Saturday, December 22, 2012

БОРТ багийн танилцуулга

    Борт баг нь 1932 онд байгуулагдсан үеэс тус сумын наймдугаар баг гэдэг нэрээр1956 он хүртэл нэрлэгдэж байсан бөгөөд мөн үеэс “Оч” нэгдлийн Борт бригад , 1991 оноос Борт баг гэж нэрлэгдэх болсон түүхтэй.

Газар нутаг. Борт баг нь сумынхаа баруун урд хэсэгт сумаасаа 18 км оршдог. Газар нутгийн ихэнх хэсэг нь өндөр уул нуруудтай бөгөөд Ховд аймгийн Мөст, Үенч, Бөян-Өлгий аймгийн Булган сум болон өөрийн сумын Хаг, Сэнхэр багуудтай хиллэдэг. Тус баг нь 76,8 мянган га газар нутаг дэвсгэртэй. Далайн түвшнээс дээш 2300 м өргөгдсөн. Нийт газар нутгийн 99,8 хувь нь ХАА-н эдэлбэр газар эзэлдэг.

            Хүн ам: Борт баг нь 2012 оны жилийн эцэст нийт 128 өрх 539 хүн ам тоолсон бөгөөд 51 хувийг эрэгтэйчүүд 49 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Нийт хүн амын 98,2 хувь нь урианхай, 08 нь бусад үндэстэн эзэлдэг. Тус багаас номч мэргэн Сэнгээ унзад, Ч.Риймэд, МУ-ын гавъяат тээвэрчин Ж.Намсрай, МУ-ын гавъяат багш Г.Дашган, эрдэмтэн доктор М.Өлзийтогтох, МУ-ын аварга малчин Ц.Олдох, спортын мастер Г.Дашган, Г.Мөнхдаваа, дэд мастер Д.Маамбаа, М.Цолмонбаатар, төр захиргааны ахмад ажилтан Б.Батаа, Б.Нямаа, С.Сонинтөр, Б.Рагва, С.Жимсээ, МУСТА С.Осор, УТУС С.Жимсээ, Ш.Хандаа нарын олон арван алдар цуутнууд төрөн гарсан юм.

Бүтэц зохион байгуулалт. Тус баг нь багийн ИНХ, Засаг дарга, хүний эмч, малын эмч гэсэн анхан шатны нэгжтэйгээр ажилладаг. Одоо багийн ИНХ-ын даргаар З.Мөнхбат, Засаг даргаар Я.Очир, хүний эмчээр С.Энхжаргал, малын эмчээр Р.Бямбадорж нар ажиллаж байна.

            ХАА, Байгаль орчин: Баг 2012 оны эцэст 21298 толгой мал тоолуулж өнгөрсөн оноос 1933 толгойгоор мал сүргээ өсгөлөө. Үүнээс: тэмээ-35, адуу-507, үхэр-1429, хонь-10453, ямаа-8874 байна.

Тус багийн нутагт Мөнххайрхан уулын өвөр талд орших байгалийн үзэсгэлэнт Хөх нуурын хүрхрээ, Шуурхайн мөсөн бөөрөг зэрэг газруудтай. Мөн дэлхийд ховордсон ирвэс шилүүс, аргаль, янгир, хойлог зэрэг ховор ан амьтадтай.

2009 оноос Сэнхэрийн голын ай сав газрын мод бутыг нөхөн сэргээх, хадлангийн талбай хашиж хамгаалах ажилд бүлэг нөхөрлөлүүдийг оролцуулж хамгаалж байна. 2012 онд тус багаас Ц.Гансүх, С.Сүхээ, Р.Хаш-Эрдэнэ, Г.Дэвээжан, Ц.Лхагваа, М.Дашдорж, Б.Чойжилсүрэн, Б.Болдхуяг, А.Цэрэндаваа, А.Буянтогтох, Т.Пүрэвдаваа, Ц.Батаа нар нийт малаар бусдыгаа хошуучилж байгаа бөгөөд  Б.Чойжилсүрэн тэмээгээр, Ц.Гансүх хониор, Г.Дэвээжан адуу, үхэр, ямаагаар тус тус тэргүүлж байна.

Борт багт ХАА-н үйлдвэрлэлийн МАА-н салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа залуу, дунд, ахмад үеийн малчид олон байдаг бөгөөд тус багаас  сум орон нутагтаа үнэтэй хувь нэмэр оруулж мал аж ахуйн салбарт 30-аас дээш жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн ахмад малчид 2013 онд төрийн дээд одон медалиар шагнуулсан. Үүнд: “Алтан гадас одон”-гоор Б.Цэрэндорж, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар И.Олзвой, Г.Дэвээжан нар шагнуулсан байна.

Одоогоор тус багт 102 өрх нарны гэрэл, телевиз, антен станцаар хангагдсан бөгөөд 20 өрх автомашин, 59 өрх мотоциклтойгоор бүртгэгдээд байна.

2013 онд дэвшүүлсэн зорилтууд:

-Борт баг нь  тэргүүний жишиг баг болох

-Багийн дэд бүтцийг сайжруулах 20 км замыг засаж сайжруулах, Хөндийн амны голын гарам дээр машин гүүр, Баян сай, Хөх нуур, Шуурхайн голуудын гарам дээр мотоциклийн гүүр барих

-Өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх жижиг дунд үйлдвэр байгуулах, төрөл бүрийн мэргэжлийн сургалтуудыг багт төвлөрүүлэн зохион байгуулах, малчдын бүлэг, нөхөрлөл, хоршоог бүх талаар дэмжих

-Хөх нуурын үзэсгэлэнт газрыг түшиглэн ая жуулчлалын бааз байгуулах зэрэг зорилтуудыг дэвшүүлэн амжилт арвинтай итгэл төгс ажиллаж байна.

мэдээллийн эх сурвалж : БОРТ багийн танилцуулга

No comments: