Tuesday, January 1, 2013

Мөнхийн залуу сургууль минь

Хорвоод мэндлэх хувь тавилан эцэг эхээс эхэлдэг ч хүмүүний амьдралд хөтлөн оруулах анхны алхамыг манай, бидний, миний хэмээн ам булаалдан “өмчирхөн” нэрлэдэг сургууль, багш нар маань хөтөлсөн хэмээн ахмад сурагчид бид өнөөдрийн насны өндөрлөгөө ч үл умартан дурссаар байдаг билээ.

Улс орондоо ихийг бүтээсэн олон зуун гэр бүл, хүмүүс манай 10 жилийн нэгдүгээр сургуулийн “бүтээгдэхүүн” гэдгээрээ бахархаж, алдар нэрийг тань өндөрт өргөн хайрлан явдгийн нэг нь манай гэр бүл гэж бодоход сэтгэл өег байх юм. Бидний гэр бүл бүгд энэ сургуулийг төгссөн билээ.
Манайхан аав, ээж, хүү, 3 охин цөм энэ сургуулиа төгсөж, кино зураглаач, хүний эмч нар, инженер, сэтгүүлч, эдийн засагч мэргэжил эзэмшин үр бүтээлтэй ажиллаж, өнөр өтгөн сайн сайхан амьдарч, сургуулийнхаа үүсэн байгуулагдсан 90 жилийн ойтой золгож байгаадаа маш их баяртай байна.
Хүн төрөлхтний хүүхэд насны хувь тавилантай холбогдсон болохоор хэчнээн он жил улиран одсон ч мөнхийн залуу тавилантай төрөлх сургуульдаа, сургуулийнхаа нийт хамт олонд мандан бадарч, манлайлан тэргүүлж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
1947 оны төгсөгч Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт, кино зураглаач О.Уртнасан, түүний гэр бүл 1952 оны төгсөгч Докттор, профессор С.Ямахай.

No comments: