Thursday, February 25, 2016

В.Дамдинбал: Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хэрэг 11 жил сунжирлаа.

Хадгаламж зээлийн хоршооны хохирогч иргэн В.Дамдинбал : Улиг болтол яригдаж буй ХЗХ-ны хохирогчдын хэрэг өдгөө сунжирч явсаар 11 жил болж байна. Одоо ард түмний амьдралын төвшин их доошилж байгаа шүү дээ. Тэгэхээр биднийх бүр хэцүүдэж байгаа нь ойлгомжтой биз дээ. Яагаад вэ гэвэл, тухайн үед олсон багахан хөрөнгөө алдчихсан. Түүнийгээ авч чадахгүй өдийг хүрч байгаа болохоор улам их дарамт үүсгэж байна. Иймээс төр засгийнхан ард түмнийхээ төлөө ажилладаг л юм бол хуулиа хэрэгжүүлээч ээ. Хэд хэдэн хууль гаргалаа. Түүнийгээ хэрэгжүүлж өгөөч ээ гэж хүсч байна хэмээн ярьсан юм.
Хүний эрхийн хяналтын хорооны дарга О.Нацагдорж болон хадгаламж зээлийн хоршооны хохирогчид хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Тэд төр хохирогчдыг хууран мэхэлж байна хэмээсэн юм. Хадгаламж зээлийн хоршоод 2006 онд ээлж дарааллан дампуурлаа зарласнаас болж хадгаламж эзэмшигчид эд хөрөнгөөрөө хохирч байсныг та бүхэн санаж буй биз.
Тэд хохирлоо барагдуулахын тулд хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал, хууль хэрэгжүүлэх байгууллага болон бусад төрийн багууллагад хандсанаар хөрөнгийн 50 хувийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эргүүлэн авсан билээ. Харин үлдсэн хөрөнгө болох 15.6 тэрбум төгрөгийн хөрөнгийг улсаас битүүмжилсэн хэдий ч одоо хүртэл олгогдоогүй. Нийт 8301 хохирогчоос 6000 гаруй нь хохирлоо барагдуулаагүй, 51 хүн нас барсан, 228 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг тэд дуулгалаа. Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын зөвлөх Г.Нямдорж “Аливаа албан байгууллагад хуулийн дагуу Улсын дээд шүүхээс дампуурсан гэсэн шийдвэр гаргадаг. Гэтэл хадгаламж зээлийн хоршоодод тийм шийдвэр огт гараагүй байсан” гэлээ. Тиймээс ХЗХ-ны хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуулийн яаралтай хэрэгжүүлэхийг шаардлаа.



No comments: