Friday, April 29, 2016

Нэг өдөр нэвтрүүлэг: Улаанбаатарын гудамжинд жимс бөнжигнөх цаг ирнэ

Улаанбаатарын гудамжинд яагаад заавал улиас ургах ёстой гэж. Алим, бөөрөлзгөнө гээд жимсний мод тарьж, бид хотынхоо гудамжаар явахдаа л төрөл бүрийн жимс авч идэх бүрэн боломжтой. Манай талбайгаас л гэхэд жилдээ 500 мянган мод авч суулгаж болно гэж ярих залууг Батчулууны Батсоёмбо гэдэг. Тэр энэ жил 27 настай. Сонгинохайрхан уулын бэлд 20 га газрыг жимсний модоор дүүргэх зорилго тавиад ажиллаж байгаа залуу.

Б.Батсоёмбо нийслэлийн 23 дугаар сургуулийг онц дүнтэй төгсөөд АНУ-ыг зорьсон. Вашингтон мужийн Спанавэй хотод Эмэрэлд Ридж Хай скулыг төгсөөд эх орондоо ирмэгц найзуудтайгаа хамтарч барилгын материалын үйлдвэр нээж ажиллуулж үзэж. 2008 онд үйлдвэрээ найзууддаа үлдээгээд Япон улсыг зорьсон байна. Токио хотноо Япон хэл, соёл судлалын мэргэжлээр суралцаж, дараа нь Англид “Бакингхэм”-ийн их сургуульд Эдийн засагч, хуульч мэргэжлийг эзэмшсэн. Олон улс орноор явж, олон төрлийн ажил хийж үзсэний эцэст эх орондоо өөрийн гэсэн үйлдвэрлэл эрхлэх нь хамгийн зөв сонголт гэдгийг баттай ухаарсан гэж тэр ярилаа.
Өвөл, зунгүй ургаж, үр шимээ өгч байдаг ургамал юу болохыг судлаад мөөг тарихаар шийдсэн байна. Энэ чиглэлээр судалгаа хийж Голланд, Япон, Германыг ч зориод амжиж. Манай нөхцөлд цагаан мөөг ургуулдаг “Эгэл далбига” компанийн захирал н.Батчимэгтэй хамтран Монголд анх мөөгний стандарт үйлдвэр нэвтрүүлэх зорилготой ажиллаж байгаа гэнэ. Б.Батсоёмбо ийнхүү мөөг ургуулахаар судалж явахдаа түүн шиг өвөл, зунгүй ургадаг бусад төрлийн ургамлуудыг судлан, ургуулж эхэлжээ. Мэргэжлийн агрономичидтой хамтран олон төрлийн ургамлыг Монголын нөхцөлд ургуулах туршилт судалгааны ажлыг хийж байгаа гэж хэлж болох юм. Одоо түүний хүлэмжинд идэж байсан жимснийхээ үрээр ургуулсан усан үзэм, алим, кивигээс гадна улаан лоолийн хэд хэдэн төрөл, өргөст хэмх, эрдэнэ шиш, хулуу, гаа, цагаан цэцэгт байцаа зэрэг 30 гаруй төрлийн жимс, хүнсний ногоо ургаж байна. Мөн 13 нэр төрлийн жимсний мод, 7 төрлийн гоёлын мод бут, 6 төрлийн шилмүүст модыг үржүүлж, ургуулж байна. Түүний талбайд ургаж буй алим, лийр, интоор, бөөрөлзгөнө, үрэл, монос, чацаргана, үхрийн нүд, долоогоно, тэхийн шээг, усан үзэм бүгд жимсээ өгөөд эхэлчихжээ.
Б.Батсоёмбын тарьж, ургуулсан жимс Б.Батсоёмбо одоо мэргэжлээрээ “Голомт” банкинд ажиллахын зэрэгцээ ургуулах, үржүүлэх ажилдаа санаа тавьдаг. 20 га талбайгаа хүмүүсийн амралт чөлөөт цагаа өнгөрөөдөг жимсний цэцэрлэг болгох, нийслэлийн гудамжинд жимсний мод саглайж, жимс бөнжигнөж байхыг харах нь түүний мөрөөдөл, бас зорилго гэсэн.
Эх орныхоо нийслэлийг ногоон хот, жимст гудамжуудаар төсөөлж, түүний төлөө хөдөлмөрлөж яваа 27 настай Б.Батсоёмбын тухай “Нэг өдөр” нэвтрүүлгийг 2016 оны 4 дүгээр сарын 30-ны Бямба гарагийн 18:40 цагаас “Монголын мэдээ” сувгаар гарчээ, хүлээн авч үзнэ үү.

No comments: