Monday, May 9, 2016

Олны үг ортой эсэхийг шалгалаа

Анх 2007 онд мод үржүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Биднийг очиход өвлийн хүлэмждээ угтан авсан бөгөөд үнэхээр ч бидний мэдэхээр чили усан үзэм, бөөрөлзгөнө, интоор тарьж байлаа. Мөн халуун чинжүү тарихаар туршиж байгаагаа танилцуулсан юм. Хүлэмждээ чинжүү, хулуу, хаш, усан үзэм зэрэг Монголд тэр бүр тариад байдаггүй жимс, нарийн ногоо тарьж байв. Биднийг тус ажлыг санаачлагчдын нэг, МЕКО цэцэрлэгжилт, мод үржүүлгийн газрын захирал Б.Батсоёмбо угтан авсан бөгөөд тэрээр АНУ-ын Вашингтон мужийн Спанавэй хотод Эмэрэлд Ридж Хай сургууль төгсөж, 2008 онд Токио хотноо япон хэл, соёл судлалын мэргэжлээр суралцаж, дараа нь Англид “Бакингхэм”-ийн их сургуульд Эдийн засагч, хуульч мэргэжил эзэмшсэн байна. Тэрээр хэд хэдэн улсад суралцаж, газар тариалан эрхлэлтийг нь судалж ирсэн бөгөөд эх орондоо өөрийн гэсэн үйлдвэрлэлтэй болохыг зорьжээ. Улмаар Сонгинохайрхан уулын бэлд 20 га газарт зуны болон өвлийн хүлэмж барьж, 13 нэр төрлийн жимсний мод, 7 төрлийн гоёлын мод бут, 6 төрлийн шилмүүст мод үржүүлж, ургуулжээ. Түүний талбайд ургаж буй алим, лийр, интоор, бөөрөлзгөнө, үрэл, монос, чацаргана, үхрийн нүд, долоогоно, тэхийн шээг, усан үзэм бүгд үр шимээ өгөөд эхэлсэн байна. Түүний эхлүүлсэн ажил, зорьсон зорилгын талаар ярилцсан юм.
-МОНГОЛД ХОВОР НОГОО, ЖИМС ТАРИХЫГ ЗОРЬСОН-
-Одоогийн байдлаар хүлэмждээ нийт хичнээн төрлийн ногоо тарьж байна вэ?
-Хорь гаруй төрлийн жимс ногоо үрслүүлж, тариад байна. Нийтдээ идэж байсан жимснийхээ үрээр ургуулсан усан үзэм, алим, кивигээс гадна улаан лоолийн хэд хэдэн төрөл, өргөст хэмх, эрдэнэ шиш, хулуу, гаа, цагаан цэцэгт байцаа зэрэг 30 гаруй төрлийн жимс, хүнсний ногоо ургаж байна. Ихэнхидээ идсэн жимснийхээ үрийг үрслүүлж ургуулсан байгаа. Идсэн алимныхаа үрийг хөрсөнд суулгаад, тодорхой температурт услаад байхад ингээд үрслэж байгаа юм. Усан үзэм, интоор ч ялгаагүй. Хүмүүс идсэн жимснийхээ үрийг суулгаад, жимс тарина гэхээр нэг л үнэмшилгүй сонсогддог юм шиг байгаа юм. Гэхдээ энэ чинь хамгийн боломжтой зүйл гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсч байна.
-Манай улс цаг агаар тогтвортой биш. Ийм нөхцөлд усан үзэм, интоор зэргийг тарихад хүндрэлтэй юү?
-Манай хөрсөнд маш сайн нутагшиж байгаа. Болохгүй зүйл байхгүй шүү дээ. Анх аав минь хэдэн чацарганы мод тарьж л эхэлж байсан. Яваандаа Омск хотоос модны үрсэлгээнүүд аваад, Монголд дасан зохицуулаад тарьж болж л байна. Тухайн үед би дөрвөн улирлын турш тарьж болох ямар ногоо байж болох вэ гэж бодож бодож мөөг тарихаар шийдсэн юм. Мөөг тарихынхаа хажуугаар ямар нарийн ногоо тарьж болох вэ гэдгийг судалж эхэлсэн. Гэхдээ Монголд нийтлэг тарьдаг өргөст хэмх, улаан лооль зэргийг тарихаас илүүтэй ховор жимс ногоо тарихыг зорьсон. Жимс, ногоо тариалаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Бид заавал хятад жимс, ногоо хэрэглэх шаардлагагүй. Өөрсдөө хичээвэл бид гэртээ ч нарийн ногоонуудаа тарих боломжтой юм шүү гэдгийг харуулах гэсэн юм.
-Жимс, ногооны хувьд сортоороо ялгагдаж байгаа байх?
-Тэгэлгүй яахав. Аль болох боломжгүй гээд байгаа зүйлсийн боломжтой гэдгийг батлах гэж ховор сортын жимс, нарийн ногооны үрсэлгээ тарьж үзсэн нь амжилттай болсон. Тухайлбал, энд ургуулж байгаа улаан лоолийг Испаниас үрийг нь захиж авчруулаад тарьж үзэж байгаа.
-Эрдэнэшиш тарьсан нь их сонирхол татаж байна?
-Эрдэнэшиш тарьж үзсэн, бас л болж байна. Эхний удаад туршилтаар тарьсан нь ургаад болж байгаа учраас ахиад олноор тарих ч боломжтой.
-МОНГОЛ АЙЛ ӨРХ БҮР ХАШААНДАА МОДТОЙ,
ГЭРТЭЭ ЭРҮҮЛ МОНГОЛ ЖИМС,
НОГОО ИДДЭГ БОЛООСОЙ-
-Зөвлөгөө авч, туршлага судлахыг хүсвэл ирж болох уу?
-Бололгүй яахав. Хүссэн үедээ ирээд зөвлөгөө авч, ирж үзэх боломжтой. Ганц хувь хүн ч гэлтгүй ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд ч гэсэн ирж туршлага солилцоосой гэж хүсдэг. Манайхан ер нь иймэрхүү тал дээр зарим нь их хаалттай санагддаг. Аль болох л хувь хувьдаа биеэ даагаад байдаг. Уг нь бидэнд зах зээлээ булаацалдаад өрсөлдөх хэмжээнд хүртлээ хамтдаа туршлагаа солилцоод явбал илүү үр дүнтэй юм уу даа гэж би хардаг. Жирийн айл өрх ч гэсэн хашаандаа жимсний мод тарьж болно шүү дээ. Гэртээ усан үзэм, интоор ч тарих боломжтой. Гол нь бид эхлүүлсэн бол заавал үр дүнг нь үздэг байх хэрэгтэй. Манайхан мод тарья гээд л тариад мартчихдаг. Тэгэлгүйгээр заавал модоо арчилж, ургуулж анхаарал тавьж байх хэрэгтэй. Ирээдүйд монгол айл өрх бүр хашаандаа модтой, гэртээ эрүүл монгол жимс, ногоо иддэг болоосой гэж хүсдэг юм. Энэ л миний мөрөөдөл. Үүний тулд бид хойш суух биш туршаад үзэх хэрэгтэй.
-Гадаа талбайд олон төрлийн мод ургаж байгаа харагдсан?
-Алим, лийр, интоор, бөөрөлзгөнө, үрэл, монос, чацаргана, үхрийн нүд, долоогоно, тэхийн шээг зэрэг мод ургаж байгаа. Түрүү жилээс зарим нь жимсээ өгөөд эхэлсэн. Алимны мод хамгийн их арчилгаа шаарддаг. Мэдээж тэвчээр, хүч хөдөлмөр шаардахгүй зүйл гэж юу байх вэ. Ямар ч байсан өнөөдөр эхлүүлсэн энэ ажил маань таван жилийн дараа гэхэд өгөөжөө бодитоор өгөөд эхэлнэ гэж боддог. Одооноос зорьж эхлүүлсэн нь л хамгийн чухал юм даа.
-Цаашид ямар жимс, ногоо тарих зорилготой байгаа вэ? Дотоодын зах зээлд борлуулж байгаа юу?
-Цаашид зорьсон ажлууд их бий. Гадил жимс ганцхан халуун оронд л ургадаг гэдэг бол дахиад хүлэмжтэй болж, ургуулж болох эсэхийг туршиж үзнэ гэж боддог. Болохгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Одоогоор дотоодын зах зээлд борлуулахад арай эрт байна. Яах вэ, эхний удаад иргэд ирж шууд хүлэмжээс шинэ ургац худалдаж авч байна. Гол нь цаашид бид заавал хятад хүнсний ногоо, жимс идэх шаардлагагүй гэдгийг ойлгож, дотоодын зах зээлээ өөрсдөө хангадаг болох юм.
Ийнхүү түүний хувьд монгол хөрсөнд ургуулсан нарийн ногоо, ховор жимсүүдээр дотоодын зах зээлээ хангах чин хүсэлтэй гэдгээ хуваалцаж байлаа. Одоогийн хүлэмж, жимс ногооны аж ахуйгаа зуун хувь хувийн хөрөнгөөр ажиллуулж өдийг хүрснээ ч хэлж байв. Төр засгаас тусламж хүсэх боломж гардаггүйг ч учирласан юм. Юутай ч эхний ээлжинд туршилтаар тарьсан жимс, ногоонууд нь амжилттай ургаж, үр шимээ өгч эхэлсэн учир цаашид үүнийгээ хүмүүстэй хуваалцаж, айл өрх бүрийг модтой, гэртээ жимс ногоо тарьдаг болгох хүсэлтэйгээ дуулгасан юм. Бидэнд хичээвэл идсэн жимснийхээ үрээс хэдэн ч төрлийн жимсний төгөлтэй болох боломж бий ажээ. 

No comments: