Thursday, January 7, 2021

“Алсын хараа-2050” гэж зүгээр л цаас уу?

МОНГОЛ УЛСАД ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ГЭЖ БАЙГАА ЮУ?

XX зууны сүүлээр хөгжлийн баримжаагаа өөрчилж, Үндсэн хуулиндаа “хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг” байгуулах эрхэм зорилгоо дэвшүүлсэн Монгол Улс  30 жил хөгжиж, XXI зууны 20 дугаар оны өнөө үед улс орны удирдлагуудын дээд түвшинд “Бид чинь буруу яваад байгаа юм байна” гэсэн юм ярьж эхэллээ.

Өнгөрсөн хугацаанд улс орны хөгжлийн үзэл баримтлал гэж нэг биш тооны, том том баримт бичгүүд баталж, баахан пиардаж байсан боловч хэрэгжиж биелсэн нь нэгээхэн ч үгүй. Эдгээрээс заримыг тоймлон дурьдвал, Монгол Улсын хууль тогтоох дээр байгууллага -Улсын Их Хурал 2008 онд “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг, 2016 онд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг тус тус баталжээ. Нэрнээс нь аваад үзвэл зүгээр ч хөгжихгүй, бүр тогтвортой хөгжих тухай ярьж байгаа болохоор, бүр бодлого гэж томьёолсон байгааг харваас жирийн нэг хөгжлийн үзэл баримтлалаас чанарын хувьд илүү гүнзгий баримт бичгүүд бололтой юм.

Эдгээр улс орны хөгжлийг тодорхойлж, үйл ажиллагааны удирдлага болох ёстой баримт бичгүүдээр авч үзвэл, манай улс 2007-2015 онд эдийн засгаа эрчимтэй хөгжүүлээд, 2016-2021 онд мэдлэгт суурилсан эдийн засагт шилжсэн байх ёстой байлаа. Гэтэл Монгол Улс энэ зорилтуудаа хэрэгжүүлж чадаагүй, тэр битгий хэл, хэрэгжүүлж чадахгүйгээ мэдсээр байж, дараагийнх нь 2030 оны үзэл баримтлалаа баталсан байдаг. Өмнөх эдгээр үзэл баримтлал, зорилго, зорилтуудаа хэрэгжүүлж чадаагүй байхдаа одоо дахиад бас 2050 оны илүү урт хугацааны, илүү том хэмжээний баримт бичгээ баталлаа, баталчихлаа гэж рекламдаж, пиардаж байна.

Өмнө нь хэрэгжүүлж чадаагүй үзэл баримтлалын баримт бичгүүд нь овор хэмжээ ихтэй, мундаг том цааснууд байлаа л. Жижигхэн муу Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн булан тохой бүрийн судалж шинжлээд, хүрэх түвшинг олон үзүүлэлтээр шат шатаар нь төлөвлөн бичсэн байж билээ. Тухайлбал, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” баримт бичиг нь 8 бүлэг, 52 зүйлд 47 удаа үе шатаар авч үзсэн 119 стратегийн зорилтыг тоочин бичиж тайлбарласан бол “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийн 2 хэсэг, 4 бүлэг, 13 дэд бүлэгт нийт 43 зорилтыг 117 удаагийн үе шатаар авч үзжээ. Уг нь мундаг их юм бичсэн том цааснууд байгаа биз. Ер нь “үзэл баримтлал” гэдэг нэр томьёог Монголын төр өргөнөөр ашиглаж иржээ.

Жишээлбэл, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Ногоон хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, Санхүүгийн салбарын шинэчлэлийн дунд хугацааны үзэл баримтлал, Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал, Мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлал, Улс орноо хөгжүүлэхэд өөрийн хүчийг дээд зэргээр дайчлах үзэл баримтлал /Ардчилсан Солонгосын “Чучхэ” хавьцаа юм уу даа/, Төрийн өмчийн эд хөрөнгийг 1997-2000 онд хувьчлах үзэл баримтлал зэрэг олон төрлийн үзэл баримтлал хэрэгжиж байгаа гэсээн.

Улс орны хэмжээний, төрийн бодлогын түвшний, салбарын хөгжлийн, тодорхой арга хэмжээний, хугацаагүй болон хугацаат гээд “чучхэ”-гийн /ардчилсан Солонгосын/ онолыг хүртэл олон янз, олон төрөл байдаг байна. Тэгэхээр Монгол Улсад хөгжлийн үзэл баримтлал байх нь байгаа юм байна. Нэг биш, нэг хэсэг олон янз бүрийн үзэл баримтлалууд байгаа юм байна. Мэдээж ийм их “цаас” хийхийн тулд баахан шинжилгээ судалгаа хийж, энэ тэндээс зөндөө юм уншиж, авч, хуулж, олон мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, улстөрчид ажиллаж, нүсэр их хөдөлмөр зарсан байж таараа. Энэ утгаараа болон хэмжээ дамжаа, тоо ширхгээрээ тэд бүгд адил төстэй юм.

Мөн тэдгээрийг нэгтгэн харуулж байгаа нэг шинж нь тэдгээрийн “үл бүтэх, үл биелэх, үл гүйцэлдэх” агуулга юм. Тэдгээрийг анхнаасаа л өөр зорилгоор, өөр ойлголтоор, өөр аргачлалаар хийсэн учраас анхнаасаа үл гүйцэлдэх шинжтэй болсон гэж дүгнэж байна. Өөр зорилго гэдгийн дор анхнаасаа “үзэл баримтлал” гэдгийг төрийн удирдлагын арга хэрэгсэл гэж авч үзээгүй, харин улс төрийн зорилгоор ашиглах баримт бичиг гэж үзсэнийг хэлж байна. Ямар ч улс орон хөгжлийн үзэл баримтлалтай байх ёстой учраас ийм үзэл баримтлал гэдэг зүйлийг батлах ёстой гэж үзсэн. Тухайн үед төр барьж байсан улс төрийн хүчин “ийм мундаг, ийм том үзэл баримтлал баталлаа” гэж харуулах нь гол зорилго байсан. Тийм ч учраас маш олон зорилттой, бүхнийг хамарсан, шаталсан, нүсэр, гэхдээ хэрэгжихгүй цааснууд үйлдвэрлэсэн.

Өөр ойлголтын хувьд “үзэл баримтлал” гэдэг нь улс орны хөгжлийн тодорхой түвшинд хүрэх баримжаа, түүнд хүрэхийн тулд төрөөс улс орны нийгмийн удирдахдаа баримтлах төрийн удирдлагын хандлага гэж ойлгоогүйг хэлж байгаа юм. Ийм байдлаар анхнаасаа л социализмын үеийн таван жилийн төлөвлөгөө маягаар ойлгосон байх талтай. Мөн өөр улс орнуудын иймэрхүү баримт бичгийг агуулга, зорилгыг нь нарийн ойлгохгүйгээр хуулсан байх ч магадлалтай.

Ийм маягаар өөр зорилгоор, өөр ойлголтоор хандсанаас үүдэн үзэл баримтлалуудыг өөр аргачлалаар хийжээ. Аль болох олон асуудлыг хамарч, аль болох олон тоо оруулж, олон шатлалыг дамжуулж, мундаг тооцоо хийсэн болгож харуулснаар эцсийн дүндээ нүсэр “мундаг том” баримт бичгүүд гарсан. Биелэх биелэхгүй нь хамаагүй, мундаг том цаас хийсэн гэдэг нь гол байсан гэдэг нь удаа дараа нотлогдон харагдсан даа. Энэ удаа мөн л өмнөх хоёр үл биелэх үзэл баримтлалаасаа хэдэн хувь илүү том, илүү урт хугацаатай бас нэг мундаг баримт бичиг гаргасан нь ““Алсын хараа 2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал” юм байна.

МОНГОЛ УЛС ХЭРХЭН ХӨГЖИЖ БАЙНА ВЭ?

Ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн өнгөрсөн 30 жилд эдийн засгийн өнцгөөс нь харвал Монгол Улс тоон үзуүлэлтээрээ хурдан ч гэж хэлж болохоор хөгжсөн гэж үздэг. Хамгийн энгийн тоймлосон тооцоо хийж үзэхэд 2019 онд Монгол Улсын ДНБ 36.9 их наяд төгрөгт хүрч, 1990 оны 2.2 их наяд төгрөгөөс 16.8 дахин, 1 хүнд ногдох -ДНБ-ий хэмжээ 11.6 сая төгрөг болж, 1990 оны 1.0 сая төгрөгөөс 11.6 дахин нэмэгджээ. Энэ маш өндөр 5 өсөлт гэх тооны цаана ямар агуулга оршиж байна вэ?.

Өнөөдрийн Монгол Улсын төлөв байдлыг нийгмийн хүрээгээр нь багцлан ерөнхийд нь тоймлоё. Улс төрийн тогтолцоо нь дэлхийн орнуудын жишгээр тогтсон гэх боловч өөр ямар ч улсад байхгүй гажсан хэлбэртэй, төрийн дөрвөн өндөрлөгтэй гэж хэлэхээр, парламентын гээд байгаа хэрнээ хагас Ерөнхийлөгчийнх ч юм шиг гажууд тогтолцоотой, тэр нь улс төрийн байнгын хэрүүлийн эх үүсвэр болж байдаг. Гадаадын нэртэй гэгдэх улстөрчийн тодорхойлсноор “хуурамч ардчилалтай”.

Дэлхийн хэмжүүрээр авч үзвэл маш жижиг эдийн засагтай, эдийн засгийн тэнхээ муутай, эдийн засгийн бүтэц нь өрөөсгөл, зах зээлийн харилцаанд шилжсэн гэх боловч төрийн эдийн засаг нь социалист шинжээсээ салаагүй, авилгалд нэрвэгдсэн гэж олон нийт нь үздэг, эдийн засгийн “гажсан” харилцаатай.

Нийгмийн хүрээ нь бүх асуудлыг төр нь өөртөө төвлөрүүлэн үүрсэн, ингэснээрээ эдийн засгаа сульдаасан, нийгмийн чиглэлийн гол хөшүүрэг болох даатгалын тогтолцоо нь социалист агуулгаасаа салаагүй.

Улс төрийн хүрээнд олон намын тогтолцоотой гэх боловч тэдгээр олон намууд нь үзэл баримтлалгүй гэж хэлэхээр, бүгд коммунист намын агуулга, хэлбэртэй, нийт хүрээгээрээ орчин үеийн улс төрийн соёл төлөвшөөгүй, сонгуулийн систем нь байнга өөрчлөгдөж байдаг. Төрийн тогтолцоо нь хүнд суртлын агуулга, хэлбэртэй, улмаар авилгад нэрвэгдсэн гэж ард иргэд нь дүгнэдэг.

Энэ бүхнийг нэгтгэн авч үзвэл, улс орны хөгжлийн үзэл баримтлалын үүднээс авч үзвэл яг одоо байгаа агуулга, хэлбэрээрээ Монгол Улсад “эрчимжээгүй хөгжлийн хувилбар”-ыг хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид эрс шинэчлэл хийгээгүй тохиолдолд улс орны хөгжлийг улам сааруулах, эцсийн дүндээ доройтуулах бодит эрсдлийг агуулж байгаа гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байгаа юм.

“Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа 2050” баримт бичигт анхан шатны шинжилгээ хийж үзье.

 

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019.04.30-нд гаргасан 52-р захирамжид дээрх баримт бичгийг боловсруулахдаа Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн хөгжлийн үе шатуудад дүгнэлт хийж, улмаар 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийг боловсруулах зорилготой гэж тодорхойлжээ. Баримт бичиг боловсруулах ажлын хэсэгт салбар салбарын эрдэмтэн, судлаачид, яам, агентлагийн удирдлагууд, их, дээд сургууль, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг нийт 1 500 орчим хүн оролцож, ихээхэн цаг хөдөлмөр зарцуулж.

1992 оноос хойш хөгжлийн урт болон дунд, богино хугацааны 517 төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгийг боловсруулан мөрдөж ажилласан боловч хэрэгжилт нь хангалтгүй, хоорондын уялдаа нь тааруу байгаа учраас салбар бүрт хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн алдаа, оноог дүгнэж, дараагийн 30 жилийн төлөвлөлтийг олон улсын чиг хандлагатай уялдуулан боловсруулж.

“Алсын хараа 2050” нь 9 тулгуур багана, 50 зорилт, 187 хэрэгжүүлэх төслийг агуулсан томоохон хэмжээний баримт бичиг болжээ. Хэмжээг дамжааг нь ойлгоё гэвэл 7 зураг, 35 нүсэр хүснэгт төдийгүй, 117 товчилсон үгийг хамарсан 500 нүүр хэмжээтэй, зөвхөн товчилсон үг гэхэд 117 ширхэг байгаа нь түүний зангаргийг харуулж байгаа бололтой.

Монгол Улсын хөгжлийн өнгөрсөн 30 жилийг дүгнэж, ирэх 30 жилийн зорилтыг тодорхойлсон энэхүү баримт бичгийг зохион боловсруулагчид нь өөрсдөө “өмнөх бичиг баримтуудад анзаараагүй, орхигдуулж байсан үндэсний үнэт зүйлд тулгуурлаж, Монгол хүний үндэсний ижилсэл, ондоошлыг тусгаснаараа онцлогтой, төрийн ой санамжийг бүрдүүлэх” баримт бичиг болсон гэж үзжээ.

Энэхүү баримт бичигтэй холбогдуулан олон нийтээс гаргаж байгаа шүүмжийг тоймлон авч үзвэл, Алсын харааг тодорхойлсон аргачлал, загварчлал, стандарт, арга зүй тодорхойгүй, хэт нүсэр бүтэцтэй, утга, агуулгын давхцал ихтэй, уялдаа холбоо багатай, нөөцөөс давсан хүслийн жагсаалт бүхий төлөвлөгөөнүүдийн цуглуулгууд, ард түмэнд ойлгомжтой байдлаар томьёологдоогүй, хэтэрхий субьектив үнэт зүйлс оруулсан гэж үзэж байгаа юм байна. Нэг өгүүлбэрээр тоймлон тодорхойлбол, Монгол Улсын Ерөнхий сайд Д.Содном гуайн хэлснээр урьдын хоёр удаагийн шигээ тунхаглал бичиг болжээ.

Одоогийн манай төрийн үйл ажиллагааны менежментийг авч үзвэл хэрэгждэггүй хэт олон хууль баталж, түүнийг хэрэгжүүлэх гэсэн хуулиа хуулсан баахан журам гаргаж, шат шатандаа цаг алдсан, үр дүн муухай нүсэр нүсэр хурал хийж, төрийн захиргааны албан хаагчид нь бодит ажил зохион байгуулахаасаа илүүтэйгээр хэрэгждэггүй баахан төлөвлөгөө л цаас боловсруулах, түүнийгээ дүгнэх баахан цаас хийх, төрийн захиргааны удирдлага нь бодитой бүтээн байгуулалтын шинжтэй ажлыг удирдах, зохион байгуулах, өөрсдөө оролцохын оронд тушаал заавар өгөх, түүнийгээ хянах гэж бие биентэйгээ давхардсан баахан шалгалт хийх ажилд хамаг цаг, хөдөлмөрөө зардаг, иймэрхүү л “эрчимжээгүй хөгжлийн” загвар, үйл ажиллагааны төрх байдал бүрэн хэвшээд байгаа билээ.

 

УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ГЭЖ ЯМАР БАЙХ ЁСТОЙ ЮМ БОЛ

“Алсын хараа-2050” хөтөлбөрийн талаар манай улсын гол зөвлөх Дэлхийн банкнаас өгсөн анхааруулгад “Дэлхийн банкнаас өгч буй анхааруулгад анхаарлаа хандуулж, бодит ажил хэрэгтээ тусгаж чадвал “Алсын хараа-2050” хөтөлбөрийн зорилтууд ч хэрэгжих боломж бүрдэнэ” гэжээ. “Бодит ажил хэрэгтээ тусгаж чадвал … хэрэгжих боломж бүрдэнэ” гэсэн байгаа биз. Үүнийг бодит ажил хэргээ шинэцлэхгүй бол хэрэгжих битгий хэл, боломж ч бүрдэхгүй гэж орчуулж болох юм.

Мөн Дэлхийн банкнаас шинэ Засгийн газарт зориулан бэлтгэсэн бодлогын тэмдэглэлүүддээ эдийн засгийн эрчтэй сэргэлт, түүний хүртээмжийг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн институцийн болон бүтцийн бодлогын шинэчлэлүүд, илүү уян хатан удирдлага, хүн капиталд хийж буй хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх гэсэн гурван зүйлийг онцолжээ. Үүнийг бас орчуулбал, “шинэчлэл хий, удирдлагаа шинэчил, боловсон хүчнээ мэдлэг боловсрол, чадвартай болго” гэж орчуулж болох юм.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай: “… нийгмийн амьдралын олон салбарын бүтэц, үйл ажиллагаа болон үндэсний эдийн засгийн бүтцийн үзэл номлорыг шинээр тунгаан шүүх, улс орныхоо эдийн засгийг хөтлөх, зохицуулах арга хөшүүргийг цогцоор нь эрс шинэчлэх” тухай ярьсныг тэмдэглэе.

Асуудлын гол нь юу хийх тухай биш, хийх ажлын жагсаалт гаргахдаа биш, яаж хийх тухай бололтой. Энгийн ухамсрын түвшинд, Википедия-гийн мэдээллээр авч үзвэл үзэл баримтлал буюу концепци гэдэг нь аливаа юмыг ойлгох систем гэсэн латин үгээс гаралтай аж. Түүний агуулгыг дэлгэрүүлэн авч үзвэл систем үүсгэгч үзэгдлийг авч үзэх, түүнд хандах ойлголтуудын цогцолбор, аливаа үзэгдлийг ойлгох, тайлбарлах арга зүй, үндсэн үзэл бодол, гол удирдагч санаа, тэргүүлэх гол санаа, үр дүнтэй зарчим, зорилгыг шийдвэрлэх арга замын систем, санаа оноо гаргах, дүгнэлт өгөх арга зүй зэргийн тухай асуудал юм байна. Тэгэхээр үзэл баримтал бол хийх ажлын хөтөлбөр, программ, жагсаалт биш, зорилтоо боловсруулан дэвшүүлэх, дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх арга замуудын талаарх үзэл бодол, хандлага ажээ.

Төр засгаас “Алсын хараа’’-гаа хэрэгжүүлье гэж үнэхээр бодож байгаа бол судлаачийн хувьд дараахи саналуудыг дэвшүүлж байна.

“Монгол Улс дахь төрийн тогтолцооны шинэчлэлийн үзэл баримтлал” гэдэг маш цомхон, нэг хуудас ч байж болно, хэрэгжүүлэх хуульчилсан механизм бүхий баримт бичгийг шинэ аргачлалаар боловсруулан мөрдөхөөс эхлэх.

Төрийн шат шатны удирдлагын мэргэшил чадварыг дээшлүүлэх, үзэл бодол, үйл ажиллагаагаа шинэчлэх богино хугацааны, цаашид байнгын байх арга хэмжээг дээд удирдлагаасаа эхлэн зохион байгуулах.

Өмнөх үзэл баримтлалууд хэрэгжээгүй учир шалтгаануудыг шинжлэн дүгнэж, улс төрийн хүрээнд хэлэлцэж, олон нийтэд танилцуулах.

Монгол Улс “эрчимсэн хөгжлийн хувилбар”-ыг сонгон хөгжих. Ийм чиглэлд төрийн удирдлага өөрсдөө шинэчлэгдэж, үзэл бодол, үйл ажиллагаагаа шинэчлэхгүй бол алдарт “Алсын хараа” хэзээ ч хэрэгжихгүй. Хэрэгжихгүй баримт бичиг бол хичнээн том байгаад ч “зүгээр л цаас”.

С.ЭНХБААТАР

Судлаач, эдийн засгийн ухааны доктор /PhD/

No comments: