Thursday, September 19, 2013

Манай улс цөлжилтөөр дэлхийд дээгүүрт бичигдсэн гэнэ

Байгаль орчин мэдээллийн төв, ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн хамтран Щвецарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр анх удаа Монгол орны хэмжээнд цөлжилт газрын зураг бүхий атлас боловсруулан гаргажээ.
"Энэхүү атлас бүхий газрын зурагт уур амьсгалын хүчин зүйлс, хөрс ус болон салхиар элэгдэж эвдэрсэн газрын үйл явц, ургамал нөмрөгийн өөрчлөлт, нийгэм эдийн засгийн хүчин зүйл, цөлжилтийн нэгдсэн үнэлгээ болон үр дагаврыг тодорхой тусгасан" хэмээн Байгаль орчны мэдээллийн төвийн дарга С.Хөдөлмөр мэдээлсэн юм. Уг атласт нийт 43 зураг байгаагаас төлөв байдлын 30, өөрчлөлтийн найм, хандлагийн таван зургийг тодорхой гаргаж өгсөн нь атласын бас нэгэн давуу тал болсон гэж хэмээн холбогдох албаныхан үзэж байлаа. Монгол Улс 1996 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцид нэгдэн орсон.
Энэхүү конвенцид орсноороо 1996, 2003, 2010 онд "Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг тус тус шинэчлэн баталж хэрэгжүүлж ирсэн. Харин 2006 онд хийгдсэн үндэсний үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 72 хувь нь их бага хэмжээгээр цөлжсөн хэмээн тооцогддог гэв. Цөлжилт, газрын доройтол төлөв байдал нь хүний буруутай үйл ажиллагаанаас ихээхэн нөлөөлдөг. Тухайлбал, нийт газар нутгийн 60 хувийг хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй цөлжилт эзэлж байгаа бол байгалийн хүчин зүйлс нөлөөлсөн цөлжилт 40 хувийг эзэлж байгаа гэнэ. Түүнчлэн манай орны цөлжилтөнд хамрагдаж байгаа нутаг дэвсгэрийн ихэнх бүс нутагт хээрийн бүс нутаг хамаардаг гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл үүнд бэлчээрийн асуудал ч хөндөгдөж байгаа юм. Цаашлаад экологийн бүлэг асуудал хэмээн тодорхойлж болох орчны тоонд ган гачиг, үер усны аюул, орчны бохирдол зэрэг ихээхэн нөлөөлдөг байна.
Энэхүү атласт цөлжилт, газрын доройтлыг тодорхойлогч байгаль нийгмийн хүчин зүйлс тус бүрийн үнэлгээ, тэдгээрийг үнэлэхэд ашигласан аргазүй зэргийг нарийн гаргаж орон зайн хуваарилалтыг илтгэх зүйлсийг тус газрын зурагт тусгаж өгсөн нь томоохон дэвшил болж чадсан хэмээн Байгаль орчин мэдээллийн төвийн дарга С.Хөдөлмөр онцоллоо. Цаашлаад цөлжилтийг үнэлэх, газарзүйн хүрээг тодорхойлох үндсэн дээр бодитой ажил хийгдсэн бөгөөд гандуу хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутагт олон хүний үйл ажиллагаагаар тодорхойлогдох, нийгэмд үзүүлэх үйлчилгээ сулрах, доройтлын бүлгийн үйл явц ямар шатанд явагдаж байгааг мэдэх боломжийг цөлжилтийн атлас бүрдүүлж чадсан гэнэ. Түүнчлэн байгаль орчин нөхөн сэргээлт, нийгмийн байгалиас хүртэх хүнс болон амьдрах орчны эдийн засгийн зэрэг ашгийг экосистемээс хүртэж болох талаар ч тэрээр ярьж байв.
Хамгийн гол нь хөрс усны элэгдэх үйл явцаас илүүтэй хот хөдөөгийн хүн ам болон, малын тоо толгойн өөрчлөлт зэрэг нь цөлжилтийн атласыг хэрэгжүүлэх бас нэгэн үндэс болж өгсөн гэв. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр цөлжилтийн нэгдсэн мэдээллийн сан бий болгох бөгөөд үүнд ач холбогдол өгч ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар Монгол Улсын нийт 18 аймгаар дэд хөтөлбөр хэрэгжиж байгаа гэнэ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 520 гаруй булаг шанд сэргээж хэвийн үйл ажиллагаанд оруулсан байна. 2010 оны судалгааны дүнгээр Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77.8 гаруй хувь нь цөлжилтөнд өртсөнөөс 35.3 хувь нь сул, 25.9 хувь нь дунд 6.7 хувь нь хүчтэй, 9.9 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байгаа тоо баримтыг судалгаагаар тодорхой гаргаж чадсан гэнэ.
Үүнээс нэн хүчтэй цөлжилтийн зэрэглэлд багтах газарт Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Дорнод аймгийн Матад, Чойбалсан, Сүхбаатар, аймгийн Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Түвшинширээ, Дундговь аймгийн Хатанбулаг, Замын Үүд сумдын урд хэсэг, Өмнөговь аймгийн Ноён, Баяндалай, Хүрмэн сумдын урд хэсэг, Мандал-Овоо, Булган сумдын зааг нутаг дэвсгэрүүд хамрагдаад байгаа нь манай оронд цөлжилт өндөр түвшинд явагдаж байгааг илтгэж байна гэж албаныхан онцоллоо. Мөн Дэлхийн хэмжээнд 0.7 градусаар дулаарч байгаагаас Монгол орны хэмжээнд 21 градусаар дулаараад байгаа нь цөлжилтийн гол үндэс суурь болж байгааг ч холбогдох албаныхан мэдээлж байлаа.

С.Анхбаяр

No comments: