Thursday, June 19, 2014

Сайн найзын дурсгалд

Ангийн анд Шагдарсүрэн ГАНЗОРИГ, Ванганжал ДАМДИНБАЛ, Шагдарламжав ПҮРЭВ-ОЧИР, Адъяа ХОНГОРЗУЛ нарт зориулан хуулбарлав.
Нэгэн гэгээн саруул бөгөөд гунигт түүхийг ярихгүй бол болохгүй нь. Энэ бол оюутан цагаасаа үй зайгүй нөхөрлөсөн сайн найз минь хорвоогоос хальсан явдал юм. Гэхдээ жирийн нэг явдал биш учраас өгүүлж байгаа юм. 

Оюутан ахуй цагтаа Анагаахын дээдэд сурдаг Булганы харъяат нэг залуутай үерхэж билээ. Түүнийг маань О гэнэ. 100 айлд байх манай гэрт тэр бараг амьдарна. Би, миний ээж, эхнэр, хүү, дээрээс нь О манай гэр бүлийн нэг гишүүн. Түүнээс гадна манайд найз нар сүргээрээ цуглана. Телевизийн Гүрбазар, яруу найрагч Дашбалбар, эмч Цогтоо гэх мэт ч ирнэ. Бид яруу найраг, түүх, улс орны ирээдүй гэхчлэн бүх сэдвээр ярина, буу хална. Хамгийн сайхан оюутан үе минь тэр байлаа.
Дашрамд хэлэхэд бидний ярьдаг хэлдэг юмыг цагдаж хорьж байгаагүй юм. Харин бидэнд улс эх орноо хөгжүүлэх, өөрсдөө улс эх орондоо хэрэгтэй хүн болох гэгээн саруул хүсэл байсан юм шүү. Ухаандаа энэ Гүрбазар гэхэд л би Монголын автономын үеийн түүх, бөө мөргөлийг судална гэдэг байж билээ. Тэр үеэс л шүлгээ уншина. Ер нь найз нар дундаас минь надаас бусад нь шүлэг бичдэг байсан юм.
Ингээд бид дээд сургуулиа төгсөж О найз маань Эрдэнэтийн ойролцоох Хялганат тосгонд эмчээр томилогдов. Эхнэр нь бас эмч учраас хамт явсан нь мэдээж. Сайхан ухаалаг бүсгүй.
Найз нар маань тэнд очоод хөдөөг хөгжүүлж, өөрсдөө хүү охин хоёртой сайхан айл болов. Тэгээд Эрдэнэт хотод шилжин ирэв. Мэс заслын эмч болжээ. Тэнд мэс заслын тасгийн эрхлэгч, их том эмч болсон санагдана. Эрдэм номдоо гаргуун байсан хүн чинь аргагүй шүү дээ. Тэгээд Улаанбаатарт шилжин ирэв. Ясны сүрьеэгийн эмнэлгийн мэс заслын тасагт, дараа нь 3 дугаар эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт ажиллав. Бундан эмчийн багт нэг хэсэг ажиллав. Ингээд ардчилал болж байгаа юм.
Нэг удаа манайд ирсэн юм. Ардын эмнэлгийн дамжаанд суугаад польш явж мөнгө хийнэ гэж байна. Би зөв дөө л гэлээ. Тэр үед манай гайгүй эмч нар польш гардаг моод байсан юм.
Ингээд найзыгаа польш руу гаргаж өгөв. Эхний жилдээ яваад ирэхдээ машинтай болоод ирлээ. Овоо ш дээ. Дараа жил нь яваад байрны мөнгө хийгээд ирэв. Бүр овоо ш дээ. Дараа жил нь авгайгаа дагуулаад явав. Ингээд гэнэт ороод ирдэг юм байна. Эндээс л хамаг юм эхэлсэн дээ.
Манайд орж ирээд л : “За одоо бүгдээрээ өөрөөр амьдарна аа” гэж байна. Тэгье гэж хэлж амжаагүй байтал библийн сургааль номлоод унадаг юм байна. Жирийн хүн бол сонсдог юм уу, мухар сохроор үгүйсгэдэг л байх. Би бол судлаач хүн чинь тэрийг чинь шашны түүх, теологийн зарчмуудаас нь авахуулаад сайн мэднэ л дээ. Түүнээс гадна дор хаяж тэр библийг нь шинжлэх ухааны шашин судлалын талаас нь судлаад үзчихсэн хүн байхгүй юу. Инээд хүрч байгаа юм чинь.
Хоёулаа өдөржингөө польшийн сонин хачин биш, шашны философиор үзэж тарав. Мэргэжлийн судлаач эмч хүнийг ялах шиг амархан юм байхгүй билээ. Хамгийн хэцүү нь би найзыгаа алдаж байгаагаа тэр үед мэдэрч билээ.
Найз маань христийн хамгийн харгис Иоговын гэрчүүд урсгалд орчихсон аж. Христийн бусад бүх гол урсгалууд тэр урсгалыг үзэн ядна. Хувь хүнийг нийгмээс тусгаарлаж, холдуулж, хувь хүнийг үгүй болгодог гэж бүх лавлах бичгүүдэд өгүүлсэн нь буй. Зарим улсад бүр хориглосон байдаг. Найз маань ийм л балай юманд яваад орчихож.
Хэдэн жилийн өмнө нэг жирэмсэн хүүхэн төрөх үедээ цус алдаад. Эмч нар цус хийх гэсэн чинь эмэгтэй болон түүний нөхөр хоёр үхэн хатан татгалзаад. Юу болсон гэхээр тэд Иоговын гэрчүүд шашинтан байж. Энэ урсгалд хүний цус солихыг хатуу хориглодог. Энэ явдал манай телевизээр гарч л байсан. Манай найз ч гэсэн мэс засалч учраас дандаа хүний цус сольдог гээд ажлаасаа гарсан юм. Бас цус солилцдог гээд микробиологич эхнэрээ ажлаас нь гаргасан юм. XXI зуунд ийм тэнэг юм байж болохгүй л дээ…
Гэр бүлээр нь ажил амьдралыг нь хаяулж шашин номлогч болгодог ийм харгис шашны урсгал гэж байдаг тэдний нэг Иоговын гэрчүүд аж. Ийм харгис урсгалуудыг манайхаас бусад оронд нийгэм, хувь хүнд хортой аюултай гэж зарладаг, хориглодог. Одоо ийм үйлдэл хийх шаардлага зүй ёсоор бий болсон байна. Монгол орон шашны харгис урсгалуудын хогийн сав биш.
Монгол хүн суурь итгэл үнэмшил, үнэлэмжийн систем байхгүй учраас шашны аль нэг сурталд автвал хэт фанатик болдог юм байна. Шашин шүтэж болох боловч хэт фанатик байх нь бас л хэт аюул юм. Шашин шүтэгч, шашны фанатик хоёр газар тэнгэр шиг ялгаатай. Манайхан энэ ялгааг огт мэддэггүй.
Ингээд тэр намайг ухуулан таниулах ажилд оров. Орос хэл дээр “Сторожевая башня” гэсэн сэтгүүл бөөн бөөнөөр нь авчирна. Өнгөц харахад бараг л шинжлэх ухааны сэтгүүл гэсэн үг. Би тэрийг нь үзээд баримт нотолгоогоор бутартал нь шүүмжилнэ. Найзын маань арга нь тасарч байна аа.
Нэг удаа тэр орос хүүхэн дагуулчихсан ирэв. “Багш” нь юм гэнэ. Тэр зэргийн “багшийг” унагаагаад явуулахаа би мэднэ л дээ. Жаахан байж байгаад бас нэг орос нөхөр дагуулчихсан ирэв. Бүр “хамгийн том багш” нь юм гэнэ. Тэрийг нь бас унагааж өгөөд ахиж над руу “багш” дагуулж ирсний хэрэггүй, чи л ирвэл ир гэж найздаа хэлэв.
Нэг удаа орос, монгол хоёр библи аваад ирэв. Чи энэ хоёрыг тулгаад алдаа байвал хэлж өгөөрэй гэнэ. Намайг л элсүүлэх гэсэн хэрэг л дээ. Үстэй толгойноос их ажилтай байж библийн орчуулга хянаад сууж байна гэдэг хөгийн л явдал байхгүй юу. Тэглээ ч гэсэн найз “тушаасан” болохоор ганц нэг бүлгийн орчуулгыг тулгаж үзсэн юм. Зорилго нь найзыгаа “алах” гэж. Үнэнийг хэлэхэд яг тулгаад үзэхэд манай библийн монгол орчуулга гэж ёстой хөгийн байдаг юм билээ. Библээ ойлгоогүй, бас орос, англи хэл мэдэхгүй улс чинь ёстой бантан хутгаж өгсөн байдаг юм. Ингээд би нэг бүлгээс баахан алдаа олоод найздаа тайлбарлаж өгөөд: “Ийм хөгийн байж Та нар шашин машин гэхээ больж үз” гэж унтрааж өгөөд явуулж билээ.
Энэ хооронд найз О маань өөрөө шашны номлогч болсноор барахгүй, эмч эхнэрээ ажлаас гаргаж бас л номлогч болгожээ. Хүү охин хоёроо сургуулиас гаргаж мөн л ийм замаар оруулав. Өөрсдөө байрнаасаа гарч нийтийн байр маягийн юманд амьдардаг болсон гэнэ. Тэхээр нь би уурласан юм.
Хоёр хүүхдийг сургуульд оруулсан хойноо манай хаалгаар шагайгаарай гэж. Шууд л хөөсөн хэрэг л дээ. Ингэж бидний зам салсан юм.
Монгол Улс дээд зэргийн мэдлэг боловсролтой шилдэг эмч нар бэлтгэх гэж бараг 40 жил зарцуулжээ. Гэтэл гадаадынхан шашны 2-хон фанатик номлогч гэр бүлээр нь бэлтгэхэд ердөө л 5 жил зарцуулжээ. Энэ зүгээр л нэг хүний эрх чөлөөний, эсвэл шашны асуудал биш л дээ. Энэ бол ердөө л гамшиг, бас аймшиг юм.
Түүнээс хойш олон жил болжээ. Гэтэл саяхан хаалганы хонх дуугарав. Нэг хөсрий юм зогсож байна. Шашны ном тарааж байгаа гэнэ. Нөгөө таньдаг “Сторожевая башня” сэтгүүл. Найз О-гоо асуутал нас бараад олон жил болж байгаа гэнэ. Дотор харанхуйлаад явчихлаа. Нэг нь өөртөө хандаж. Хэд насална гэж найзыгаа хөөж байгаам ?! Нөгөө нь шашны Иоговын гэрчүүд урсгалд. Эгэл жирийн хүмүүсийг нийгмээс тусгаарлаж, ингэж алж байдаг гэж.
Миний найз шашны тэнэг урсгалд автаж нийгмээсээ тусгаарлагдаагүй бол өдийд эсэн мэнд, бас гэр бүл нь ч сайн сайхан явах байсан гэдэгт би бүрэн итгэлтэй байна…
Миний найз О Иоговийн гэрчүүдийн Эдемийн цэцэрлэгт биш, Бурхны оронд заавал төрнө, тэнд түүнийг үхээнц шашны дорой номлогч биш, асар олон хүний амийг аварсан алтан гартай эмч гэж дээдлэн хүндэтгэх болно…
Судлаач Х.Д.Ганхуяг : Сайн найзын дурсгалд
2014 оны 06 дугаар сарын 19.

No comments: