Friday, September 11, 2009

Төрийн үйлчилгээний эдийн засгийн үндэслэл

Татвар төлөгчдөд төрийн үйлчилгээг
оновчтой хүргэе” онол практикын бага хуралд
НТГ-ын дарга, доктор (PhD) С.Энхбаатар
  • Татварын албанаас татвар төлөгчдөд үзүүлж байгаа үйлчилгээний төрлүүд, тэдгээрийн чанар, гаргаж байгаа зардал
  • Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээний шинэ төрлүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар зохиож байгаа ажил
  • Төрийн үйлчилгээг чанартай хүргэхэд гаргах зардлын тооцоо
Сүүлийн үед төрийн албан тушаалтнууд «төрийн үйлчилгээ»-ний тухай ярих нь моод болоод байна. Би энд моод гэдэг үгийг чамирхаж хэлсэнгүй, статистикийн шинжлэх ухаанд тодорхой хугацаанд хамгийн их давтагдаж байгаа, хамгийн өндөр давтамжтай үзэгдлийг «мода» гэдэг үзүүлэлтээр тодорхойлдог юм. Тийм учраас, моод гэсэн утгаараа төрийн үйлчилгээ нь өнөөдөр Монголд чухал үзэгдэл болжээ.
Монгол улсын хууль тогтоомжид, тухайлбал, «Төрийн албаны тухай» хуулийн 4.2.3-т «ард түмэнд үйлчлэх» нь төрийн албанд баримтлах зарчим гэж заажээ. Мөн «Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай» хуулийн 4.1.10-т «бүтээгдэхүүн гэж төсвийн байгууллага болон бусад этгээдээс нийлүүлэх тоо хэмжээ, хугацаа, чанар, зардал зэрэг гэрээнд тусгасан шалгуур үзүүлэлтээр тодорхойлогдох ажил, үйлчилгээг» хэлнэ гэжээ.
Гэтэл төрийн үйлчилгээ үзүүлнэ гээд ажил зохион байгуулж хэрэгжүүлэх шатанд уг асуудлыг бодитой, олон талаас нь авч үзэх шаардлага гараад байна. Ингэхгүй зүгээр л төрийн үйлчилгээ гэж яриад л, болсон болоогүй ажлууд зохиогоод л байх юм бол нөгөө л Монголын төрийн албанд нэвчсэн ярих, хийх, ам ажлын зөрчил байсан хэвээрээ байх болно. Яг төрийн үйлчилгээ гэж юу юм бэ, төрийн байгууллагаа өөрөө оршин тогтнож, үүргээ биелүүлж байгааг төрийн үйлчилгээ гэж үзэх юм уу, яг иргэдтэй тулж ажиллаж байгаа тэр хэсэг ажлыг нь төрийн үйлчилгээ гэж үзэх үү, төсвийн байгууллагуудын санхүүжилтийн ямар зардлууд нь төрийн үилчилгээнийн зардалд орох вэ, төрийн үйлчилгээг илүү үр дүнтэй, оновчтой үзүүлэхийн тулд төрийн байгууллагуудын бүтэц ямар байх ёстой вэ, төсвийн байгууллагын зардлын бүтэц ясар байх вэ, үнэтэй машин унадаг дарга нар олон байх уу, иргэдтэй ажилладаг мэргэжилтэн, түшмэдүүд нь компьютерээр бүрэн хангагдах уу, интернетээр үйлчилгээ үзүүл гэж даалгавар өгчихөөд шуудан холбооны зардлыг нэмдэггүй хэвээрээ байх юм уу зэрэг олон асуудлууд амьдрал дээр тулгарсаар байна.
Төрийн үйлчилгээний асуудал яригдаж эхэлсэн болоод энэ чиглэлээр татварын албадаас тодорхой ажил зохион байгуулж байгаа өнөөдрийн практикаас харахад төрийн байгууллагууд төрийн үйлчилгээг үзүүлж, өргөжүүлж, сайжруулахад дараахи хүчин зүйлүүд юуны өмнө нөлөөлж байна гэж үзэж байна. Үүнд:
  • Төрийн албаны бүтэц, зохион байгуулалт оновчтой байх. Энэ нь төрийн байгууллагын ажил үүрэг оновчтой, эдийн засгийн үүднээсээ удирдлагын болон үр ашиггүй зардал багатай, харин иргэд, татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээ явуулахад шаардагдах зардлын санхүүжилт нь хангалттай байж, орчин цагийн хэрэгцээг даган өсөн нэмэгдэж байна гэсэн үг юм.
  • Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа мэргэжлийн албан хаагчдын мэргэжил боловсролын төвшин өндөр байх. Энэ нь тэдгээрийн мэргэжил боловсролыг байнга дээшлүүлж, түүнд зориулан урт, дунд хугацаанд хөрөнгө мөнгө төлөвлөн зарцуулж, боловсон хүчнээ бэлтгэж, давтан бэлтгэж, ажил үүргийг оновчтой байлгана гэсэн үг ээ.
  • Төрийн албадыг орчин үеийн үйлчилгээний техник хэрэгслээр бүрэн хангаж байх. Энэ нь дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх хэмжээнд орчин үеийн техник хэрэгслийн хангамжийг байнга хийж, ингэснээрээ төрөөс үзүүлэх үйлчилгээ хөнгөн шуурхай, улмаар бага зардлаар богино хугацаанд илүү үйлчилгээ үзүүлэхийг хэлж байна.
Энэхүү товч илтгэлдээ дээрхи хүчин зүйлүүдийн 3 дахь хүчин зүйлийг жишээ болгон авч үзье.
ҮТЕГ-аас нийслэл, дүүргийн татварын албадад 2003 онд 18.8 сая төгрөгийн өртөгтэй 15 компьютер, 5 принтер, 2004 онд 27.6 сая төгрөгийн өртөгтэй 29 компьютер, 3 принтер, 2005 онд 25.0 сая төгрөгийн өртөгтэй 30 компьютер, 3 принтер, нийт 71.4 сая төгрөгийн санхүүжилт хийжээ.. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн санхүүжилтээр энэ 3 жилд дунджаар 24.0 сая төгрөгийн компьютер техник хэрэгсэл санхүүжигджээ. Энэ нь нэг талаасаа тун бага санхүүжилт боловч ҮТЕГ-аас энэ чиглэлд зарцуулж байгаа мөнгөн хөрөнгийн дунджаар 53.8 хувь нь нийслэл, дүүргийн татварын албадад ногджээ гэж үзвэл аймгуудад үүнээс бага хөрөнгө зарцуулагдсан байна гэсэн үг юм. Энэ нь ҮТЕГ-аас өнгөрсөн онуудад нийслэл, дүүргийн татварын албадын компьютер техник хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарсныг харуулж байгаа боловч улсын төсвөөс өгч байгаа санхүүжилт шаардлагын хэмжээнээс асар хол байгаа юм.
Харин нийслэл, дүүргийн татварын албад Засаг дарга нартайгаа үр дүнгийн болон бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний үр дүнгээр авсан мөнгөн хөрөнгөнийхөө нилээд хэсгийг компьютер техник хэрэгсэл авахад зарцуулсан. Өнгөрсөн 2003-2005 оны хугацаанд компьютер техник хэрэгсэл авахад гэрээний үр дүнгээр авсан мөнгөн хөрөнгөнөөс 110.5 сая төгрөг зарцуулсан нь улсын төсвөөс энэ чиглэлд олгосон санхүүжилтээс 26.7 хувиар буюу 39.1 сая төгрөгөөр илүү байгаа буюу нийслэл, дүүргийн татварын албадын гэрээний үр дүнгээр санхүүжүүлсэн санхүүжилт улсын төсвийн санхүүжилтээс илүү байсныг харуулж байна.
Би үүгээр ҮТЕГ-ыг шүүмжилж байгаа юм биш, харин холбогдох дээд байгууллагууд нь төрөөс үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх сайжруулахад чиглэсэн хөрөнгийг улсын төсөвт бага тусгаж байгааг харуулж байгаа юм.
Татварын шат шатны бүх албадын үйл ажиллагааны үр дүнд нийслэл, дүүргийн татварын албадын компьютер техник хангамж 2000 оноос хойш нилээд сайжирлаа. Ганцхан тоо хэлэхэд, 2000 онд НТГ-ын 6 байцаагчийн дунд 1 компьютер ногдож байсан бол 2003 онд байцаагч бүрийг компьютерээр хангасан юм. Дүүргийн татварын албадын хангамж үүнээс нилээд доогуур хэмжээнд байгаа. Ингэж компьютер техник хангамж нэмэгдсэн боловч шаардлагын хэмжээнд, тодруулбал, татварын албаны төрийн үйлчилгээг татвар төлөгчдөд бүрэн хангалттай, шуурхай хүргэх хэмжээнд хүрээгүй байна.
Нийслэлийн хэмжээнд гэхэд өнөөдөр 288 компьютер ашиглаж байна. Цаашдаа зөвхөн нийслэл, дүүргийн татварын албаны бүх байцаагчдыг компьютерээр хангахад 300 гаруй компьютерт 169.6 сая төгрөгийн санхүүжилт шаардагдаж байна. Энэ хэрэгцээг 2003-2005 оны улсын төсвийн санхүүжилтийн дундаж хэмжээгээр хангана гэж үзвэл авч үзвэл 7 жилийн хугацаа шаардагдах нь ээ. Үндэсний татварын албаны хэмжээгээр авч үзвэл зөвхөн байцаагчдийг компьютерээр бүрэн хангахад 363.0 сая төгрөгийн хэрэгцээ байгаа юм.
2006 онд компьютер техник хангамжийн хувьд ҮТЕГ-аас 94.0 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн нь 2003-2005 оны дундаж зардлаас 3.9 дахин нэмэгдсэн боловч энэ нь ҮТЕГ-аас Сангийн яаманд удаа дараа хүсэлт тавьсны дагуу 1 удаа нилээд санхүүжилт хийхээр шийдвэрлэж өгсөнтэй холбоотой юм.
Одоо төрийн үйлчилгээний төсвийн санхүүжилтийн ерөнхий чиглэлийг авч үзье. «Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай» хууль үйлчилж эхэлсэнтэй холбогдон 2004 оноос эхлэн татварын албадын санхүүжилт шинэ хэлбэрээр хийгдэх болсон билээ. Үүнээс өмнө татварын албадын зарим зардлууд, тухайлбал, бидний ойлгож байгаагаар төрийн үйлчилгээг хэвийн явуулахад чиглэсэн нилээд зардлыг хяналт шалгалтын орлогын 20 хувиас бүрдүүлдэг «Татварын хөгжлийн сан»-гаас санхүүжүүлж байв. Энэхүү сангаас техник хэрэгслийн зардал, барилга байгууламж барих зардал, гадаад, дотоод сургалтын зардал, ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зардал, үр дүн, 1 удаагийн урамшуулал, тэтгэвэр тэтгэмж, хоол, унааны зардал, татварын албадын урамшууллын зардал, ном, гарын авлага хэвлүүлэх зардлыг санхүүжүүлж, 2003 онд гэхэд 1326.0 сая төгрөг зарцуулжээ.
Шинэ хуулийн дагуу одоо улсын төсвөөс төвлөрсөн арга хэмжээний зардлыг төсөвлөн өгч, үүнд зөвхөн үр дүн, 1 удаагийн урамшуулал, тэтгэвэр тэтгэмж, хоол, унааны зардлыг багтааж, 2005 онд улсын төсвөөс 1005.0 сая төгрөг санхүүжүүлсэн нь 2003 оныхоос 321.0 сая төгрөгөөр бага байгаа юм.
Одоо энэхүү 2 санхүүжилтийн зөрүүг ҮТЕГ-ын даргаас Сангийн сайдтай хийдэг бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний урамшууллаар нөхөж байна. Ийм санхүүжилт нь зарчмын хувьд бололцоотой боловч төрөөс үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх агуулгаараа учир дутагдалтай байна. Бид гэрээний үр дүнгээр авах урамшууллыг ажиллагчдаа урамшуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахын хажуугаар улсын төсвөөс санхүүжүүлж чадахгүй байгаа хэрэгцээг хангахад нэмэр болгож, нийслэл, дүүргийн татварын албад нь ҮТЕГ, Засаг дарга нараас авсан урамшууллын нилээд хэсгийг компьютер техник хангамжаа нэмэгдүүлэхэд зарцуулж байна. Түүгээр ч үл барам, татвар төлөгчдийн өдрүүдийг үйл ажиллагааг санхүүжүүлэх, татварын албаны ажилтны өдрийг тэмдэглэх, зарим тохиолдолд гарцаагүй шаардлагатай урсгал зардалд ч зарцуулж байна. Гэтэл татвар төлөгчдийн өдрүүдийн үеэр тэргүүний татвар төлөгчдийг алдаршуулах, тэдэнд зориулсан сургалт сурталчилгаа хийх гэдэг чинь төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний нэг чухал чиглэл мөнөөс мөн биз дээ. Энэ зардал төсөвт суудаггүй хэвээрээ л байна.
Иймд төрийн үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагын санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгож, төрөөс үзүүлэх үйлчилгээний зардлыг төр дааж, төсөвтөө шууд суулган санхүүжүүлж байх, харин гэрээний үр дүнгээр авах урамшууллыг дунд хугацааны санхүүжилтэд чиглүүлэх саналтай байна. Ингэхдээ улсын төсөвт төрийн үйлчилгээний гол чиглэлүүдийг нэр заан зүйл бүрээр нь төсөв баталж өгч байх хэрэгтэй. Тухайлбал, сургалт, сурталчилгаа, үйлчилгээ, техникийн хангамж зэрэг нэр төрлөөр нь зааж өгөх нь зүйтэй.
Дунд хугацааны санхүүжилт гэдэгт ажиллагчдын урамшуулал, нийгмийн асуудлаас гадна тэдгээрийг бэлтгэх, сургах, давтан бэлтгэх ажлуудыг багтааж, шаардлагатахй тохиолдолд энэ хөрөнгөнөөс зориулалтын сан бүрдүүлж, хөрөнгө мөнгө хүрэлцээгүй тохиолдолд 2-3 жилээр хуримтлал үүсгэж байх саналтай байна. Энэ утгаараа дунд шатны санхүүжилт болж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд нийслэл дүүргийн татварын албадаас татвар төлөгчдөд үззүлэх үйлчилгээг хэвшүүлэх талаар нийслэлийн хэмжээнд бодлого барьж, үйлчилгээний тодорхой чиглэлүүдийг тогтоон бүх албад нэгэн жигд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллалаа. 2005 оны байдлаар гэхэд нийслэлийн хэмжээнд татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээний дараахи чиглэлүүд байна. Үүнд:
  • Нийслэл, дүүргийн татварын албадтай харилцагч татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагатай ажиллах хөтөлбөр
  • Татвар төлөгчдөд зориулсан нэг цэгийн үйлчилгээ
  • Найдвартай татвар төлөгчдийг сурталчлах сурталчилгаа
  • Нийслэлийн татварын албаны веб хуудас
  • Татварын улсын байцаагчдын лекцийн сурталчилгаа
ҮТЕГ-аас 2006 оныг «Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэн сайжруулах жил» болгон зарласны дагуу НТГ-аас нилээд ажил зохиож байна. Энэ чиглэлд бид дараахи үйлчилгээний шинэ төрлүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд:
  • «ТТИТХ»-ийн хүрээнд оюутан, сурагч, бага насныханд зориулсан сургалт
  • Татвар төлөгчдөд татварын үйлчилгээ үзүүлэх жишиг хороод
  • Төвлөрсөн захууд дээрхи нэг цэгийн үйлчилгээ
  • Гудамж, талбай дахь нийтийн зориулалттай рекламын сурталчилгаа
  • Гар утсаар дамжуулах мэдээлэл
  • Татвар төлөгчдөд татварын үйлчилгээ үзүүлэх лавлагаа мэдээллийн утас
Одоогийн байдлаар нийслэлийн Нарантуул, Да хүрээ, Хархорин захууд дээр татвар төлөгчдөд үзүүлэх 1 цэгийн үйлчилгээг эхлээд байгаа бөгөөд энэ ажлыг жигдрүүлэх, татвар төлөгчдийг энэ үйлчилгээнд хамруулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Мөн нийслэлд байрлуулсан гудамж талбай дахь самбараар хийх сурталчилгааг эхлүүлээд, нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудын холбогдох журам зааварт энэ асуудлыг тусгууллаа.
Энэхүү үйлчилгээний шинэ төрлийг бий болгох ажил бүр хөрөнгө мөнгө шаардаж байгаа ойлгомжтой. Жишээлбэл, зөвхөн сурталчилгааны ажлын нэр төрлийг өргөжүүлэн радио, телевиз, FM, узель, сонин, хотын байнгын болон цаг үеийн самбар, татвар төлөгчдийн өдрүүдийн үеэр сурталчлах болон гэрлэн самбар, мобиком, мобимед, клипээр хийх сурталчилгааг багтаасан төсөл боловсруулснаас үзвэл ийм хэмжээний сурталчилгаа хийхэд жилд 9703.8 мянган төгрөг шаардагдаж байна. Гэтэл энэ онд НТГ-ын санхүүжилтэд сурталчилгааны зардал 693.6 мянган төгрөгөөр төсөвлөгдсөн байгаа нь шаардлагатай хэрэгцээний дөнгөж 7.1 хувийг хангаж байгаа юм.
НТГ-аас «Татвар төлөгч иргэнийг төлөвшүүлэх хөтөлбөр»-ийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн ахлах ангийнханд сургалт хийх ажлыг туршиж эхлэхээр нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулж, нийслэлийн боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран ажлын төлөвлөгөө, төсөв гаргасан боловч түүнд шаардагдах 14.5 сая төгрөг шийдэгдэхгүй байгаа учраас энэ ажил хойшилсоор байна.
Энэхүү товч илтгэлийн төгсгөлд дараахи товчхон дүгнэлтийг хийж байна. Үүнд, үнэхээр орчин үеийн төрийн менежмент хэрэгжүүлж, төрөөс татвар төлөгчиддөө үйлчилгээ үзүүлэх концепци хэрэгжүүлэх гэж байгаа бол төрөөс үзүүлэх үйлчилгээг нарийвчлан тогтоож, төсвийн байгууллагын санхүүжилттэй нягт холбож, төрөөс үзүүлэх үйлчилгээний санхүүжилтийн кзарчимд зарим өөрчлөлт оруулж, төрийн үйлчилгээний зардлыг бодитойгоор тооцож, дунд хугацаанд өсгөх замаар санхүүжилтийг эрс нэмэгдүүлж шинэ шатанд гаргах хэрэгтэй байна.

No comments: