч ёсоор болгоож өгөхийг хичээнгүйлэн хүсэж айлтгая. Болгоон соёрхоно уу.

Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Тугчин овогт Д.Гомбожав

No comments: