Friday, November 22, 2019

Гавьяат агрономич

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн ордонд Гавьяат агрономич цолоор 1-р сургуулийн 1976 оны төгсөгч, Дэвшил трейд ХХК-ийн ерөнхий захирал Дамдинсүрэнгийн Мөнхбаатарыг шагнаж, одон медалийг нь гардууллаа.


Шагнал гардуулсны дараа Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж:
“Тариаланчид аа

Манлайлагчид аа

Атрыг далайцтайгаар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлж эхэлснээс хойших 60 жилийн хугацаанд Монгол Улсын төрөөс  1959, 1976, 2008 онуудад Атрын гурван удаагийн аяныг зарлан хэрэгжүүлж байлаа.

Жаран жилийн хугацаанд 1.2 сая га атар газрыг тариалангийн эргэлтэд оруулж, 64 сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуй, 13 гурилын үйлдвэр байгуулагдаж, монголчууд өөрсдийн тарьж ургуулсан буудай, төмсөөр ард иргэдийнхээ хэрэгцээг хангах хэмжээнд хүрсэн.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хүнсний хангамж найдвартай, хангалттай, эрүүл, аюулгүй байхыг чухалчлан үздэг. Улс орны хүнсний аюулгүй байдлыг хангах, ард иргэдийг дотоодын хүнсний бүтээгдэхүүнээр хангахад тариаланчдын үүрэг маш чухал билээ. Өнөөдөр газар тариалангийн салбарт үр тарианы чиглэлээр 1200, төмс, хүнсний ногооны чиглэлээр 370 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, ард иргэдийн хүнсний хэрэгцээг хангах үйлсэд 60 мянган тариаланч, ногоочид зүтгэж, нийт 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалан эрхэлж байна.

Атрын аянуудад идэвх зүтгэлтэйгээр оролцож, тариалангийн ажилд хүч хөдөлмөр, залуу насны эрч хүчээ зориулан, ачааны хүндийг үүрч ирсэн манлайлагчдыг түүхт 60 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон медалиар шагнаж байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор Сандагийн Ганболдыг шагнаж байна. С.Ганболд 1974 онд Ерөөгийн сангийн аж ахуйд тракторч, комбайнчаар ажиллаж эхэлсэн цагаасаа өнөөг хүртэл газар тариалангийн салбарт тасралтгүй 45 жил зүтгэж яваа юм. 1983, 1985, 1986, 1987, 1988, 1990 онуудад БНМАУ-ын Ургацын аваргаар шалгарч байсан. Таны Монгол Улсад газар тариаланг хөгжүүлэх, хүн амыг дотоодын эрүүл бүтээгдэхүүнээр хангах, улс орон, орон нутгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд оруулсан хувь нэмэрт Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье.

1970 оноос моторчноор ажлын гараагаа эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл тракторч, комбайнчаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, нутаг орондоо газар тариаланг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа Чалхаажавын Хүрэлтөмөрийг Монгол Улсын Гавьяат механикжуулагч цолоор шагналаа.

1964 оноос хойш тасралтгүй 56 жил тариалангийн салбарт ажиллаж байгаа, Завхан аймгийн харьяат, ахмад буурал Галсанжамцын Цэрэн гуайг Монгол Улсын Гавьяат агрономич цолоор шагнаж байна. Г.Цэрэн гуай Завханы улаан хальст саримс гэх нутгийн өвөрмөц сортыг үржүүлж, үрийг нөөцийг нэмэгдүүлэн, хүнсний эрүүл мэндийн брэнд бүтээгдэхүүн бий болгож, тариалах талбайг өргөжүүлснээс гадна төмс, манжингийн нутагшсан сортуудыг гаргаж авах, тариалах зөвлөмжийг боловсруулсан зэрэг тариалангийн салбарыг хөгжүүлэхэд үр бүтээл, идэвх санаачилгатай нэгэн жарныг зориулжээ.

Монголын Үндэсний Радиогийн редактор, сэтгүүлч Лханаагийн Мөнхтөрд Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цол олголоо. Л.Мөнхтөр 1978 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1992 оноос Монголын радиод сурвалжлагч, сэтгүүлч редактораар ажиллах хугацаандаа “Ургацын далай” хэмээх уламжлалт, газар тариалангийн мэдээ мэдээллийн нэвтрүүлэгт ажиллаж ирсэн. Мөн монгол адууны талаар судалгааны ажил олныг хэвлүүлсэн соёлын зүтгэлтэн юм. Газар тариалангийн талаарх “Ургадаг алт” хэмээх цувралыг 8 удаа хэвлүүлжээ. Тариаланчдын амжилт үйлсийг сурталчлах, тариаланд тулгарч байгаа асуудлуудыг олон нийт, шийдвэр гаргагчдад хүргэхэд онцгой нөлөөлөл үзүүлж байсан сэтгүүлч мөн.

Шагнал хүртсэн манлайлагчид, гавшгайчид Та бүхэнд болон нийт тариаланчид, тариалангийн салбарын ажилтан, ажилчдад Атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлж эхэлсний түүхт 60 жилийн ойн баярын мэндийг ахин дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор идээ ургац арвин байж, зон олон эрүүл саруул аж төрөх болтугай” гэлээ.

No comments: